Ярилцлага 

А.Отгонболд: Засгийн газарт Ард түмний намын гишүүн байхгүйг баталчихъя

УИХ-ын гишүүн Л.Гүндалай Эрүүл мэндийн дэд сайд А.Отгонболдыг сайдын суудлаас нь татах ёстой гэсэн асуудлыг Засгийн газарт оруулсан байгаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Анагаах ухааны доктор, дэд сайд А.Отгонболдтой уулзлаа. 

- Таныг сайдын суудлаасаа буух ёстой гэсэн тухай хэзээ анх мэдэв?

- Миний зүгээс яах юм бэ, яах ч үгүй шүү дээ. Ерөнхий сайд, Засгийн газар л шийдэх асуудал. Засгийн газрын хуралдааны дараа үдээс хойш намайг дуудна байх гэж хүлээж байна (өчигдөр 15 цагийн орчимд). Би тайлбараа хэлнэ. Жамаараа шийдэгдэх биз.

- Тэгвэл та хэлэх гэж байгаа гэж сая өгүүлсэн тайлбараа хэлэхгүй юу?

- Мэдээж, надаас Л.Гүндалай гишүүн ямар учраас ийм юм яриад байгаа юм энэ тэр гээд л асуух байлгүй. Би байр сууриа хэлнэ. Яахав, намайг дуудахгүйгээр шийдэж ч болох л юм. Угаасаа ийм албан тушаал яригдаж байгаа асуудалд бол тухайн алба хашигчийг байлцуулах ёстой шүү дээ.

- Тайлбарлах байр суурь гээд байгаа тань ч чухал байна л даа, та тодруулахгүй юу?

- Энэ бол тодорхой. Би Л.Гүндалай гишүүнийг нам байгуулахад нь эхнээсээ л дэмжээд, оролцоод явж байсан зураг хөрөг баримт ч надад бий. Миний нэг ч гэсэн таньдаг хүн явж байхад дэмжээд л ажиллаж байсан. Тэр хүмүүсийн дунд “Улс төрийн сонин”-ы эрхлэгч С.Уянга, сэтгүүлч Г.Жамъян нарын хүмүүс ч байсан. Тэд надтай ижил байр суурьтай байсан байх гэж бодож байна. Гэхдээ бол би намын тань гишүүн болохгүй гэдгээ эрт хэлсэн. Түүнийг сайд болсны дараа бол эхлээд би зөвлөхөөр нь очсон шүү дээ. Яахав, энэ салбарт 20 жил ажилласны хувьд, гадаадад боловсрол эзэмшсэн хүний хувьд би салбарынхаа асуудалд зөвлөж оролцоход буруу юм байхгүй гэж бодож очсон. Засгийн газраас гуравдугаар сарын 8-нд дэд сайдаар намайг томилохдоо аль намын хүн бэ гэхэд би нам бус гэж хариулж байсан маань батлагдах баримт бий. Тэгээд хамт ажиллах хугацаанд Л.Гүндалай гишүүний үйлдлүүдээс буруушаах, харамсч бодох тохиолдол ч байсан. Сүүлдээ зарим асуудалд эрс эсрэг байр суурьтай ажиллаж байсан. Тийм байдлаас үзэж өнөөдөр зарим нэг хүмүүс намайг МАХН-ын хүн гэх ч юм уу яриа яваад байх шиг байна.

- Л.Гүндалай сайдын суудлаасаа буусны дараа намаасаа Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлэх асуудал дэгдэхэд таны тухай яригдаж л байсан шүү дээ. Тэгэхээр та энэ намын хүн биш байсан хэрнээ Ард түмний намын даргын саналыг хүлээж аваад байсан хэрэг үү?

- Ер нь бол Л.Гүндалай сайд ажлаа өгсөн ч бидний үед “Эрүүл монгол хүн” хөтөлбөрөөс эхлээд томоохон ажил эхэлсэн байсан. Энэ тухайд бид уулзаад, тэр бүхнийг цааш үргэлжлүүлж үр дүнд хүргэхийн тулд дааж, аваад үлдэж болж байна гэж хэлсэн. Түүнийг намынхаа нэр дээр сайдад дэвшүүлье гэснийг нь зөвшөөрч, сайд болсны дараа намын гишүүн болно гэдгээ хариуцлагатай хэлж байсан.

Миний энэ бүх шийдвэрт эрүүл мэндийн салбар чирэгдэхгүй, хохирохгүй үлдэх гэдэг том эрх ашиг нөлөөлж байсан л даа. Муу ч, сайн ч би энэ салбарт хамаг бүхнээ зориулж ажиллаж амьдарсан хүн. Гэсэн хэдий ч надад олдсон, дуулдсан мэдээллээр бол Л.Гүндалай гишүүн миний нэрийг дэвшүүлээгүй. Ц.Оюунчимэг, Жаргалсайхан, Баясгалан гээд гурван хүний нэр дэвшүүлсэн байсан.

Надад сонирхолгүй байна гэсэн бодол тээгээд л өнгөрсөн. Өнөөдөр илүү дутуу юм яриад байх ямар ч шаардлага надад байхгүй. Ийм л юм болсон. Ядаж тэр гурван хүний нэгэнд нь миний нэр байсан бол, би энэ нам итгэл хүлээлгэж байхад явъя гэж л бодож байсан. Зүтгээд ажиллаад үзнэ гэсэн л бодолтой ирсэн. Тэрнээс биш нэг хүний эрхшээлд орсон мэт байдлаар би ажиллаж, амьдрахгүй ээ. Хэн нэгний халаасандаа байгаа түрийвчтэй мөнгөө зарцуулж байгаа юм шиг байдалд ханилж нөхөрлөх, хамтарч ажиллах хүн би биш.

Үйл явдлын дараа Л.Гүндалай гишүүн хэвлэлээр намайг элдвээр ярьсан байсан. МАХН-ын тагнуул энэ тэр ч гэх шиг. Ийм байдлаас болж өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээс миний хувьд Ард түмний нам гэж байхгүй болсон доо. Тэр цаг хугацаанаас хойш Л.Гүндалай гишүүн намайг янз бүрээр хэлж байгаа. Ер нь нэг намын хүмүүс юм бол тэгж байх нь зохимжтой юу, үгүй юу гэдэг асуудал ч гарч ирэх л байх. Өмнө сайдад нэр дэвшүүлбэл намд тань элсэнэ гэж байснаараа намын батлах энэ тэрийг нь би хүлээж аваагүй. Миний хувьд бол эрүүл мэндийн салбарыг намжихгүй, улс төржихгүй хөгжүүлэх хэрэгтэй гэсэн бодол л байна. Яахав, энэ бодол буруу бол намайг дэд сайдын тушаалаас буулгана л биз. Тэр бол миний шийдэх, мэдэх асуудал биш.

- Л.Гүндалай гишүүн таныг өөрөө лоббидож, бас нэлээд л юм болж байж гаргаж ирсэн. Дэд сайдаа болгоё гэдэг саналыг танд анх яаж, хэлсэн тухайд?

- Зөвлөхөөр нь ажиллаж байсан гэж би түрүүнд хэлсэн. Нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд зөвлөхөөр нь ажилласан. Дараа нь дэд сайдын асуудал яригдахад тэр хамтарч ажиллая, хамтын шийдвэр гаргая гэсэн. Гэхдээ энэ үед өнөөх намын гишүүний асуудал яригдаагүй. Тэгээд янз бүрийн шавьж хорхой шиг, празит амьтад түүнд шигчихээд ажиллахад хэцүү л болсон доо.

Л.Гүндалай гишүүн намынхаа хувиар Засгийн газарт сөрөг хүчин байх гээд байхад нь би гай болоод байгаа бол би нам биш гэдгээ танай хэвлэлээр дамжуулж албан ёсоор хэлье. Засгийн газарт Ард түмний намын гишүүн байхгүйг баталчихъя. Л.Гүндалай гишүүн найз нөхөд байсныхаа хувьд ч, эр хүнийхээ хувьд ч ярилцчихаж, уулзчихаж ч болно шүү дээ. Тийм юм огт болоогүй. Эцэст нь хэлэхэд би аль нэг намын дэд сайд биш, би салбарын дэд сайд.

- Таныг МАХН-д орсон гэхчилэн мэдээлэл гараад байна. Л.Гүндалай гишүүн бол таныг бүр урвагч, МАХН-д ажиллаж байгаа гэж ч хэлсэн шиг байна?

- Иймэрхүү мэдээллийг би хэвлэл мэдээллийн хэрэгслээс авлаа. Би ямар ч намд өргөдөл өгч элсээгүй л дээ. Тэр тусмаа МАХН-д бол би бүр ч, хэзээ ч хамаагүй хүн. МАХН-д надад таньдаг, үеийн, багаасаа нэг дор өссөн хүмүүжсэн улс байна. Тэглээ гээд чи МАХН-ын гишүүн хүн, бид харилцаагаа тасалъя гэх ёсгүй биз дээ. Ц.Мөнх-Оргил, Ё.Отгонбаяр нартай уулзах, ярилцах асуудал зөндөө л байдаг.

Б.Хажидмаа