Үзэл бодол, Баримт 

Монгол Улс нэг компанийн хараат болох нь

Зуны дэлгэр цаг ирж монголчууд наадмаа хийн амсхийх энэ үеэр Засгийн газарт шургалсан олигархууд Монголын ард түмний баялгийг бусдад үнэ төлбөргүй өгөх бэлтгэлээ базааж, үйл хэргээ нэгэнт эхлээд байна. Энэ нөхцөл байдал нь наадамд явсан малчны малыг хулгайгаар бусдад худалдах үйлдэлтэй утга адил юм. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр монголчууд тэмцлээ эхэлж, монгол хүн бүрийн сэтгэл зовниж байна.

Яагаад энэ гэрээ Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчиж, тэдгээрийг үгүйсгэж байна вэ

- Үүний хариултыг гэрээний утга агуулга үг үсэг бүрээс нь харахад ойлгомжтой. Монголд огтхон ч ашиггүй. "Бороо Гоулд" компани Монголын ард түмний баялаг болох 40 тонн алтыг өмчлөгчид нь юу ч үлдээлгүй авч явсантай адилхан. Түүний хоёр дахь хувилбар болсон гэж үзэхээр байна.

Гэрээг хэн нь хэнтэй байгуулсан бэ

Энэхүү гэрээг нэг талаас Монгол Улсын Засгийн газар, нөгөө талаас "Айвенхоу Майнз Монголия инк" ХХК гэх "хөрөнгө оруулах чадваргүй" компанитай байгуулсан байна. "Айвенхоу Майнз" лимитед гэх Р.Фрийдландын компани Оюу толгойн ордыг барьцаалан хувьцаа гаргаж, Үйлдвэр худалдааны сайд асан Б.Жаргалсайханы хэлснээр, 4.7 тэрбум долларын ашиг олсон. Хэрвээ Оюу толгойн баялгийг барьцаалж хувьцаа гаргасан бол хувьцааныхаа 51 хувийг Монгол Улсад олгох, өмчийн эзэн монголчуудад эзэмшүүлэх, эздийг нь өмчдөө хяналт тавих эрхийг нь олгох ёстой байсан. Олгох ч ёстой.

Тус компани нь хувьцааныхаа зөвхөн 9,95 хувийг 303 сая доллараар "Рио Тинто" компанид худалдсан. Үүнийгээ "Фрийдланд компаниа худалдсан" гэж Монголын эрх баригчидтай нийлж Монголын ард түмэнд худлаа мэдээлсэн нь бодит үнэн билээ. Харин бусад хувьцааг нь хэн эзэмшиж байна гэдэг нь мөн анхаарал татах учиртай. Энэ заалтууд хэний эрх ашгийг хамгаалж байна вэ. "Айвенхоу Майнз" лимитед компани ойролцоогоор 3,04 тэрбум ам.долларын үнэт цаас гарган худалдаж, гаднын хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө хуримтлуулсан байна. Тэгэхээр үр шим, ашгийг нь монголчууд биш, хувьцаа эзэмшигчид нь хүртэнэ гэсэн үг.

- Гэрээний 1.3-т ...Оюу толгойн төсөлд Айвенхоу Майнз болон "Рио Тинто"-гийн санхүүжилтээр нийт 2,724 тэрбум долларын хөрөнгө оруулах тул гэрээг 30 жилийн хугацаатай байгуулав гэжээ. Энэ нь Монголын төрийн бодлогод харшилж байна. Яагаад 100 жил байж болохгүй гэж. "Бороо Гоулд"-ыг санагдуулахгүй байна уу. Мөн эрхэм та нэг зүйлийг анзаарав уу. Жинхэнэ хөрөнгө оруулагч гэх дээрх хоёр компанитай яагаад гэрээгээ хийхгүй байгаа юм бэ.

- Гэрээний 1.8-д... хөрөнгө оруулагчийн хувьцааны 34 хувийг төр эзэмшинэ гэжээ. Тэгэхээр "Айвенхоу Майнз" лимитед компанийн хувьцааны 34 хувийг Монгол Улс, нөхөж төлөх нөхцөлтэйгээр, эзэмшмхээр заажээ. Гэтэл эрх баригчид "үнэ төлбөргүй" гээд улаан цайм худлаа ярьж, бичээд байдаг. Үнэн хэрэгтээ Монгол Улс нэг компанийн хараат боллоо гэсэн үг.

Үүнээс дүгнэн хэлэхэд хөрөнгө оруулалтын гэрээний талууд буюу субъектууд тодорхой биш, эрх нь харилцан адилгүй байгаа тул үүнийг харилцан ашигтай гэрээ гэж үзэх боломжгүй юм. Тогтвортой байдлын гэрээгээр тухайн үед үйлчилж байгаа татварын болон холбогдох хуулиудыг тогтмол баримталж мөрдөх зарчмыг тодорхойлдог. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээнд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар болон бусад татвараас чөлөөлөхөөр заасан нь хууль зөрчсөн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэгш эрхийн зарчмыг ноцтой зөрчиж, гадаад, дотоодын бусад хөрөнгө оруулагчдыг гадуурхсан, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Оюу толгой хэний хөрөнгө, өмч юм вэ

- Дээрх заалтаас болон хавсралт гэрээний 3.3-д Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр Айвенхоу нь албан ёсны эзэмшигч болон өмчлөгчийн хувьд Засгийн газарт шилжих хувьцааг Засгийн газрын төрийн өмчит "Эрдэнэс МЖЛ" компанид шилжүүлнэ гэснээс үзвэл Оюу толгойн хувьцааны эзэн нь Айвенхоу гэж ойлгогдож байна. Улмаар Оюу толгой бол Монголын ард түмний өмч биш, Айвенхоугийн өмч гэж энэ хөрөнгө оруулалтын гэрээ тунхаглаж, удахгүй хуульчлагдах гэж байна. Ийм ч агуулгаар энэ гэрээг хийснийг та тунгаана уу. Итгэхгүй байвал гэрээг нь олоод уншаарай.

Маргаан шийдвэрлэх тухайд

- Хөрөнгө оруулагч "Айвенхоу Майнз Монголия" компани нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй Английн компани юм. Гэтэл Монгол улсын Засгийн газар Английн компанитай холбогдох асуудлаар байгуулсан гэрээтэй холбогдох маргааныг Лондонгийн арбитраар шийдвэрлүүлэхээр гэрээнд тусгасан нь байж болшгүй, хууль зүйн наад захын шаардлагад харшилсан ноцтой асуудал юм.

Эцэст нь гэрээний 15.3-д энэ гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн хооронд зөрүүтэй заалт гарсан тохиолдолд энэхүү гэрээний нөхцлийг даган баримтална гэжээ. Энэхүү өгүүлбэрийг Сангийн яамны хуулийн хэлтсийн дарга нөхөр телевизээр илт гуйвуулан, тийм зүйл байхгүй, ард түмэн минь, хэн нэг нь та нарын толгойг угааж байна гэж илт худал мэдэгдэж байгааг хараад гайхснаа нуух юу нь.

Эцэст нь монгол хүн бүр ирээдүйнхээ төлөө санаа зовох биш харин тэмцэх цаг болсныг сануулахад илүүдэхгүй болов уу.

Хуульч Ц.Монгол