Нүүрсний ордыг түшиглэж нүүрсний уурхай, цахилгаан станц байгуулна
Нялга-Чойрын бүс нутгийн нүүрсний ордыг түшиглэн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогцолбор байгуулж, БНХАУ-д цахилгаан экспортлох төслийн урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэлийн /ТЭЗҮ/ судалгааны тайланг Засгийн газрын гишүүдэд тарааж танилцуулсныг хэлэлцлээ.
Үүнтэй холбогдуулан Шивээ-Овоод нүүрсний уурхай, цахилгаан станцын цогцолбор барьж, БНХАУ-д цахилгаан эрчим хүч экспортлох төслийн бүрэн хэмжээний техник-эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг зохих журмын дагуу 2007 онд хийж гүйцэтгэхийг Түлш, эрчим хүчний яам /Б. Эрдэнэбат/-д даалгалаа.
Шивээ -Овоогийн нүүрсний уурхайг байгуулахад хөрөнгө оруулалтын нийт тооцоо нь 482.45 сая ам. доллар байхаар гарчээ. Үүнээс 475.86 сая нь гол нүүрсний уурхайн байгууламж барихад, 26.78 сая нь барилгын ажлын явцад гарах зээлийн хүүг төлөхөд, эргэлтийг хөрөнгийн зардалд 6.59 сая нь зарцуулагдахаар тооцжээ.
Харин цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь 6х600=3600 мвт, жилд 5500 цаг ажиллана. Төсөл хэрэгжих 30 жилийн хугацаанд 600 тэрбум квтц цахилгаан эрчим хүч экспортлохоор тооцжээ. Станцын барилгыг барих ажлыг 2008 оны 4 дүгээр сард эхлүүлж 2013 онд бүрэн дуусган ашиглалтад оруулах юм байна.
Станцын дотоод хэрэгцээ 7.6 хувь буюу ойролцоогоор 273 мвт байх юм. БНХАУ руу 3000 мвт-ыг дамжуулах ба үлдсэн хэсгийг Монгол Улсад ашиглаж болох гэнэ. Тус станцад 300 хүн ажиллана.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаярын 2005 онд БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Түлш, эрчим хүчний сайд Т. Очирхүү, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлтийн хорооны дэд дарга Жан Гуо Бао нар нүүрс, цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол Улсын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д. Бассайхан, БНХАУ-ын “Улсын цахилгаан сүлжээ” компанийн дэд захирал Жэн Бао Сэн нар хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг тус тус зурсан билээ.
“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК, БНХАУ-ын “Улсын цахилгаан сүлжээ” компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах тухай санамж бичгийн 2 дугаар зүйлд цахилгаан эрчим хүчний худалдааг хөгжүүлэх, эрчим хүчний барилга байгууламж барьж байгуулахад хөрөнгө оруулах, сүлжээний дэд бүтцийг хөгжүүлэх, цахилгаан эрчим хүч нийлүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах, бусад чиглэлийн шинжилгээ, судлагааны ажил гүйцэтгэхээр заажээ.
Өнгөрсөн хугацаанд хоёр талын ажлын хэсгийн хуралдаан 4 удаа болсон байна. 2006 оны 6 дугаар сарын 1-нд Монгол Улсын Түлш, эрчим хүчний яам, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК, БНХАУ-ын “Улсын цахилгаан сүлжээ” компани, БНХАУ-ын “Лү Нэн групп” компанийн хооронд Монгол Улсад нүүрсний уурхай, цахилгаан станцын цогцолбор байгуулах, БНХАУ-д цахилгаан экспортлох төслийн урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг хийх талаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
Энэхүү гэрээгээр Монгол Улсад томоохон хэмжээний нүүрсний уурхай, цахилгаан станцын цогцолбор болон цахилгаан дамжуулах шугам байгуулж, БНХАУ-д цахилгаан экспортлох асуудлыг судалж, нүүрсний 3 ил уурхай, цахилгаан станцын цогцолбор байгуулах, цогцолбор тус бүрт жилд 12 сая тонн хүртэлх нүүрс олборлох ил уурхай, 6х600 мвт хүчин чадалтай цахилгаан станц байгуулж, 500 кв-ын тус бүр 3600 МВт хүртэлх хүчин чадалтай хэт өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам байгуулах асуудлыг судлгаанд хамруулахаар тохиролцсон юм. Төслийн эхний барилгын ажлыг 2008 онд эхлүүлж, 2010 онд эхний хэсгийг ашиглалтад оруулахаар, 2015 онд энэ төслийг хэрэгжүүлж дуусахаар тооцоолсон билээ.
Түлш, эрчим хүчний яамтай тохиролцсоны дагуу эхний нүүрсний уурхай, станцын цогцолборыг Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн барьж байгуулахаар санал болгосны дагуу Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн уг уурхайг өргөтгөх урьдчилсан ТЭЗҮ-ийг хийгээд байна.

