Хадгаламж банк 10 сая 

МАХН-ын залуус банкны мөнгөөр гараа угаав уу?

"Хадгаламжийн банк"-ны 10 сая ам.доллар Л.Чимэдцэрэн гэдэг хүний гараар орж үрэгдсэн тухай мэдээлэл цацагдсан. Тус банкны мөнгө үрэгдэн, байх ёстой газраасаа хөдөлж эхэлсэн тухай мэдээлэл шинэ юм биш бололтой. Чухамдаа "Хадгаламжийн банк"-аар үйлчлүүлдэг олон мянган хадгаламж эзэмшигчид, үйлчлүулэгчдийн мөнгө хэзээнээс ч юм зохих газартаа байршилгүй буруу чигт гарсан жим тодорсоор, нийтэд мэдээлэгдэхгүй байхын аргагүй чинээндээ хүрснээр ийнхүү зах сэжүүрээсээ дэлгэгдэж байж мэдэх нь.

Ямартай ч өнөөдөр "Хадгаламжийн банк"-наас арван сая ам.доллар дутаж, энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж, тодруулах ажил эхэлсэн бололтой. Чухам арван сая ам.доллар ор сураггүй болох хугацаанд хэдий хэмжээний мөнгө тус банкинд орж, гарч байсныг одоо зохих газрын шалгалт илрүүлэх ёстой байх. Ямартай ч дээрх мөнгийг "Хадгаламжийн банк"-ны ерөнхий менежер Л.Чимэдцэрэн гэх залуу дур мэдэн зүй зохисгүй зарцуулж байгааг байгууллагынх нь дотоод хяналтын холбогдох хүмүүс эртнээс мэдэж байсан гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна.

Тус банкны ерөнхий менежер Л.Чимэдцэрэн нь МАХН-ын залуучуудын байгууллага болох Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны (МАСЗХ) Удирдах зөвлөлийн гишүүн юм байна. Завхан аймгийн харьяат тэрбээр "Хадгаламжийн банк"-нд бас ч чамгүй удаан алба хашиж байгаа аж. Өнгөрсөн хавар, намаржин аймгуудад салбар зөвлөлийнхөө хурлыг хийж, найр наадам зохиож байсан МАСЗХ-ны Завхан аймаг дахь үйл ажиллагааг Л.Чимэдцэрэн 20 сая төгрөгөөр ивээн тэтгэж байжээ.

2008 оны сонгуульд уугуул аймагтаа МАХН-аас сойгдож байсан "хүлэг" гэх. Буруу замаар орсон мөнгийг Л.Чимэдцэрэнгээр толгойлуулсан МАСЗХ-ны мөн Удирдах зөвлөлийн гишүүд үрсэн тухай яригдаж байна. Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх. МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, яруу найрагч Ж.Мөнхбат
нар Солонгосын казинод тоглохдоо "Хадгаламжийн банк"-ны мөнгөөр гараа угааж байсан бололтой.

Хүмүүсийг дээлийг чинь нөмрүүлнэ хэмээн зүхэж хараадаг УИХ-ын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүхийн "бойжуулсан" хөвгүүд ийнхүү дахин санхүүгийн томоохон хэрэгт холбогдсон болох мэдээлэл нийтэд дэлгэгдэж байна. Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, улс төрийн хүчнүүдийн тодорхойлдгоор луйварчин, авлигачдын гэгдэх МАХН-ын залуучуудын байгууллагын залгамжлагчид ах нарынхаа "шийрийг хатааж" байгаа бололтой.

МАСЗХ гэх энэ байгууллагын залуус Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой ихээхэн хэмжээний мөнгөний асуудлаас болж нэгийнхээ амийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг одоо болтол нийтийн сэтгэлд тодхон байгаа. МАХН-ын залуучуудын байгууллагын ойворгон удирдагчдын босгосон асуудлаас болж УИХ-ын намрын чуулганыг яаравчлан завсарлуулсан тухай ч яригдаж байна. Энэ хэрэг шалгагдаж, буруутан нь тодорвол МАХН-ын даргын толгойлсон Засгийн газрын хоолойг барих асуудал болон дэврэх магадлалтай хэмээн ажиглагчид үзэж байгаа аж.

Б.Гүнт