Нийтлэл 

Даяарших тусмаа "монголших" үндэсний үзэл

ҮШН байгуулагдсан цагаасаа "Үндэсний үзэл"-ийг монгол хүн бүрийн оюун бодолд шингээж, үнэт зүйл болгохыг уриалж буй. Энэ бол монгол үндэстэн, монгол хүн болж төрснөөрөө бахархах, үндэстнийхээ төлөө, өөрийнхөө төлөө эвсэж нэгдэж, эрвийх дэрвийхээрээ ажиллаж амьдрах тухай маш энгийн ойлголт, уриалга юм. Даяаршиж буй хөгжлийн чиг хандлагад улс орон бүр хүссэн ч, эс хүссэн ч хөтлөгдөж, тухайн үндэстний хүсэл зоригоос үл хамааран энэ үйл явц өрнөж байна. Гэхдээ дэлхий ертөнц асар хурдтайгаар даяаршин нэгдмэл боллоо ч үндэстнээрээ ялгарч байгуулагдсан улс орнуудад хуваагдсан хэвээр байх тул өөрийнхөөрөө үлдэж, өсөж өндийх зорилт тулгарч байна. Үүнийг "даяарших тусмаа монголших" гэж товч уриагаар илэрхийлж болно. Монголшино гэдэг нь "Үндэсний үзэл"-тэй бай гэсэн үг. 

Монгол орон жижиг улс биш.

Монгол бол жижиг орон гэж нэг хэсэг ярьдаг байлаа. Энэ үнэлэлт өөрчлөгдөж байна. Монгол жижиг биш гээд байна. Газар нутгийн хэмжээгээр эхний 17 том орны тоонд баггаж байгаа орныг жижиг гэх үү. Дэлхийн хуурай газрын 1,2 хувь буюу 1,5 сая хавтгай дөрвөлжин километр газрыг эзэлчихээд бид жижиг байна, бидэнд жижиг юм ногдчихож гээд байх утгагүй. Геополитикийн жин, цар хэмжээгээр дэлхий нийтийн анхаарлыг татсан том орон болж байна. Дэлхийн хамгийн том хоёр гүрний дундахь байршил зэрэг нь геополитикийн хувьд яах аргагүй том тоглогчийн тоонд Монголыг оруулах хүчин зүйл юм. Томчуулын дунд томоор сэтгэж амьдрахаас өөр аргагүй. Товчоор "Монгол бол цөөн хүнтэй том орон" гэж томъёольё.

Монгол баян байхаас аргагүй үндэстэн.

Нэг хэсэг жижиг бол сайн юм шиг, ядуу гэвэл сайн юм шиг явж иржээ. Энэ нь гуйх сэтгэлгээнээс үүдэлтэй байх. Одоо гуйхаа больё, Харилцан ашигтай хамтран ажиллая. Зэс, молибден, вольфрам, уран, төмөр, нүүрс, алтны дэлхийн хэмжээний нөөцтэй. Энэ их баялагийг өмчилчихөөд ядуу гээд байх уу. Эрдэс баялгийн дэлхийн хэмжээний нөөц нь тэр орныг хүссэн хүсээгүй томчуудын хэрээнд оруулж байна. Стратегийн нөөцийнх нь цар хэмжээгээр бусад улс үндэстнүүд харьцдаг. Дэлхий ертөнц нэгдмэл учраас газар доорх баялагаа бид аваад хаашаа ч нисч чадахгүй. Хав дараад суугаад байж ч чадахгүй. Бид гадаадад хийсэн машин унаж, гар утсаар ярьж байгаа шиг манай алт, зэс бусад бүтээгдэхүүнийг дэлхий нийтээрээ л хэрэглэж таараа. Италиуд биднээс ноолуур авлаа ч дэлхий нийтээрээ хэрэглэнэ. Хятадууд биднээс зэс авлаа гэхэд тэр зэсээр хийсэн бүтээгдэхүүнийг Оросод ч, Америкт ч, Европт ч Японд ч хэрэглэж таарна. Харин монголчууд уурхай малтагчид нь биш, өмч хөрөнгө, мөнгө санхүүжилтыг нь эрхлэгчид, дэвшилтэт технологийг эзэмшигчид нь болох учиртай. Монголын нэг хүнд хагас га газар ногдож байна. Харамсалтай нь өнөөг хүртэл газраа олигтой ашиглаж сурсангүй. Газар бол удахгүй монголын хөгжлийн гол эх үүсвэр болох болно.

Төртэйгээ хамт үүссэн үндэстэн.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, З.Бзежинский "Шатрын аварга хөлөг" номынхоо "Дэлхийн зиндааны анхны их гүрэн" хэсэгт "Монголын эзэнт гүрнийг "сонин үзэгдэл"-д тооцсон байдаг. Энэхүү эзэнт улс хүчтэй, сайн зохион байгуулалттай, өрсөлдөгчтэй хийсэн ширүүн тэмцлийн үр дүнд бий болсон. Чингис хаан болон түүний үе залгамжлагчид бүс нутгийнхаа өрсөлдөгчдийг ялан дийлсээр өнөөдрийн геополитик судлаачид бөмбөрцгийн голт зүрх буюу дэлхийд ноёрхол тогтоох тулгуур цэг хэмээн тодорхойлдог газар нутагт төвлөрсөн хяналт тогтоосон билээ..." гэжээ.

Энэ бол Монголын хүчирхэг төрийн түүх. Том үндэстний түүх. Монгол үндэстэн Чингэсийн байгуулсан хаант улсын хурээнд төр улстайгаа хамт үүсч, найман зууны туршид хүчирхэгжих, буурахын аль алинийг үзэн өнөөдөр төв хэсэг нь биеэ даан тусгаар тогтнож байгаа хуваагдмал үндэстэн билээ. Өнөөгийн ертөнцөд хуваагдаагүй гэх үндэстнийг олоход бэрх бизээ. Өмнөд Монголчууд БНХАУ-ын бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэй байна. Буриад болон Халимаг монголчууд ОХУ-ын бүрэлдэхүүнд бүгд найрамдах улсуудын хэлбэрээр багтаж байна. Өнөөгийн тусгаар Монгол улс 17-19 зуунд Манж Чин улстай тусгай харилцаатай нөлөөний улс байгаад 20 дугаар зууны эхэн үеэс биеэ даан хөгжиж буй орон юм.

Өнөөгийн ертөнцийн улс төрийн зохицуулалтын хамгийн том байгууллага болох Нэгдсэн үндэстний байгууллагын хүлээн зөвшөөрсөн төр улсуудын газар нутгийн хүрээнд бид амьдрал ахуйгаа эрхэлж байгаа билээ. Бидний үндэсний үзэл энэ л хүрээнд хэрэгжинэ. Нармай монгол гэдэг үзэл нэгэнт үеэ өнгөрөөжээ. Үндэстнүүд үүсэх, хуваагдах, нэгдэх үйл явц тасралтгүй үргэлжилж байдаг. Казахууд олон зууны туршид нэг үндэстэн болон оршин тогтносон боловч саяхнаас тусгаар төр улсаа байгуулж байх жишээтэй. Үндэсний асуудал цөөн хүний санааны зоргоор болдоггүйг Чечений жишээнээс харж болно.. Өнөөгийн нөхцөлд чеченүүд тусгаар тогтнох нь гол байв уу, эсвэл холбооны улсын хүрээнд үндэстнээ бэхжүүлэх нь чухал байв уу. Чечений салан тусгаарлах тэмцлийн үр дүнд чеченүүд тоо, чанарын хувьд хохироод л үлдэх шиг боллоо. Цагийн юм цагтаа болдог ажгуу. Болгарууд Османы империйн харьяанд 500 жил байгаад л тусгаар болсон байдаг...

ҮШН үндэсний үзлийг хөгжүүлэх хэрэгтэй гээд байгаагийн зорилго юу вэ?

1. Үсрэнгүй хөгжилд ард түмнээ дайчлах нь бидний хувьд үндэсний үзлийн өнөөгийн гол зорилт юм. Монголчуудад заяасан бүх өгөгдхүүнийг зөв үнэлж, зөв бодлого гаргаж, зөв менежмент хийх цаг болсныг сануулахыг хүсч байна. Үсрэнгүй хөгжих боломж бүрдээд байна. Өндөр түвшний хөгжилд хүрэхийн тулд ард түмэн том зорилт тэмүүлэлтэй байж, хүчээ нэгтгэн дайчлах учиртай. Ийм том зорилтыг эхлээд монгол хүн бүр толгойдоо багтаах нь чухал юм. Хүмүүс хувь хувиа хөөгөөд хүрэх түвшин нэг янз. Харин нэг үндэстний хувьд хүчээ нэгтгэж чадвал хүрэх боломж өндөр байх болно. Үндэсний үзлээр л дамжуулж бид нэгдмэл зорилт тэмүүллээ ойлгон ухамсарлах болно. Амьдралын түвшин, чанараар хөршүүдээ гүйцэж, түрүүлэх зорилт дээр нэгдэе. Бидний үндэсний үзэл бол өөр үндэстний эсрэг үзэл биш. Өөрсдөө хөгжих, чамбайрах, хатуужих үзэл юм. Монголчууд "Хатуу үндэстэн" гэдэг хоч авъя.

2. Үндэсний төр улсаа бэхжүүлэх. Энэ бол үндэсний үзлийн чухал зорилт юм. Бид төрт ёсны уламжлалаараа онцлог ард түмэн юм. Монгол төр байж монгол үндэстэн байна гэж үздэг ард түмэн билээ. Үндэсний төр улсыг бэхжүүлэх зорилт нь энэхүү төр улсыг үүсгэн байгуулсан Чингэс хаанаараа бахархах, өв уламжлалыг нь баяжуулан хэрэглэх, төрийн сахилга хариуцлагыг хатуу чанд байлгахаас ихээхэн хамаарах болно. Монгол хүнд хүчтэй төр маш их хэрэгтэй байна. Заяа төөргөөрөө бид орос, хятадуудтай ихэнхдээ харьцдаг улс. Хөршүүд болох хятад, орос хүнийг олон зуун сая, миллиардаар тооцогдох зах зээл дэмжиж байна. Дэлхийд гайхуулах цэргийн их хүч, асар их байгаль, технологийн болон нийгмийн баялаг дэмжиж байна. Монгол хүнийг эцсийн эцэст хатуу чанга төрийн дэмжлэг, нээлттэй уян хатан сэтгэлгээ л бусдаас хоцроохгүйгээр өөд татаж байх учиртай. Хятад, Оросын төр иргэнээ, бизнесээ яаж дэмжиж байна, монгол төр түүнээс хэд дахин илүүгээр өөрийнхнийгөө дэмжиж байж бид чинь хөршүүдтэйгээ өрсөлдөхүйц болох боломжтой болно. Энэ үүднээс авч үзвэл "төрийн оролцоо бага тусмаа сайн" гэсэн импортлогдож ирсэн лоозон монголын эрх ашигт нийцэхгүй байна. Мэдээж дотооддоо амьдрал ахуйн аар саар юм болгонд төр засаг чөдөр тушаа болоод байх хэрэггүй.

З. Ардчилалын сул талыг үндэсний үзлээр нөхөе. Монгол хүн бүр эр эмгүй, хөгшин залуугүй төрийн хэрэгт оролцох хүчтэй уламжлалтай үндэстэн юм. Тэр чанараараа ардчилалыг бусад үндэстнүүдээс илүү хялбар, 10 гаруйхан жилийн дотор хүлээж авч чадлаа. Үүнийг гадаадын зарим судлаачид бас л "сонин үзэгдэл" гэдэг. Монголд эдүгээ олон намын тогтолцоо, чөлөөт сонгууль, хэвлэлийн эрх чөлөө гээд ардчилалын бүх элементүүд нэгэнт хэлбэршин тогтсон. Бидний хүсэж байсан ардчиллын хэм хэмжээ Үндсэн хууль, бусад хууль тогтоомжинд суугаад өгчихсөн учраас одоо дахин дахин нуршиад хэрэггүй. Үнэмлэхүй төгс төгөлдөр юм гэж үгүй болохоор ардчилалд өөрт нь дутагдал бий. Өөрөөр хэлбэл үндэсний эрх ашгаа ойшоохгүй байх, нийтлэг хувь заяатайгаа ойлгон ухамсралахгүй байх гээд "хувиа бодох" инстинкт давамгайлсан сөрөг үзэгдлүүд гардаг. Ардчилал хүний хувийн эрх чөлөөг дээдэлдэг. Үүнийгээ зохих хэмжээнд нь аваад явдаг хүн байна, зарим нь үүндээ бүр ташуураад, хэтрээд анархи маяг руу оруулдаг. Ийм муу үр дагаварыг би ардчиллын сул тал гэж нэрлэж байгаа юм. Зөвхөн ардчилал гэж яриад эрчимтэй хөгжлийн дараагийн шат руу гарч чадахгүй гэж би шүүмжлэлтэй ханддаг. Ардчиллын эхний давалгаа эрч нь суларлаа гэдэг дээр бүгд санал нэгддэг. Цаашдаа улс орноо хөгжүүлэхэд үндэсний үзэл, үндэсний онцлогоо барьж хөгжих үзэл чухал юм. Үндэсний үзэл улс орныг хөгжүүлэх төдийгүй ардчиллыг ч хөгжүүлэн хэвшүүлэхэд хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа. Үндэсний үзэл, ардчилсан үзэл хоёрыг хослуулаад явбал илүү бие биенээ баяжуулж, хамгаалж явах юм байна. Хамгийн гол нь энэ нийтлэг эрх ашгийг зангидах хүчин зүйл нь үндэсний үзэл билээ.

4. Үндэсний онцлогийг хөгжлийн эх үүсвэр болгоё. Үндэсний үзэл бол өөрийгөө гадныхантай харьцуулах ухамсар юм Монголчуудын онцлог юу вэ? Эх газрын эрс тэс хуурай уур амьсгалд нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдрах "нүүдэлчдийн соёлыг" бий болгосон ард түмэн билээ. Энэ нь суурин амьдралд тэр бүр зохицохгүй нь ойлгомжтой. Өөрийн гэсэн соёл, үндэсний давуу чанар үгүйгээсээ болж эзэлсэн улс орнууддаа ууссан хэмээн Бзежинский Монголын эзэнт гүрнийг дүгнэжээ. Энэ ууссан түүх бол соёлын гэхээсээ тооны хүчин зүйлээс хамаарсан болов уу гэж бодно. Чингэсийн өв залгамжлагчдын нэгэн нийтлэг зүйл бол тэдгээр нь эзлэн захирч байсан улс орнууддаа төр улсыг бэхжүүлж, энэ утгаараа, хүн төрөлхтний хэмжээнд төрт ёсны соёлыг түгээн хөгжүүлсэн юм. Гадны суурин иргэдээс "Та улсынхаа Ерөнхийлөгч болбол юу хийх вэ" гэхэд тэд "Би хэзээ ч Ерөнхийлөгч болохгүй. Бодсон юм алга" гэдэг. Харин монголчуудад энэ асуултыг тавибал заавал ч үгүй хэд хэдэн санаа оноо хэлдэг гэж гадныхан ярьдаг. Хүн бүр төрийн төлөө бодож сэтгэж явдаг сэтгэлгээний онцлогийг харуулж байна. Мөн сэтгэлгээний чөлөөт байдлын давуу талыг харуулж байгаа юм. Бид хүн амынхаа цөөнийг сэтгэлгээний давуу талаар нөхөх учиртай.

Чөлөөтэй, цар хүрээтэй, уян хатан сэтгэх, шийдвэрийг хурдан гаргах төрийн тогтолцоо, хувь хүмүүсийн чадвар зэргээр нөхөх учиртай. "Монголчууд инээсэн, баясгалантай хүмүүс байх юм. Өнөөгийн амьдрал нь бусдаас илүүгүй ч өөдрөг үзлээрээ та нар социалист байсан бусад орноос ялгарах юм" гэж олон орноор явж харьцуулж судалж байдаг хүн хэлж билээ. Хаана ч байхгүй соёл, сэтгэлгээний онцлог ялгаа бидэнд бий. Алтан гэрэгэ, хар цагаан сүлд, үндэсний хувцас, "эвэр" гэзэг, уулын тахилга, цагаан сарын золголт, хөөргөөр мэндчилэх ёсон, мөнгөн аяга, монгол гэр, цоохор авдар, монгол зураг, нүүдлийн мал аж ахуй, хүн төрөлхтөний соёлын өвд бүртгэлтэй морин хуур, уртын дуу гээд тоочиж үл барах онцлог байна. Харин эдгээрийг хувилан олшруулах, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлж дэлхийн бренд болгон түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байна. Үндэсний онцлогийг илтгэсэн бүтээл, бүтээгдэхүүн бүр нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндсэн эх үүсвэр болох юм.

5. Тарсан монголчуудыг үзэл санаагаар нэгтгэх. Дэлхийд биднээс гадна долоон сая гаруй монголчууд байдаг. Тэд бүгд түүхэн эх оронтойгоо оюуны холбоо хэлхээтэй байхыг эрмэлзэх нь зүйн хэрэг. Оюуны маш том зах зээл байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын бараг арван хувь нь гадаадад ажиллаж амьдрах болсон. Энэ нь нааштай үзэгдэл байхуу, сөрөг зүйл үү гэдэг нь бодлогоос л хамаарна. Өнөөг хүртэл урсгалаар, үндэстний хэмжээний зохицуулалтгүй, бодлогогүй явж байна. Харьд одогч монголчууд манлайлагчид байвал сайнсан. Монголын бөхчүүд Японд очиж үндэсний бөхийнх нь аврага болж байна. Англид боксын аварга болж байна. Гадаадын томоохон компаниудад удирдах ажил хийж буй монголчуудын тоо нэмэгдэж байна. Эдгээр залуус бол гадаадад хөдөлмөр эрхэлж хамгийн сайн орлоготой байгаа монголчуудын хэсэг. Солонгост олноороо мэргэжлийн бус, хамгийн энгийн ажил хийж байна. Энэ бол түр үзэгдэл байх. Гадаадад менежментийн ажил эрхлэх, шийдвэр гаргах өндөр түвшинд монголчуудыг тодруулъя.

Санхүү, банк, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт шийдвэр гаргах түвшинд ажиллах, технологи, хөрөнгө оруулалтыг Монгол руу татах чиглэлээр энд байхад нь бэлтгэн тодорхой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тэд монгол үндэстнээс "Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залын ивээл дор" илгээгдсэн элч нар байг. Монгол монголдоо эх орон болж байг. Гадаадад гарч амьдрагсад буцаж ирэхүйц амьдрал ахуйн сайхан орчин нөхцөл бий болгох нь үлдэгсдийн үүрэг болно. 

nice one! good luck!