Төр, засаг 

Засгийн газрын ээлжит хуралдаан

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс-МГЛ”-ийн үйл ажиллагааны талаар тогтоол гаргахаар болов

Хуралдаанаар “Эрдэнэс-МГЛ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар болов. Тогтоолын төсөлд:

- Стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Эрдэнэс-МГЛ” төрийн өмчит ХХК-ийн эд хөрөнгө худалдан авах болон үйл ажиллагааны зардалд зориулан хөрөнгө гаргах
- Тус компаниас үзүүлэх зөвлөх үйлчилгээний төлбөрийн хэмжээг баталж мөрдүүлэх
- Өөрийн үндсэн үйл ажиллагааны орлоготой болох хүртэл компанийг байрны түрээсээс чөлөөлөх зэрэг заалтууд багтжээ.

Тодруулга: Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Төрийн өмчийн хорооны тогтоолоор өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд “Эрдэнэс-МГЛ” төрийн өмчит ХХК-ийг байгуулсан юм.

Тус компани нь батлагдсан дүрмийн дагуу стратегийн ач холбогдол бүхий орд, улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордын ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах, стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглах үеийн төрийн оролцоог хэрэгжүүлэх, төрд ногдох ашгийг төвлөрүүлэх, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хийх, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагаа явуулах юм.

Ренчинлхүмбэ сумын ЗДТГ-ын барилгад хөрөнгө гаргана

1967 онд ашиглалтад орж, 40 жил ашиглагдсан ЗДТГ-ын барилга нь өнгөрсөн хоёрдугаар сард шатсан тул Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумынхан Ерөнхий сайдад хандан шинээр байр барих хөрөнгө гаргаж өгөхийг хүссэн юм. Хуралдаанаар уг хүсэлтийг хэлэлцээд шинээр барих байрны санхүүжилтэд зориулан Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 130 сая төгрөг гаргах нь зүйтэй гэж үзэв. Гал түймэр гарсан шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагууд судлан тогтоосон байна.

“Шинэ ургацын өдрүүд”-тэй болохыг дэмжив

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх саналын тухай хэлэлцээд газар тариалангийн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх, энэ салбарыг хөгжүүлэх, хэрэглэгчдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зорилгоор “Шинэ ургацын өдрүүд” бий болгох төсөл санаачлагчийн саналыг зарчмын хувьд дэмжив.

Гэхдээ уг асуудлыг хуульд нэмэлт оруулах замаар биш, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 5.2-т “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон өдрийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

Тодруулга: Хуулийн төсөл, хуулийг дагаж мөрдөхтэй холбогдуулан гаргахаар төлөвлөж байгаа журам, УИХ-ын тогтоолд шинэ ургацын өдрүүдийг есдүгээр сарын 5-наас аравдугаар сарын 20-ны хооронд тэмдэглэх, Засгийн газар энэ үеэр зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр батлан хэрэгжүүлэх, төмс, хүнсний ногооны дагнасан зах ажиллуулах, өдрүүдийн үеэр Монгол Улсад ургадаг үр тариа, төмс, хүнсний ногоог улсын хилээр оруулахыг хориглох шийдвэрийг гаргаж байх зэрэг заалтууд багтсан байна.

21 аймгийн 317 сум магадлан итгэмжлэл авчээ

Засгийн газраас баталсан “Сумын эмнэлгийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2006 онд хийсэн ажлын талаар Эрүүл мэндийн сайд Д.Туяа мэдээлэл хийв.

Засгийн газрын 2002 тавдугаар сарын 8-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор “Сумын эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр” батлан хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нийт 41 суманд эмнэлгийн шинэ барилга барьж, 231 эмнэлгийн барилгад 2.7 тэрбум төгрөгийн засвар хийсэн байна. Мөн 248 сумын эмнэлэгт шинэ автомашин, 256 сумын эмнэлэгт эмнэлгийн багаж, аппарат, хэрэгсэл олгосноор сумын эмнэлгийн стандартын дагуу багаж, хэрэгслийн хангалт 46 хувьд хүрчээ.

Хуулийн төсөлд санал өгөв

УИХ-ын гишүүн С.Ламбаа, Ч.Авдай, Ц.Баярсайхан, Ц.Шаравдорж, Ц.Сүхбаатар, Я.Санжмятав нарын санаачлан боловсруулсан “Хүн ам, орон сууцны тооллогын тухай”, “Статистикийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай хэлэлцээд төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов.

Хуулийн төсөлд тооллого нь 10 жил тутамд улс орон даяар явуулах ээлжит тооллого, ээлжит тооллого хооронд таван жил тутамд явуулах завсарын тооллого гэсэн хоёр төрөлтэй байх, ээлжит тооллогыг 2010 оноос эхлэн 10 жил тутамд нэг удаа улс орон даяар явуулж байхаар тусгажээ.

Тодруулга: Манай улсын хувьд XX зууны анхны тооллого 1918 онд явагдсан бөгөөд 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад нийт есөн удаа хүн ам, орон сууцны тооллогыг явуулж байжээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.