Сүсэгтнүүдтэйгээ нүүр учрав
Манай оронд морилон ирээд байгаа XIV Далай лам сүсэгтний төлөөлөгчидтэй өчигдөр үдээс өмнө Гандантэгчинлэн хийд дээр уулзав. Мэгжиджанрайсаг бурхныг залсан өндөр сүмийн өмнөдөд нөмөр, сүүдрэвч бүхий сэнтий тусгайлан бэлтгэсэн байсан ч түүн дээр суусангүй.
Зогсч байгаад, дуу чангаруулагчийг өөрөө барьж байгаад цөөн үг хэлэв. Түвд, англи хэлний алинаар нь ч хэлж байсан.
Анх 1979 онд Монголд хөл тавьснаас хойш би танайд хэд хэдэн удаа ирлээ. Одоо мөн та бүхэнтэй уулзаж байгаадаа их баяртай байна. Түвд, монголчууд номын барилдлагатай зон. Ардчиллын замыг сонгож авснаасаа хойш Монгол орон их өөрчлөгдөж байна. Шашин, соёлоо ч өөд нь их татаж байна. Ер нь нутаг орноо хөгжүүлэх дэвжүүлэх нь ард түмний үүрэг, тэдэнд оногдсон хувь тавилан байдаг.
Бас ард түмний сэтгэл, зүтгэлийн үр дүн байдаг. Тийм болохоор Монгол Улсын хувь заяа энд цугласан олон түмэн та нараас хамааралтай. Та нарын хичээл зүтгэл их чухал. Та нар их эзэн Чингисийн үр сад. Та нарын судсаар тэр аугаа хүний цус гүйж буй.
Тэр хүн их эр зоригтой нэгэн байсан. Түүний эр зориг ч та нарт бий. Гэхдээ тэр цагийн хурдан морь, хурц зэвсгийн оронд орчин цагийн эрдэм боловсрол та нарын зэвсэг болно. Уламжлал, одоо цагийн боловсрол хоёрыг хослуулах хэрэгтэй. Гэмт хэрэг, муу явдал нэмэгдэх нь уламжлал ёс заншлаа мэдэхгүй, хадгалахгүй байгаатай холбоотой. Энэрч нигүүлсэхүйн ариун ёс уламжлал дотор буй.
Түвдүүд энэрэл нигүүслийг илүү эрхэмлэдэг нь уламжлалт соёлоо хадгалж үлдсэнээс нь эхтэй. Бурхны шашин, сургааль дэлгэрэхээс өмнө тэд нэлээн зэрлэг мэт байсан гэдэг юм. Шашны ном, сургууль нэвтэрснээс хүлцэнгүй болсон.
Уламжлал, шинэчлэлийг хослуулснаар нэгэн гэр бүлийн дотор ч эв найр бүрэлддэг гэсэн агуулгатай үг тэрбээр хэлээд маргааш (өнөөдөр), нөгөөдөр (маргааш) дээдийн номын сургааль хэлэхэд дахин уулзацгаая гэв.
Өчигдөр өглөө Далай ламыг Гандан дээр очиход сүсэгтэн олон нэлээн цугласан байв. Хийдийнхэн бүрээ бишгүүрээ дуугарган, сэрдэн дэвсэж, сэмбэрэмтэйгээр угтлаа. Энэ нь шашны зан үйл бөгөөд дээд хүндэтгэлээ үзүүлж буй нь аж. Дээрхийн гэгээнтэн Гандантэгчинлэн хийдийн Гандан дуганд нэлээн удаан саатав.
Энд манай лам нар түүнд зориулж мандал өргөсөн юм. Дараа нь өмнөх Далай лам нь морилж байсан Дэдон повран (дуган)-д залрав.
Р.Жаргалант

