Ойрхи дорнод 

Бейрутын нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасыг бөмбөгдлөө

Израилийн нисэх хүчин Бейрутын олон улсын нисэх онгоцны буудлын хөөрөх, газардах зурвасыг бөмбөгджээ. Нисэх буудлыг 15 минутын турш бөмбөгдөхдөө 10 пуужин тавьжээ. Ливаны цорын ганц олон улсын нисэх буудал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш нислэг хүлээж авахгүй байгаа юм.

Израиль улс Ливаны газар нутгийг тав дахь өдрөө бөмбөгдөж байна. Ням гаригт болсон Израилийн нисэх хүчний довтолгоонд 45 ливан иргэн амь насаа алдаж, 111 хүн шархаджээ. Ливан гаралтай Канадын таван иргэн Ливаны өмнөд хэсэгт төрөл саднындаа айлчилж байхдаа бөмбөгдөлтөд өртөж амь насаа алджээ.

Израилиуд Ливанд цэрэг дайны ажиллагааг эхлүүлснээс хойш 148 хүн амь насаа алдаж, 355 хүн шархаджээ.