Ашигт малтмал 

Хятадууд Оюу толгойд орж ирэх нь үнэн үү?

Америк, Канад болон Австрали зэрэг гадаадын арваад компани Нью-Йорк болон Торонтогийн бирж дээр Монголын зэс, алт, нүүрсний баялаг бүхий ордуудаар дэнчин тавьж хувьцаа гарган “тоглон” хөлжиж, хөрөнгө татан төвлөрүүлж байдаг бол үүнтэй зэрэгцээд өнөөдөр бас Монголд хөрөнгө оруулаад байгаа гадаадын компаниудын дунд нэг нэгнийгээ хадамд гаргах гэсэн, эсвэл бэр болгох гэсэн операци явагдаж эхэллээ.

Нэгэнт л тэдний нэг хэсэг нь манай томоохон ордод хөрөнгө оруулж, цаашид манай улсын ирээдүйд нөлөөлөх олборлолт, үйлдвэрлэл явуулах гэж байгаа болохоор энэ талаар дурьдалгүй өнгөрч болохгүй байх. Энэ үүднээс уул уурхайн ямар томоохон компаниудын дунд ямар “тоглолт” явагдаж байгааг дахин сонирхъё.

Дэлхийд тэргүүлэх зэрэгт орох уул уурхайн “Рио тинто” компани Оюу толгой ордод ажиллаж байгаа “Айвенхоу майнз” ХХК-д хөрөнгө оруулахаа мэдэгдээд байгаа.

Одоогоор арав шахам хувийг худалдан авч хөрөнгө оруулаад байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал цааш нь нэмж хөрөнгө оруулахаа ч саяхан илэрхийлсэн. Тэгвэл “Рио тинто”-г өөрийг нь хятадууд сонирхож байгаа мэдээлэл цацагдаад удаж байна. Гэтэл манай Таван толгойн төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаа, мөн дэлхийд нэгд тооцогддог уул уурхайн “BHP Billiton” компани “Рио тинто”-г 140 шахам тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсныг саяхан хэвлэлүүдээр мэдээлсэн. Үүнийг нь “Рио тинто” хангалттай санал биш байна гээд албан ёсоор хүлээн аваагүй байна.

Гэтэл яг энэ үеэр Хятадын компани мөн тэр хэмжээний, түүнээс ч илүү үнээр “Рио тинто”-г худалдан авах санал тавьсан гэсэн мэдээ хэвээрээ байна. Хэдийгээр үүнийг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр үгүйсгэж байгаа ч Хятадын төмрийн хамгийн том компани “Baosteel” “Рио тинто”-г худалдан авах санал тавьж магадгүй байгаагаа саяхан зарлажээ. Үүнийг гадаадын ажиглагчид “Рио тинто”-г худалдан авах санал тавиад бүтэлгүйтсэн “Би Эйч Пи”-гийн саналын хариу арга хэмжээ гэж үзэж байна. Яагаад гэвэл нэгд, хятадуудын тавьж байгаа худалдан авах үнийн санал “Би Эйч Пи”-гээс илүү байгаа. Хоёрт, хятадууд манай улсын Оюу толгой, Таван толгойн томоохон ордуудыг сонирхож, хамгийн том хөрөнгө оруулагч байх боломжтой гэдгээ нэг хэсэгтээ мэдэгдэж байсан талаар гадаадын хэвлэлүүд бичсээр байна.

Жишээ нь, Хятадын “Шинхуа” компани Таван толгойд хөрөнгө оруулалт хийхийн тулд зам тавьж байгаа талаар мэдээлэгдсэн нь бий. Тэгвэл Хятадад болсон “Эдийн засгийн дээд зэрэглэлийн уулзалт”-ын үеэр “Baosteel” компанийн захирал Шү Лижиан “Рио тинто”-г худалдан авах талаар “Бид энэ тал дээр анхаарал тавьж байгаа бөгөөд санал тавих өндөр магадлалтай байна” гэж хэлжээ. Хэрэв “Baosteel” “Рио тинто”-г авахаар шийдвэл 200 тэрбум ам.доллараас илүү санал тавих хэрэгтэй ч гэж мэдэгдсэн байна. Үүнийг хятадуудын сонирхол санаархал болж бүр улайрах шинжиндээ орох нь гэж гадаадын ажиглагчид дүгнэжээ. Бүр худалдан авахгүй юм гэхэд хятадууд “Рио тинто”-гийн хувьцаанаас ихээхэн хэсгийг авах боломж бас бий, үүнийг хятадууд судалж байгаа аж.

“Рио тинто”-г худалдан авах “Би Эйч Пи”-гийн саналыг эс тооцвол “Рио тинто”-г бэрээ болгох гээд байгаа хятадуудын сонирхол юунд байна вэ гэдэг дээр өнөөдөр гадаад, дотоодын хэвлэлүүд анаарал тавьж байна. Хятадуудын санаархлын ард нэгд, уул уурхайн тэргүүлэгч команиуд “Рио тинто” болон “Би Эйч Пи” хоорондоо нэгдчихвэл улам хүчирхэгжиж дэлхийн болон өөрсдийнх нь зах зээлд ч түвэгтэй болно гэдэг эмзэглэл байгаа гэх. Учир нь Хятад улс уул уурхай, төмөрлөгийн томоохон хэрэглэгчээс гадна үйлдвэрлэгч байхыг эрмэлзэж байгаа билээ. Хэрэв хятадууд “Рио тинто”-г худалдан авахад хүрвэл уул уурхайн салбар зонхилсон, гадаадын дээрх томоохон компаниуд хөрөнгө оруулан ажиллаж байгаа Австралийн зах зээлд хятадууд нөлөөлөх нь дамжиггүй байгааг гадаадын хэвлэлүүд тэмдэглэсээр байна. Яг үүнтэй адил байдал Монголд гарч магадгүй байгаа талаар ч гадаадын хэвлэлүүд цухуйлгаж эхэллээ. Харин манай Оюу толгойд хөрөнгө оруулаад байгаа “Рио тинто”-г худалдан авах хятадуудын саналд тус компанийн зүгээс одоогоор ямар ч албан ёсны хариу өгөөгүй хэвээр байна. Нэг ёсондоо “Рио тинто” өөрөө хадамд гарах гээд байна уу, эсвэл манай Оюу толгойг хадамд гаргах гээд байна уу гэдэг одоогоор эргэлзээтэй байгаа аж.

Б.Болд