Нийтлэл 

Нэр нь тодроогүй баатарлаг үйлстнүүд

1930-аад оны сүүлчээр Японы самурайн арми Зүүн хойд Хятад болон Манжуур, Өвөр Монголын Хайлаар хот, барга үндэстнийг бүхэлд нь эзэлж БНМАУ-ын зүүн талын хил, Халх гол, Хайлст манхан, Соёлз уул орчмоор үе үе дайран довтолж өдөөн хатгаж байсаар 1939 оны хавраас эхлэн хүчтэй довтолж Монгол Улсыг дайны байдалд оруулсан учраас ЗХУ 1921 онд байгуулсан гэрээнд авсан үүргийнхээ дагуу БНМАУ-д туслах зорилгоор Зөвлөлтийн армийн зарим ангийг Монгол Улсад ирүүлж самурайн эсрэг дайнд оруулснаар Халх голын дайн бол олон улсын шинж чанартай дайн болсон юм.

Монгол-Зөвлөлтийн олон арван их буу, нисэх онгоц, морин ба явган цэргүүд оролцож богино хугацаанд олон арван цэрэг дайчид эх орноо хамгаалах ариун үйлст амь хайрлахгүй эрэлхэгээр тулалдаж ялалт байгуулан Зөвлөлт-Монголын цэрэг, офицерууд улсын баатар цол, одон медалиар шагнагдсан боловч фронтын өвөр эгнээнд хил хязгаараа хамгаалж байсан хилийн цэргийн дайчдын дотроос нэр нь тодорч, гавьяа нь үнэлэгдээгүй үлдсэн зарим хүний нэрийг тодруулахыг эрмэлзэн энэхүү найрууллыг бичив.

Нэг

1939 оны тавдугаар сарын нэгэн өдөр Халх, Нөмрөгийн гол орчим цэцэг ногоо дэлгэрч янз бүрийн өнгөөр хорвоо дэлхийг чимэглэсэн үед хилийн цэргийн 24-р отрядын 2-р заставын цэрэг, түрүүч Н.Сэмжидсүрэн ахлагчтай хилийн харуулын шөнийн ээлжийн бүрэлдэхүүнд заставын дарга, ахлах дэслэгч Чогдон дор дурдсан үүрэг өгөв.

“Шөнийн харуул хоёр групп болж Хамар даваа, Хайлст манхан, Нөмрөгийн голыг хайчлан зөрж дархан хилээ хав харанхуй нүхэн шөнө хайрга элсээр догшиноор шуурч байсан ч харах нүдний тусгал бууруулахгүйгээр хайрт эх орныхоо хилийг хамгаалах хэрэгтэй. Бороо, цас, шуурганд тэсвэр алдаж болохгүй. Нохой шувуу хил нэвтэрч ирвэл хилээс дотогш 200-300 метр зайд устга. Самурайн тагнуул хил зөрчиж ирвэл амьд баривчлах хэрэгтэй, хилчид ойлгов уу” гэхэд цэргүүд “Ойлголоо, нөхөр ахлах дэслэгч ээ” гэв. “БНМАУ-ын дархан хилийг хамгаалах шөнийн харуул алхаад марш” гэхэд цэргүүд нирхийтэл хөл тавьж үлээвэр хөгжимд марш эгшиглэв. Түрүүч Сэмжидсүрэн цэргүүд мориндоо гэхэд оройн наран улбар шар өнгөөрөө алсын уулын толгойд шаргалтан байв.

Хамар давааны хяр Нөмрөгийн голыг хайчилж явахад цэлмэг хөх тэнгэр нам гүмхэнээр үүрийн шар гэгээтэй золгов. Хамар давааны хяр дээр мориноос буугаад дурандаж байтал Сэмжидсүрэнгийн хонгор халзан морь чихээ сортолзуулав. Морь юу харав гэж бодоод дахин дурандахад нэг явган хүн таван км орчим зайд хил нэвтрэн харгана дунд мөлхсөөр жижиг жалганд оров. Ойролцоо явсан цэргээ дохиогоор дуудаж ирүүлээд учрыг ойлгуулаад амьд барихаар шийдвэрлэж ойртож очоод хамт явсан цэрэгтээ морио бариулаад нөгөө этгээд орсон жалга руу өнгийн харвал дах нөмөрсөн хүн унтаж байгаа бололтой. Сэмжидсүрэн ухасхийн үсрээд дараад автал нөгөө этгээд өчих мэхээр Сэмжидсүрэнгийн дээр гараад ирэв.

Сэмжидсүрэн хариу мэхээр салтаа өөд нь өшиглөж, дээр нь гарч багалзуурыг нь шахан толгойд нь гар буугаа тулгаж бууж өг, биедээ авч яваа бүх зүйлээ гаргаж өг гэхэд эсэргүүцэх гэсэн боловч толгойд нь буу тулгасан тул бууж өгье, амь өршөө гэж монголоор ярив. Нөгөө этгээд хоёр гар буу гаргаж шидэв. Тэр даруй харуулын цэрэг ч ирж хил зөрчигчийг хүлэхийн тулд мориныхоо давхар байсан ногтыг авчирч хил зөрчигчийн хоёр гарыг ард нь хүлж дахин биед нь нэгжлэг хийхэд цэргийн газрын зураг хоёр ширхэг, дуран нэг ширхэг, шифрийн код илрэв. Харуулд явсан цэргүүд цугларав. Өдрийн харуулын цэргүүд ч ирэв. Харуул хүлээлцээд шөнийн харуулын цэргүүд хил зөрчигчийг застав дээр авчрав.

Нөхөр ахлах дэслэгчид хил зөрчигчийг баривчилж авч ирэв гэж баривчилсан бүх процессыг ярив. Хил зөрчигчийн өмдний тэлээ бүс зэргийг хурааж аваад тусгай байранд хүлэгтэй нь оруулж хориод харуулын хяналтад байлгаж байгаад отрядын тусгай ангид хүлээлгэж өгч шалгуулъя гэв.

Хил зөрчигч би өвөр монгол хүн. Самурай нарын хүчинд автагдаж хил зөрчиж ирсэн, амийг минь өршөөгөөрэй гэв. Удсан ч үгүй тусгай ангийн дарга төлөөлөгч нар ирж хил зөрчигчийг бүх буу зэвсэгтэй нь хамт авч явлаа.

Сар шахам хугацаа өнгөрсний дараа хилийн цэргийн газрын орлогч сайд Дордог отрядын төвд ирж нийт бие бүрэлдэхүүнд түрүүч Сэмжидсүрэн Японы курс сургууль хийсэн маш ноцтой тагнуулыг баривчилж хил хамгаалах үүргээ онц сайн биелүүлсэн тул Улсын бага хурлын даргын зарлигаар Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг мэдэгдэж Сэмжидсүрэнгийн энгэрт улаан тугийн одон зүүв.

Хоёр

1939 оны зургадугаар сард Японы самурайн цэрэг манай улсын дархан хилийг дайран довтолж халхын голын дайн эхэлсэн үе байв. Энэ үеэр отряд бүр хилийн харуулыг хүч нэмэгдүүлж харуулын цэргүүдийг хөнгөн пулемёттой группээр явуулж толгойн сэргийлэн гаргадаг болов. Хоёрдугаар заставын байлдагч Ламгансүрэнгийн Гомбосүрэн хөнгөн пулемёттой Хамар давааны харуулд гараад явж байтал самурайн хороо орчим цэрэг нэргүй өндөрлөгийн зүгт давшиж яваа нь илрэв. Гомбосүрэн дайснаас урьтаж нэргүй өндөрлөгийн оройгоор урьд нь бэлтгэсэн траншейг эзлэн авч пулемётоо байрлуулаад заставтаа дайсан давшиж байгааг мэдэгдээд ажиглаж байтал дайсны цэргүүд 300 орчим метр зайд ойртож ирэв. Гомбосүрэн гал нээж эхлэв.

Пулемётын үргэлжилсэн дуу тачигнаж дайсны цэргүүд бөөн бөөнөөрөө ханаран унаж байхыг харсан Гомбосүрэн яагаад ухрахгүй байна вэ? Намайг устгах гээд ухрахгүй байгаа болов уу гэж бодоод галласаар байв. Цаг гаруй давшиж байлдсаны дараа аргагүйн хүчинд дайсан ухарч алагдсан цэргүүдийнхээ хүүрийг зөөж эхлэв. Одоо л отряд заставаас хүч нэмэгдэж ирвэл дайсныг бүрэн устгаж болохоор байна даа гэж тэсэн ядан хүлээсэн боловч ар талаас сураг чимээгүй байв. Гомбосүрсэн галаа түр зогсоож буугаа шалгаж үзэхэд бууны нь гол төмөр их халсан цөөхөн сумтай байв. Гэтэл Гомбосүрэнг байраа сольж амжаагүй байхад дайсны цэргүүд дахин давшиж ойртож ирэв. Гомбосүрэн дахин гал нээж байтал дайсны цэргүүд хэд хэдээр унаж байгаа нь харагдав. Гэтэл Гомбосүрэнгийн зүүн мөр шархдав. Дахин зүүн талд сум тусав. Гомбосүрэн сум туссан газар малгайгаа тавиад байраа солих гээд пулемётоо чирээд траншейнд орох гэтэл зүүн гар нь ажилгүй болсон байв. Арай ядан байраа сольж бууныхаа амыг дайсан руу чиглүүлэхээр өндийхөд толгой нь эргэн унав. Ар талаас “ура ура” гэсэн дуу сонсогдоход дайсны цэргүүд ухарч байгаа бололтой.

Ар талаас ирсэн түрүүчийн цэрэг Гомбосүрэнг тэврэн авахад Гомбосүрэн та нар яасан удаж ирдэг юм бэ? Би ч яахав, та нар дайсныг хөөж бүрэн устгаарай, давшаарай гээд хөдөлгөөнгүй болов.

Отряд заставын дарга нар байлдаан болсон газарт шалгалт хийхэд пулемётод нь гурван сум үлдсэн, дайсны 40 гаруй цэргийн хүүр байв. Эх оронч эр цэрэг хүн ингэж л алтан амь бүлээн цусаа хайрлахгүй эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж явдгийн үлгэр жишээ нь энэ болой. Гомбосүрэнгийн цэрэг цамцны энгэрээс явуулж амжаагүй байсан хоёр захидал илрэв.

Эхний захидалд: Ээж минь таныгаа их санаж байна. Та намайг эх оронч болгожээ. Эх орон гэдэг хил хязгаараасаа эхэлдэг болохыг одоо л ойлгож байна. Манай зүүн хязгаар ямар сайхан юм бэ? Соёлз уул, Халх, Нөмрөгийн гол гээд л хэрэв бурхан байдаг бол бурхны заяасан эх орон газар шороог эзэн Чингэс хаан, Сүхбаатар нар бидэнд өвлүүлэн үлдээжээ. Хүү нь цэргээс халагдаж очоод ээжийнхээ ачийг аз жаргалаар хариулна даа, таны өргөсөн сүүн цацал над дээр ирж байгааг бодож явна. За баяртай гэжээ.

Хоёр дахь захидалд: Сайн байна уу? Должинсүрэн чамайгаа их санаж байна. Шөнө зүүднээс салахгүй, өдөр нүдэнд харагдаад байгаа юм шиг хайрын цогт царайг чинь хараад хараад ханахгүй хатан зүрхийг минь уяруулсан хаашаа янзын соронзон бэ? Соронзон төмрийг яаж татдаг билээ, түүн шиг чи минь намайг соронзон шиг татжээ. Манай энд хил тайван бус байна. Сэмжидсүрэн маань Японы тагнуул барьж улаан тугийн одонгоор шагнуулсан. Ээж аавд нь баяр дуулгаарай. Найз нь цэргийн хугацаа дуусгаж очоод Орхон мөрөнд сэлэн явдаг хоёр цагаан хун шувуу шиг жаргалтай сайхан амьдарна даа, чамайгаа чанга тэврэн үнсье гэжээ.

Гомбосүрэнд Монгол Улсын баатар цол олгох байсан боловч тухайн үеийн хилийн цэргийн удирдлагууд тодорхойлоогүй байжээ. Харин жанжин Лхагвасүрэнгийн санаачилгаар Халх голын дайны ялалтын 20 жилийн ойгоор Гомбосүрэнгийн хөшөөг Хамар даваанд босгосон нь хилчин дайчдад хилийн цэргийн баатарлаг үйл явдлын үлгэр жишээ нь болж Гомбосүрэнгийн хөшөөнд мөнхийн харуул зогсож байна.

одоо залуус д эх орон нутаг ус гэж сэтгэл байна уу??? нэр тор гэж байна уу? тор засаг гэж байна уу? Монгол оор мини дуурэн хужаа солонгос гэсэн паразит хувалз нар идээд дууслаа!!!!!!

Эх орнийхоо толоо алтан амиа хайрлаагуй баатар эрс ээр бахархаж байна бур нулимс дусаалаа миний овоо 1939 оний дайнд яваад иргэж ирээгүй юм гэнэ лээ