Улс төр, Нийгэм 

Маргааш ажлын хэсгийн дүн гарна

Маргааш ажлын хэсгийн дүн гарна

МАХН-ын Удирдах зөвлөлөөс Үндэсний Эв нэгдлийн Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй талаар шийдвэр гарсан нь тухайн үедээ багагүй л дуулиан шуугианы эхлэл болж байсныг хүмүүс санаж байгаа байх.

М.Энхболдын Засгийн газрыг унагах гэсэн оролдлого, энэ шийдвэр нь МАХН-ын хагарлын илрэл боллоо гэсэн янз бүрийн таамаг яригдаж эхэлсэн. Мөн намынхаа даргын тэргүүлдэг Засгийн газрын бүтэцтэй зоримог яриад эхэлсэн нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар нэг жилийн ой дээрээ огцрохын дохио боллоо гэдэгт итгэгсдийн тоог нэмсэн.

Харин МАХН-ын Удирдах зөвлөлийн энэ шийдвэр 21 хоногийн хугацаа заасан байсан нь байдлыг арай намжаасан гэж болно. Харин товлосон гурван долоо хоногийн хугацаа маргааш дуусч байгаа юм. Маргааш ажлын хэсэг Засгийн газрын бүтцийг хэрхвэл дээр гэж үзсэн талаараа албан ёсоор танилцуулах биз ээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон ЗГХЭГ-ын дарга Су.Батболд "2004 онд Эвслийн Засгийн газар байгуулагдах үед яамдын тоог аль болох нэмэх бодлого байсан. Би УИХ-ын гишүүний хувьд Засгийн газрын бүтцийг хуульчилж өгөх нь зүйтэй гэж боддог. Дараа, дараагийн Засгийн газрууд байгуулагдахдаа өөрсдийн тэргүүлэх салбарынхаа дагуу агентлаг байгуулах замаар асуудлыг шийдэж болох юм. Ажлын хэсгээс шийдвэр гарах үед Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийх бол чухам хэзээнээс эхлэн хэрэгжих зэргээ тодорхой гаргах байх" гэж байлаа.

Э.Энэрэл