Монголын тулгар төрийн үнэт зүйлс
Б.Мөнхзаяа
ШУТИС - УУИС
Хураангуй
Өнөөг хүртэл бидэнд уламжлагдан ирсэн бичиг дурсгалын зүйл баттай баримтаар бол Чингис хааны төрийн үзэл, бодлого Их Монгол улсын үеийн улс төрийн үзэл санааны тойм байдал зэрэг нь нилээд илэрхий байдаг. Энэ нь Монголын уламжлалт төрийн үзэл баримтлалын суурийг тавьж, түүнийг илүү тодоор илэрхийлж байсан юм. 13 зууны эхэн үе Их Монгол улсыг байгуулах үеийн улс төрийн үзлийн дотор овог аймгуудын тархаа бутархай байдлыг арилган нэгдсэн улсыг байгуулах үзэл, эв нэгдлийн үзэл санаа тэргүүн байранд тавигдаж байсан.
Монголын Нууц Товчоонд нэгдэл нягтралын үзлийг хамгийн голд тавьж, Монголчуудын нэг нэгдмэл байхын чухлыг гарал үүсэл, үзэл баримтлал, цэргийн бодлого, ахуй соёл бүх талаар үзүүлсэн байдгаараа Монголын Нууц Товчоо нь Монгол туургатны эв санааны дуулал болсон юм.
Нэгдсэн төрийг бэхжүүлж, хөгжүүлэх үзэл санаа Их Монгол улсын нийгэм, улс төрийн хамгийн эрхэм гол үзэл байсан юм.
Чингисийн “Их засаг” хууль “Билиг сургааль” хоёр нь нэгдсэн улсын үеийн төр нийгмийн зохион байгуулалт, захирах захирагдах хатуу ёсны хууль зүйн хийгээд зан суртахууны нэгдмэл зарчим болж байсан юм.
Түлхүүр үг: Их хаан, хууль цааз, газар нутаг, төрийн бодлого, шашин, соёл
Оршил
Барагцаалбал 3000 жилийн тэртээгээс магад ч үгүй тэрнээс өмнө Монгол нутагт өвөг дээдэс минь оршин амьдарч хөдөлмөр тэмцлээрээ түүхээ алгуурхнаар бүтээж ирсэн байна. Чухам ингэж Монголчуудын өвөг дээдэс бусад ард түмнүүдийн нэгэн адил түүхэн тодорхой орон зайд улс гэрээ өөд татан тохижуулсаар өдий зэрэгт хүрсэн юм.
Би энэ илтгэлдээ 13 зууны үед Чингис хаан Их Монгол улсын тулгар төрийг байгуулахад ямар улс төрийн бодлого, ямар үзэл санаа, хууль цааз зэргийг хэрэглэж байсан талаар оруулахыг хичээсэн юм.
Ер нь тэр үеийн Монголчууд нэгдмэл улсын бүрэлдэхүүнд амьдрах хувь тавилан, нөхцөл бололцоогоор ерөнхийдөө хангагдаж, аж ахуй, нийгэм улс төр, соёл, хэл, ёс заншлаараа нэгдмэл Монгол үндэстэн бүрэлдэн тогтсон байсан юм. Тулгар төрийн үнэт зүйл гэсэн сэдвийг хөндөхийн тулд анх Монголын тулгар төр байгуулагдсан үеийн улс төрийн бодлого, үзэл санаа, хууль цааз зэргийг судлан тавих нь зүйн хэрэг гэж бодож байна.
Азийн эртний сурвалжит Монголын ард түмэн энэ үед хүн төрөлхтний түүхэнд ул мөрөө хамгийн гүн үлдээсэн юм.
Судалгааны хэсэг
Өнөөг хүртэл бидэнд уламжлагдан ирсэн бичиг дурсгалын зүйл баттай баримтаар бол Чингис хааны төрийн үзэл, бодлого Их Монгол улсын үеийн улс төрийн үзэл санааны тойм байдал зэрэг нь нилээд илэрхий байдаг. Энэ нь Монголын уламжлалт төрийн үзэл баримтлалын суурийг тавьж, түүнийг илүү тодоор илэрхийлж байсан юм. 13 зууны эхэн үе Их Монгол улсыг байгуулах үеийн улс төрийн үзлийн дотор овог аймгуудын тархаа бутархай байдлыг арилган нэгдсэн улсыг байгуулах үзэл, эв нэгдлийн үзэл санаа тэргүүн байранд тавигдаж байсан.
Монголын Нууц Товчоонд нэгдэл нягтралын үзлийг хамгийн голд тавьж, Монголчуудын нэг нэгдмэл байхын чухлыг гарал үүсэл, үзэл баримтлал, цэргийн бодлого, ахуй соёл бүх талаар үзүүлсэн байдгаараа Монголын Нууц Товчоо нь Монгол туургатны эв санааны дуулал болсон юм.
Нэгдсэн төрийг бэхжүүлж, хөгжүүлэх үзэл санаа Их Монгол улсын нийгэм, улс төрийн хамгийн эрхэм гол үзэл байсан юм.
Чингис хаан төрийг хүчтэй байлгахын тулд төрийн хэргийг зөв шударгаар явуулах, төр өөрөө иргэн бүрийнхээ итгэл, хүндэтгэлийг хүлээж, сэтгэл эрмэлзлэлийг нь нэгэн жолоонд зангидаж чадсан байх, нөгөө талаар иргэн бүр төрөө хүндэтгэн бэхжүүлэхэд хүчин зүтгэдэг байхыг нэн тэргүүнд тавьж байсан. Ингээд нэг талаас төр нэгдмэл хууль цаазтай, шударга байх, нөгөө талаас ард олон хуулиа даган төрөө бэхжүүлэхэд хүчин зүтгэх – энэ хоёр хүчин зүйлийн барилдлагат шүтэлцээнд Монголын төр тулгуурласнаар бэхжин мандсан түүхтэй.
Чингис хааны эрхэм зорилго нь эзэн хааны тэнгэрлэг чанараар явж, төрийг шударгаар барих, тулгар төрийн төлөө ямагт чармайн зүтгэлийг гаргаж цалгардуулахгүй байх, төрийн хэрэгт зөв хүнийг сонгон хэрэглэж мэргэн сайд нарынхаа зүтгэл, зөвлөгөөнд тулгуурлаж байх уужим бодлогоор олныг биедээ татах, аливаад хэтрүүлэх, дутахаас болгоомжлон хэмжээ зохисыг олж байх зэрэг олон шинжээр илэрч байв. Энэ бүхэн Монголын төрийн бодлого улс төрийн үзэл баримтлалын чухал зарчим болон хойч үедээ уламжлагдсан юм.
Төрийн үйл хэрэгт төв шударга байх нь нэн эрхэм юм.
Шударга байх гэдэг нь тухайн үеийн нийтийн үнэлэмжтэй холбоотой байх нь мэдээж хэрэг юм. Гэхдээ үүнд хүн төрөлхтөний ёс суртахуун, иргэншлийн түгээмэл чанар бүхий эерэг үнэт зүйлийг шударга ёс өөртөө заавал багтааж байдаг. Их Монгол Улс, нэгдсэн гүрэн тогтнож байх үед бол эзэн хаандаа үнэнч байх нь төрд үнэнч байх, шударга байхын агуулга болж байсан юм. Нөгөө талаас эзэн хаан түүний төр нь бусдыг өөртөө дагуулах түмний сэтгэлийг хураах чанарыг биедээ агуулах нь чухал байжээ.
Төр хүчтэй байхын нэгэн тулгуур үндэс нь төрийн хуулийг нийтээр чанд мөрдөх явдал юм.
Их Монгол Улсын төрийн байгууллын содон шинж нь төрийн хуулийг даган хаан эзнээс эхлээд харц ардаар дуустал бүгд нэгэн адил даган биелүүлдэг түүнийг гүнээ хүндэтгэн үздэг чанар болно. Хууль цаазыг нийтээр дээр дооргүй адил даган мөрдөж, гүйцэтгэдэгтэй уялдан “Төр төмөр нүүртэй” гэсэн Монгол хэллэг гарчээ. Энэ бол төр бол хуулиа л ёсчлон барина, хууль л ямар бол түүнийг дагаж гүйцэтгэнэ. Үүнд: Ая тал засах, ялгах, төрсөн биеийн махан нүүрийг харгалзан үзэх зүйлгүй гэсэн санаа юм.
“Төрийг тэргүүлэн буй эзэн гэдэг төрийн өмнө, улсын өмнө, олон иргэдийнхээ өмнө асар их үүрэг үүрч, төрийг амь амьдралаа болгож, байнга хичээл зүтгэл гаргах ёстой” гэдэг бол Чингис хааны төрийн үзлийн амин сүнс юм.
Монголын Нэгдсэн гүрэн байгуулагдах үед Чингис хаан захирах, захирагдах нарийн дэг журамт тогтолцоог бий болгож, өрлөг жанжин, ноёд түшмэд зэрэг төрийн зүтгэлтэн нарын хувьд Монголын уламжлалт нөхрийн ёсыг ашигласан юм. Нөхрийн ёс нь санаа адил, ёс адилыг үндэс болгон харилцан үнэнч байхад тулгуурласан агуу хүнд журам байсан юм.
Их Монгол Улсын үеийн төрийн зүтгэлтэн нар амин хувийг огтхон ч бодохгүй төрийн хэргийг онцгой чухалчилж, тулгар төрийг хайрлан бэхжүүлэх байр сууринаас бүхнийг үнэлэн цэгнэж түүнд хамаг бүхнээ зориулж байсан. Бүгд төр улсаа урьтал болгож байснаар улс орон мандан бэхжиж байсан гэж үзэж болно.
Монголын нэгдсэн төр зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр тогтож байсангүй, түүнийг ёс суртахуун, үзэл санааны хүчин зүйлээр бэхжүүлж өгөхийг онцгой анхаарсан бодлого баримталж байв. Чингис хаан болон түүнийг хүрээлсэн төрийн ба цэргийн зүтгэлтнүүд төрийн бодлогод суу залийг нэгтгэн барих, ухааны гүн, сэтгэлийн уужмаар хандахыг онцгойлон үзэж байсан. Иймээс:
Бие бөх бөгөөс ганцыг ялюу
Сэтгэл бөх бөгөөс олныг ялюу гэж Их хаан сургажээ.
Овог овгийн хүмүүс чухам юу бодож сэтгэж байдгийг олж мэдэх, эзэлсэн аймаг харь улсуудын аж байдлын эх сурвалжыг хөндөлгүй хадгалах зан заншил шашин шүтлэгийг хүндэтгэх нь чухал гэж үзэж байсан байна. Ер нь хүний дагуулна гэдэг сэтгэлийг дагуулахын нэр, сэтгэлийг алдваас бүгдийг алдана гэж Чингис хаан үзэж байсан.
Энэ бүхэн нь төрийг хууль цаазын зэрэгцээ сэтгэл оюуны хүчээр хамтатган барьж төвшитгөх улс төрийн бодлого, үзэл санаа байлаа. Чингисийн “Их засаг” хууль “Билиг сургааль” хоёр нь нэгдсэн улсын үеийн төр нийгмийн зохион байгуулалт, захирах захирагдах хатуу ёсны хууль зүйн хийгээд зан суртахууны нэгдмэл зарчим болж байсан юм.
Дүгнэлт
Тулгар төрийн үнэт зүйл гэхээр 13 зуунд Монголын нэгдсэн тулгар төр байгуулагдсанаас хойших өдийг хүртэл бүтээсэн бүхий л үнэт зүйл ормоор…
Энэ үнэт зүйлс дотроо олон зүйлийг дурьдаж болно.
Жишээлбэл:
1. Газар нутаг
2. Мал сүрэг
3. Хууль цааз
4. Төрийн бодлого
5. Шашин
6. Соёл гэх мэт төр улсын үнэт зүйлүүдийг дурьдаад байвал тоочоод барахгүй.
Харин миний хувьд манай Тулгар төрийн хамгийн үнэт зүйл бол Чингис хаан юм. Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ эзэн Чингис хүргэсэн. Монголчууд даруухан түүх шастиртай, улс мөрлтөө Монгол гэдэг нэрийн доор бууран доройтохын гунигийг амсаж, хүчирхэгжин мандахын буяныг эзэлж явжээ.
Зохиогчийн тухай
Боржигон овгийн Баттөмөрийн Мөнхзаяа нь 2005 онд ШУТИС-ийн УУИС-ийн Уул уурхайн маркшейдерийн ангид элсэн орж 2 дахь жилдээ амжилттай суралцаж байна.
Удирдагч багш: Х. Ариун-Эрдэнэ

