Төсвийн 0.35 хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулдаг
Монгол Улс тесвийнхөө 0.35 хувийг шинжлэх ухааны салбартаа зардаг гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд С.Төмөр-Очир Шинжлэх ухаан технологийн хуулийн шинэчилсэн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг шийдэх үеэр хэлэв.
Мөрдөж буй хуульд төсвийн 1.5 хувийг зарахаар тусгасан байдаг ч саяхныг хүртэл 0.19 хувиар эрдэмтдээ "хооллож" иржээ. Шинжлэх ухааны төслийн үр ашгийн 15 хувийг хэрэгжүүлэгч болон шинжлэх ухаан, технологийн сан хүртэх хуулийн заалт хэрэгжиж буй эсэх нь судалгааг төрөөс санхүүжүүлэх ашигтай юу хэмээн гишүүдийг асуухад хүргэж байна. Харамсалтай нь өчигдрийн хурал дээр хуулийн шинэчилсэн төслийн ажлын хэсэг тодорхой хариу өгч чадсангүй.
Дэд сайд С.Төмөр-Очирын тайлбарласнаар шинжлэх ухааны судалгааг төслийн, суурь, графикт гэсэн гурван хэлбэрээр санхүүжүүлдэг бөгөөд тулгамдсан асуудлын судалгаа дуусмащ дараагийн судалгаа руу ордог гэлээ. Харин С.Ламбаа гишүүн судалгаанууд тасралтгүй үргэлжлэх ёстой гэсэн байр суурьтай байв. Тэрээр "Төсөл нь дуусахаар эрдэмтэд гудамжинд гарч байна.
Үүнд төр ямар бодлого баримтлах ёстой вэ" гэж асуулаа. Харин суурь судалгаа байнга үргэлжилдэг бөгөөд Шинжлэх ухаан технологийн үндэсний төв төсвийнхөө 27 хувийг суурь судалгаанд өгөхөөр тусгасан байдаг гэлээ. Шинжлэх ухааны академийн статус ч УИХ-ын гишүүдийн ярианы сэдэв болж байна. Шинжлэх ухааны академи байгуулах заалт мөрдөж буй хуульд байгаа бөгөөд харин шинэчлэн найруулсан төслөөр байгуулж болох заалтыг хоригложээ.
Жишээлбэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны академийг академич П.Нямдаваа байгуулан ажиллаж буй бол түүний дэд сайдаар ажиллаж байсан Н.Удвал мөн л нэг академи байгуулжээ. Эдгээрийн чухам аль нь Шинжлэх ухааны академид харьяалагдах, мөн анагаах ухааны хүрээлэнгүүд нь жижиг академидаа багтах уу, эсвэл Шинжлэх ухааны академидаа харъяалагдах уу гэх мэт эргэлзээтэй асуудал хууль тогтоогчдын толгойг өвтгөж эхэллээ.
С.Мөнх

