Эрүүл мэнд 

Ариун орчинд дархлаа сул

- Нялх хүүхэд босгоны шороо идэж дархлаатай болдог гэж ярьдаг. Бага зэрэг заваан байх зүгээр үү?

- Хүмүүс сүүлийн 50-иад жилийн хугацаанд стерил шахам орчинд амьдардаг болсон. Бүх юм нь ариутгасан. Идэж байгаа хоол унд, өмсөж байгаа хувцас, амьдарч байгаа орчин бүгд л ариутгасан болчихсон. Өглөө орой болгон усанд ордог. Хэт их дасвал дархлаа султай болчихдог гэсэн ойлголт бий. Гэтэл сүүлийн 50 жилээс өмнөх хугацаанд байгалийн шороо, шалбааг, бороо цастай холилдоод л амьдарч ирсэн.

Нэг талдаа хүүхдийг хэт стерил орчинд байлгах зөв ч гэсэн нөгөө талдаа энэ нь хүүхдийн дархлаа дасгалжихгүй байна гэсэн үг. Гэхдээ дасгалжуулж байна гээд бүр их заваан орчинд байлгах нь буруу. Гарыг нь маш сайн угаалгаж байх хэрэгтэй.

Ер нь хүүхдийн дархлааны шилжилтийн нас гэж байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд хоёр нас хүртлээ зөвхөн гэрийн орчиндоо байгаа бичил биет, нянтай харьцаж байна гэсэн үг. Цэцэрлэгт явж эхлээд нус гоожиж, бусад төрлийн халдварт өвчнүүдээр өвчилдөг. Энэ бол нэг талаас байдаг л зүйл. Хүүхдээ анх яслид өгөхийн өмнөөс аль болох чийрэгжүүлэх, витамин уулгаж, дархлааг нь сайжруулах хэрэгтэй. Тэрнээс биш хэргээр чийрэгжүүлэх гээд бохир, заваан байлгаад, шороо үмхүүлээд байх хэрэггүй.