Шинэ троллейбус аяны замд гарлаа
Манай иргэд өөрсдийн гараар бүтээсэн троллейбусаар уржигдраас эхлэн зорчиж эхэллээ. Тэнгэрийн цэнхэр өнгөтэй “JEA800” нь дулаахан, тохилог, мөн шугамнаас гарч болох юм байна.
Тэр дундаа хотын төвд замын түгжрэл их үүссэн үед шинэхэн троллейбус маань шугамнаас гарч 3-10 км замыг туулах бүрэн бололцоотой аж. Цахилгаан тээвэр компанийнхан өнгөрсөн бямба гаригийн морин цагт ёслол төгөлдөр өөрсдийн гараар өлгийдсөн анхны “хурдан унаа”-г алтан шар замд гаргасан. Анхны зорчигчид нь хэвлэл мэдээллийнхэн болон Зам тээвэр, аялал, жуулчлалын яам, кондукторууд байв.
Ерөнхий сайд анхны зорчигч болох байсан ч ажилтай гээд хүрэлцэн ирж амжсангүй. Нэгэн кондуктор бүсгүй анхны билет гэж бэлгэшээн тасалбарынхаа ард энэ өдрийн он сарыг бичиж хадгалж байгаа харагдсан. Дотоодын хүч бололцоогоо ашиглан ийм тээврийн хэрэгсэл бүтээсэнд олон хүн баяртай байсан. Троллейбус гэхэд салхи татуулан хурдлан давхих “JEA800” нь манай улсад төдийгүй олон улсын хүрээнд шинэ стандартыг бий болгожээ.
Актлагдсан орос автобусны арамыг ашиглаж дэвшилтэт техник технологийг нэмж үүнийг бүтээжээ. Нэрнээсээ эхлээд утга учиртай. “JEA800” нь Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайхан, ерөнхий инженер С.Эрдэнэтовч, цахилгаан хангамж троллейбусны засварын албаны дарга Ч.Ариунбат нарын нэрний эхний үсгээс үүдэлтэй. 800 гэдэг нь Их Монгол Улс байгуулагдсан ойн хүрээнд бэлгэдэж нэрийджээ. Хуруу хумсаа хугалан байж Цахилгаан тээвэр компанийнхан 60 гаруй сая төгрөгийн өртгөөр үүнийг хийж чадсан.
Хэрэв гаднаас ийм хүчин чадлын троллейбус авчирвал 250 орчим ам.доллар юм байна. Цаашид эх орондоо хийх бүрэн боломжтой. Сэлбэг хэрэгсэл нь ч бий. Гагцхүү хөрөнгө мөнгөний асуудал түвэгтэй байгаа гэнэ. Юутай ч Нийслэлийн төсөвт 10 ийм троллейбус хийх мөнгийг суулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг илгээгээд байгаа аж. Цахилгаан тээвэр компанид төрөөс олгох татаасаа бүрэн гүйцэд өгдөггүйгээс санхүүгийн хүндрэлтэй байдалд ордог талаар ярьсан.
Хэрвээ төрөөс манай компанийг дэмжсэн бодлого явуулбал бид байгаль экологид хор нөлөөлөлгүй үнэ хямд тохилог унаагаар иргэддээ үйлчилж чадна гэдгээ ам бардам хэлэх. Үнэхээр бензин шатахуун хэрэглэдэггүй эрчим хүчээр явдаг троллейбус манайд олон байвал сайнсан. 124 хүн тээвэрлэх боломжтой. Дотроо 31 суудалтай. Хуучин троллейбустай харьцуулвал:
- эрчим хүчний зарцуулалт 40 хувь буурсан
- цахилгаан хөдөлгүүрүүдийн дуу чимээ байхгүй болсон
- зорчигчдын тав тухыг хангасан 14 инчийн зурагт, стеро хөгжимтэй
- зааланд нэмэлт халаагуур тавьсан дулаахан
гэх мэт давуу талууд бий гэж зохион бүтээгчид ярьж байв. Анхны жолооч болох Д.Батсайхан, М.Төмөрбат нар сэтгэгдэл өндөр байв. Цагаан бээлий, дүрэмт хувцас саравчит малгай духдуулсан тэднийг харахад олон нийтэд үйлчлэх хүмүүс ийм баймаар юм даа гэж бодогдсон. Аль 19 жилийн өмнө анхны улаан троллейбусыг ОХУ-аас хүлээн авч байсан бол өдгөө цэнхрийг Монголчууд өөрсдөө бүтээлээ. “JEA800” ханын материалаас офицеруудын ордон II номерын чиглэлд явж эхэллээ.
Банзрагчийн Долзодмаа

