Шинээр гэр бүл бологчдод 23 тэрбум төгрөг олгоно
Тухайлбал, эрчим хүч, замын салбарт багагүй хөрөнгө оруулалт хийхээс гадна эмнэлэг, сургууль соёлын байгууллагын барилга байшинг засварлах, шинээр барихад ч урьдынхаас илуү хөрөнгө зарцуулна. УИХ-ын гишүүн Л.Гүндалай нар энэ мэт жижиг асуудалд төсвийн хөрөнгийг зарж, тендер нэрээр үргүй зарцуулж байхаар шинэ томоохон барилга байгууламжид "хаях" саналтай байсан ч олонхийн дэмжлэг авсангүй.
Сүүлийн үед олны хэл амны бай болоод байгаа Онцгой байдлын албыг бэхжүүлэх, ХХЕГ-ын ажил үүргийг шуурхай боловсронгуй болгох зорилгоор хоёр шинэ нисдэг тэрэг худалдаж авахаар болсон байна. Мөн 60-аад сумын ард иргэдийг хөдөлгөөнт холбоонд хамруулахаар үндсэн сүлжээ байгуулахад зориулж зургаан тэрбум төгрөг төлөвлөв. Баруун бүс нутгийн зарим аймгийг гэрэл цахилгаантай болгохын тулд Говь-Алтай аймагт баригдаж байгаа Тайширын УЦС-ын барилга байгууламжид дөрвөн тэрбум төгрөг нэмж өгөхөөр төсөвлөжээ. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч газар дээр нь үзэж танилцсаны хувьд Засгийн газарт санал болгосон юм. Зарим бүтээгдэхүүний гэнэтийн ашгийн албан татварт хамрагдаж байгаа алтны борлуулалтын татварын орлого бага байгаатай холбогдуулан арга хэмжээ авах шаардлага тавигдаж байгаа.
УИХ-ын гишүүдийн санал болгосноор алтны гэнэтийн ашгийн татварын босгыг өндөрсгөж, нэг унци алтны 650 ам.доллараас дээш гарсан үнийн дүнд 68 хувийн татвар ногдуулах, борлуулалтад нь бус алтны олборлолтын хэмжээнд татварыг ногдуулах зэрэг арга механизм байж болохыг гишүүн Н.Батбаяр ярьж байсан.
Иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр болгож төрийн ажилтны дундаж цалинг аравдугаар сарын нэгнээс 250 мянга, цалингийн доод хэмжээг 90 мянган төгрөгт хүргэхээр боллоо. Харин шинээр гэр бүл болсны 500 мянган төгрөгийн тэтгэмж нийгэмд хүлээлт үүсгээд байсныг зохицуулж 23 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлэсэн байна. ХЗХ-ны хохирогчдын хохирлын 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барагдуулахаар 33 тэрбум төгрөг гаргахаар шийдсэнийг төсвийн тодотголд багтаалаа.
Харин Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгээд байсан 19 тэрбум буюу гишүүдийн тойрогтоо хуваарилсан 250 сая төгрөгийг тухайн орон нутгийн төсвийн захиран зарцуулагчтай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хөрөнгө оруулалт маягаар оруулж, зориулалтыг өөрчлөхгүйгээр ашиглахыг Засгийн газарт зөвшөөрсөн байна.
М.Жаргал

