Цэвэршилтийн үед дааврын эмчилгээ хийлгэх нь дээр
Манай сонины пүрэв гариг бүрийн дугаарын энэ буланг П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын эмч, анагаах ухааны доктор Б.Болдсайхан хөтлөх болно. Та асуу, эмч хариулаг.
- Даралт ихсэхэд дибазол авч уух нь зөв үү?
- Дибазол бол даралт, зүрхний эм биш. Сүүлийн 20 жилд хэвлэгдэж гарсан бүх сурах бичиг, номд дибазол гэдэг нэртэй эм байхгүй. Харамсалтай нь, дээр үеийн практикаас манай эмч нарт үлдсэн нэг ийм эм бий. Тэгэхээр эн тэргүүнд даралтаа үзэж, ихэссэн, багассаныг мэдэх хэрэгтэй. Хэрэв даралт ихэсвэл бууруулах энгийн бөгөөд аюулгүй эм хэрэглэж байх хэрэгтэй. Атенолол, каптоприл, тиазид, нифедепин зэрэг эм бий. Даралтын эм уунгуутаа буулгах гэж оролдох хэрэггүй. Даралт нь 160 байна гээд дибазол тарьж, 120 болговол толгой нь эргээд унана. Ийм тохиолдол их элбэг гардаг. Огцом биш, аажмаар буулгах хэрэгтэй.
- Цэвэршилтийн үед зүрхэнд ямар өөрчлөлт ордог вэ. Энэ үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?
- Практик дээр бидэнд үзүүлэх гэж ирж байгаа арван эмэгтэйн долоо нь энэ насны эмэгтэйчүүд байдаг. Цэвэршилтийн үед зүрхэнд өөрчлөлт ордог. Биеийн бүх эрхтэн системд төдийгүй, зан ааш, оюун ухаанд ч өөрчлөлт гардаг. Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед ямар арга хэмжээ авах ёстойг эмч нар тэр бүр мэдээлдэггүй учраас мэддэггүй. Дааврын эмчилгээ хийлгэх нь дээр. Тэгэхгүй бол хамгийн түрүүнд зүрхний титэм судас нарийсч, зүрх өөхөлж эхэлнэ. Мөн яс сийрэгшинэ, амархан хөгширнө гээд үр дагавар ихтэй.
- Ялихгүй юмнаас цочир уурлаж, өөрийгөө хянаж чадахаа болих нь зүрхний өвчин мөн үү?
- Зүрхний өвчин биш. Энэ нь зан авир, сэтгэцийн өөрчлөлт. Хоёрдугаарт, бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэссэн иодын дутагдал, багадалттай үед ийм шинж илэрдэг. Гар хөл хөлрөх, салганах, зүрх амархан дэлсэх, уйлах, уцаарлах нь ялангуяа эмэгтэй хүмүүст их тохиолддог. Тийм учраас юуны түрүүнд бамбайгаа үзүүлж, дараа нь мэдрэлийн эмчид үзүүлж, хэрэв зүгээр гарвал зүрхний эмчид үзүүлэх нь зүйтэй.
- Өглөө гүйх нь шөнө амарсан зүрхэнд муугаар нөлөөлдөг гэж үнэн үү. Ер нь нэг удаа гүйхдээ хэдэн км гүйвэл болох вэ?
- Миний ойлголтоор орой гүйвэл илүү дээр. Учир нь, өдөржин хуримтлагдсан уур уцаар, стресс, мөн суугаа хөдөлгөөнгүй байдлаас хуримтлагдсан бүх бодисыг гүйж шатааж байгаа гэсэн үг. Орой гүйх боломжгүй бол өглөө гүйхэд ч муугүй. Гүйлт ихдэнэ гэж байхгүй. Болдог бол 20-30 км гүйсэн ч ихдэхгүй.
- Зүрхний титэм судасны нарийсалт юунаас болдог вэ. Эмчлэх арга мэс заслаас өөр бий юү?
- Зүрхний титэм судсыг нарийсалд хүргэдэг хүчин зүйлийг олон сая хүн дээр хийсэн нарийн судалгаагаар тайлбарлаж болно. Эн тэргүүнд биед байгаа өөх, тосны хэмжээ ихсэх юм. Хориотой хоол идэх, хөдөлгөөн багасах, хоолоо шингээж чадахгүйд хүрэх, мөн стресс ихтэй байх, тамхи татах зэрэг нь зүрхний титэм судас нарийсахад нөлөөлдөг. Нарийсалт нь 70 хүртэл хувь байвал эмээр эмчилж болно. Харин 70-аас дээш болбол мэс заслын аргаар эмчлэхээс өөр аргагүй. Тэгэхээр аль судсанд, хэдий хэмжээний урттай, хэдэн хувийн нарийсалттай байгааг нарийн тогтоолгох ёстой. Yүнийг манай эмнэлэг дээр хийлгэж болно.
- Зүрхний өвчнийг нарийн оношлох аппарат байдаг гэж сонссон. Энэ аппаратыг танай эмнэлэгт тавьдаг уу. Мөн ийм аппарат тавиулсан үед ямар дэглэм баримтлах вэ?
- Зүрхний хэм алдалтыг тодорхойлох 24 цаг зүүдэг аппаратыг ярьж байх шиг байна. Энэ аппаратаар далд хэлбэрийн хэм алдалтыг тодорхой тогтоодог. Энгийн зүрхний бичлэг хийлгэхэд 30 минут зарцуулдаг бол энэ аппаратыг 24 цаг зүүснээр нэг секунд ч үлдээлгүй бүтэн өдөр, шөнийн турш таны зүрхний үйл ажиллагааг хянах юм. 24 цаг хүнд юу эс тохиолдох вэ. Уурлах, баярлах, шатаар өгсөх зэрэг ачаалалтай үе болон энгийн үед зүрх хэр ажиллаж байгааг мэднэ. Уг аппаратыг тавиулсан үед ямар ч дэглэм баримтлах шаардлагагүй. Миний мэдэхээр, ийм аппарат Олимпийн хороо, клиникийн төв эмнэлэг, бас нэг хувийн эмнэлэгт байдаг. Манай эмнэлэгт байхгүй.

