Хадгаламж банк 10 сая 

Арван сая доллар МАХН-д биш, Солонгосын казинод оржээ

"Хадгаламж" банкнаас алдагдсан 14.2 тэрбум төгрөгийн сураг гарч эхэллээ. Энэ хэргийг үйлдсэн Ц.Чимэдцэрэн МАХН-ын гишүүн болохоос бус, түүний зувчуулсан мөнгө МАХН-ын дансанд ороогүй ажээ. Үүнийг нотолсон нэгэн бичгийг Солонгосын казиногоос Монголын тагнуул, цагдаагийнханд ирүүлсэн тухай мэдээллүүд хэвлэлээр гарч байна.

Аль ч газрын казиногийн алтан дүрэм бол тоглогчийнхоо талаархи мэдээллийг чандлан нууцлах. Монголчуудын олноороо очиж тоглодог Солонгосын казино ч тийм. Харин "Хадгаламж"-ийн банкны энэ хэрэг дээр Монголын хуулийнхан Солонгосын казиногийнхноос үг сонсч чаджээ. Үг сонсох байтугай, баримт хүлээж авсан тухай ч мэдээ байна. Манай улсын талаас Солонгосын казинод нэгэн бичиг явуулсан сурагтай.

"Төсвийн сан хөмрөгөөс ихээхэн хэмжээний мөнгө хууль бусаар алдагдлаа. Энэ мөнгөний зарим нь танай казинод алдагдсан байх магадлалтай байна. Иймд манай улсын эрх ашиг эдийн засгийн аюулгүй байдлын тусын тулд танай казинод тоглосон монгол иргэдийн талаархи мэдээллийг ирүүлнэ үү" гэсэн утгатай бичгийг Солонгосын хуулийн байгууллагаар дамжуулан казинод нь хүргүүлсэн гэнэ.

Харин Солонгосын казиногоос ирүүлсэн хариуд Монгол иргэдийн нэр, хаяг, алдсан мөнгөний хэмжээ, тоглосон он, сар өдөр, цагийг жагсаасан нарийвчилсан мэдээлэл ирүүлсэн бололтой.

Эдгээр жагсаалтын дунд "Хадгаламж" банкнаас 14.2 тэрбум төгрөг луйвардсан Ц.Чимэдцэрэн нийтдээ арав гаруй сая доллар алдсан, мөн манай нэгэн бизнесмэн түүнээс ч их мөнгө алдсан тухай мэдээлэл байсан бололтой. Ц.Чимэдцэрэнгийн алдсан 10 гаруй сая ам.доллар "Хадгаламж" банкных, харин түүнээс ч ихийг алдсан бизнесмэний мөнгө хувийнх нь аж.

Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол ганцхан хувь хүний гэмт үйлдлийн төлөө 160 гаруй мянган гишүүнтэй МАХН-ыг яллаж хэлмэгдүүлж байсан сөрөг хүчин, зарим иргэний хөдөлгөөнийхөн цаашид улстөржих "хөзөр"-гүй болох нь ээ.

Б.Баатар