Нийгэм 

ОХУ-ын ШУА-ийн арван жинхэнэ гишүүн Монголд хөл тавина

Монгол Улс хөгжлөөрөө сүүл мушгиж байгаа. Гэхдээ монголчуудад бусадтай хөл нийлүүлэн алхах боломж бий. Ийм боломж шинжлэх ухаан өндөр хөгжсөн нөхцөлд бүрддэгийг урд хөршийнхөн бидэнд харуулж байна. Хятад улс сүүлийн хэдэн жилд тун хурдацтай хөгжсөн үсрэлт нь шинжлэх ухаан, технологийн ололт дээр тулгуурлаж байгааг олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Тэгээд ч Хятад шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд зориулж асар их хөрөнгө мөнгө зарцуулдаг байна. Манай улс шинжлэх ухааны салбарт өгдөг төсвийнхөө 40 орчим хувийг суурь судалгаанд оруулдаг бөгөөд суурь судалгаагаар дэлхийн улс орнуудтай зэрэгцэн алхаж байгаа.

Харин туршилт судалгааны ажлын хувьд тийм ч сайн биш. Энэ нь Монгол Улсын шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн бүтэц ихээхэн хоцрогдсонтой холбоотойг мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Сонирхуулахад, манай улс шинжлэх ухааны салбарт оруулдаг хөрөнгө оруулалтын 10 орчим хувийг туршилт судалгаанд зарцуулдаг. Тэгвэл өндөр хөгжилтэй орнуудын туршилт судалгаанд зарцуулдаг хөрөнгө мөнгөний хувь хэмжээ манайхаас давдаг. Хүмүүс эрдэмтдийг өрөө өрөөндөө суугаад юу хийдгийг нь сайн ойлгодоггүй. Тэгээд ч тэдний гараас юу гарч байгаа нь тодорхойгүй байдгийг яаж өөрчлөх талаар ШУА-ийн дэд ерөнхийлөгч Б.Энхтүвшингөөс асуухад “Эрдэм шинжилгээний ажлын онцлог гэж бий. Манай улсад үйлдвэрлэл төдий л сайн хөгжөөгүй. Ийм болохоор эрдэм шинжилгээний ажилчдын ажлын үр бүтээл нийгэмд төдий л анзаарагдахгүй байгаа. Энэ байдалд дүгнэлт хийж инкубаторын төвийг байгуулсан. Уг төвд эрдэмтдийн бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн өмнөх туршилтыг хийж байгаа” гэлээ. ШУА ирэх сарын сүүлийн долоо хоногт шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэх гэж байна. Энэ ойг угтан олон ажлыг зохион байгуулах аж. Тухайлбал, энэ сарын 20-23-нд Оросын шинжлэх ухааны өдрүүд Монголд болно. Энэ үеэр ОХУ-ын шинжлэх ухааны академийн арван жинхэнэ гишүүн ирж, сүүлийн жилүүдэд хийсэн ажлаа дүгнэн ярих аж. Зах зээлд шилжсэнээс хойш ийм олон ОХУ-ын нэр хүндтэй эрдэмтэн, академичид Монголд хөл тавьж байгаагүй юм. Мөн ирэх сарын 5-7-нд “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа-2007” үзэсгэлэн болно. Үзэсгэлэнгийн үеэр шинжлэх ухааны салбарт гарч буй хамгийн сүүлийн үеийн ололт амжилт, дэвшилтэй танилцах боломжтой юм. Монголын эрдэмтдийн гурван үеийнхний уулзалт ирэх сарын 6-нд болно.

О.Нямсүрэн