Улс төр, Нийгэм 

Ирэх онд 37 мянган ажлын байр шинээр бий болгоно

УИХ-ын баасан гаригийн хуралдаанд Ерөнхий сайд М.Энхболд Засгийн газраас хөдөлмер эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлж байгаа болон цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. "Ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн худалдан авах чадварыг сайжруулах, эмзэг бүлгийг ядуурлаас хамгаалах, өрх гэрийг дэмжин тэтгэх, дундаж орлоготой хэсгийн хувийн жинг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ" гэж Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр дараах ажлыг хийсэн аж.

Ерөнхий сайд М.Энхболд "Ажилгүйдлийг багасгаж, ажлын байр нэмэгдүүлэх, ажилд зуучлах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, жижиг зээл олгох зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлж ирлээ. Эдгээрийн үр дүнд 2006 оны гурав дугаар улирлын байдлаар 37 мянган ажлын байр шинээр бий боллоо. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ажилгүйдлийн төвшин 3.4 хувь болж, 0.1 хувиар буурсан. 2005 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 3.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2006 оны аравдугаар сард 5.7 тэрбум төгрөг Төвлөрүүлсэн байна.

Мөн энэ оны эхний арван сарын байдлаар 14 мянган иргэнийг 32 төрлийн мэргэжлээр сургалтад хамруулж, 52 хувийг нь ажлын байраар хангасан байна. Жижиг зээлийн хүү 1.52.0 хувь байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2796.7 сая төгрөгийн зээл олгосноор таван мянга гаруй хүнийг ажлын байртай болгожээ.

Өнөөгийн байдлаар нийт 13.4 мянган иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр болон үйлдвэрлэлийн дадлагажигчаар БНСУ, Япон, БНЧУ, БНУУ, Тайвань зэрэг улс руу илгээсэн байна. Манай улсад 12.2 мянган гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна" гэж мэдээлэл хийв. Мөн тэрээр ирэх онд хэрэгжүүлэх ажлын талаар "2007 оныг бүхэлд нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хөгжлийн жил байхаар, хөдөлмөр эрхлэлтийг цогц бодлогоор дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх он болгохоор зорьж байна.

Шинэ онд хөрөнгө оруулалтад 340 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөлөө. Үүнээс Монгол Улсыг хөгжүүлэх сангаар дамжуулан 217 тэрбум төгрөг зарцуулна. Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр 19.5 тэрбум, Хөрөнгө оруулалт хөгжлийн санд 7.5 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд тэрбум, Мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэхэд хоёр тэрбумыг тус тус зарцуулна. 2007 онд жижиг, дунд үйлдвэр, боловсруулах салбар, ялангуяа мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, "40 мянган орон сууц" хөтөлбөр зэрэг барилга, замын салбарын хөгжлийг дэмжсэнээр 37 мянган ажлын байр бий болгоно" гэв. Ерөнхий сайдын мэдээллийг сонсоны дараа гишүүд асуулт асуусан юм.

УИХын гишүүн З.Энхболд:

Гадаад руу явуулж буй, гадаадаас авч ажиллуулж буй ажилчдын тоо бараг адал байна. Ирэх онд бий болгох 37 мянган ажлын байр түр ажлын байр уу?

Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайд Л.Одончимэд:

Монгол ажиллах хүч нь илүү гарсан орон биш л дээ. Гэхдээ эрүүл, чийрэг хөдөлмөрийн насны, өндөр мэргэжилтэй хүн цөөхөн бий. Гадаадын оронд ихэвчлэн өндөр мэргэжил шаардахгүй ажил хийж байна. Гадаад руу ажиллахаар гарч байгаа нь цалин өндөр байдагтай холбоотой. Төр өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарах байр суурьтай байгаа. 37 мянган ажлын байрны хувьд төвийн болон эдийн засгийн бүсд ажлын байр бий болгох зөвлөлгөөнийг арванхоёрдугаар сарын 5ны өдөр хийх гэж байгаа. Эрдэнэт, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэд ажлын байр бий болгохыг зорьж байна.

З.Энхболд:

Л.Одончимэдсайдын хариулт хангалтгүй байна. Ажилдаа гүнзгий ороогүй байна. Асуудлын гол нь гадаадынхан өндөр цалинтай учраас манайд ирж ажиллаж байна. Харин манайхан эндээ өндөр цалин авч чадахгүй байгаагаас гадаад руу ажиллаж байгаа. 2007 онд их бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ энэ бүтээн байгуулалтыг хийх явцдаа монгол иргэд ажлын байртай болох ёстой.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

Уул уурхайн салбарт өндөр цалинтай ажлын байр олноор бий болгох боломжтой. Нийт ажиллагсдын 10аас илүүгүй хувь нь гадаадынхан байхыг хуулиар зевшөөрдөг. Оюу толгойд нийт ажиллагсдын 10 гаруй хувь нь гадаадынхан байгаа хэрнээ цалингийн сангийн тавь гаруй хувийг тэдэнд зориулдаг юм билээ. Энэ тал дээр хяналт байна уу?

Л.Одончимэд:

Хөдөлмөрийн яам хяналт тавьдаг. Энэ онд 22 мянган хятад барилгачин ирж ажилласан судалгаа гарсан. Тэд 30 хоногийн аялал жуулчлалын визээр орж ирээд, барилгаа барьчихаад гараад явчихдаг. Манай талаас Хятадын хөдөлмөрийн яамтай хийсэн гэрээ байхгүй. Он гараад энэ талын гэрээ хийхийг зорьж байна. Гэрээгээр манай ажилчдыг дагалдуулан сургах хэмжээний өндөр мэргэжилтэй хүмүүсийг авч ажиллуулна гэж тусгахыг зорино.

УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа:

Ажлын байр бий болгох сангийн 500 сая төгрөг "Анод" банкинд нэг жил болсон хэрнээ зохих хүмүүстээ очоогүй. Гол шалтгаан нь зээл хүссэн хүмүүс барьцаа хөрөнгө байгаагүй гэсэн. Энэ үйл явц дахин давтагдах вий?

Ерөнхий сайд М.Энхболд:

Гол нь зээлийн хүүнд анхаарах бодлогыг барьж ажиллана. Хүүг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гаргаж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үндсэн зээлээ төлж байх дээр. Асуулт, хариултын дараа гишүүд Засгийн газрын тэргүүнд хандаж санал хүсэлтээ хэлсэн юм. Шадар сайд М.Энхсайхан хөдөө ор6Й'нутагт энэ ондоо багтааж тавихаар төлөвлөсөн олон суваг хүлээн авагчийн талаарх мэдээллийг танилцуулсан юм. Тэрээр "БаянӨлгий, Увс руу 30 станц ачуулсан. 60 станц гааль дээр байгаа.

Энэ сарын 20-ны дотор 100 станцыг зүүн аймгаар суурилуулахаар ажиллаж байна. 2.9 тэрбум төгрөг Сангийн яаманд байршиж байгаагаас 40 хувийг нь авч хэрэглэсэн. Зарим аймагт станцын хүчин чадлыг нэмэх, зарим төлөвлөөгүй газарт нэмж суурилуулах шаардлага гарсан. Тиймээс төсөвлөөгүй байсан 300 сая төгрөг нэмж олох шаардлага гарсан" гэв. УИХын гишүүн Ц.Сүхбаатар "Хөдөө дөрвөн суваг, хотод 12 суваг хүлээж авах станцыг Хятадаас оруулж ирж байгаа гэсэн. Суваг нь гарахгүй байх вий дээ" гэж хаширлаж байсан бол УИХ-ын гишүүн С.Ламбаа "Өнгөрсөн онд гишүүдийн халаасалсан гээд байгаа зуун саяын хэдийг нь үүнд авсан юм бэ" гэж лавлаж байв.

Г.Хишиг