Ашигт малтмал 

60-аад мянган нинжа төрийн шийдвэрийг дагаж амьдрах нь

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар өчигдөржин олны хөлд дарагдав. Учир нь, мэдээлэл авахыг хүссэн хүн бүрт тус байгууллагын хаалга нээлттэй байлаа. Засгийн газрын үйл ажиллагааны 100 хоногт эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, газрын тосны үнийг тогтвортой байлгах, гар аргаар ашигт малтмал олборлогчдыг зохицуулах, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон ордын эзэмшлийн талаар хийсэн ажлаа тайлагнав. Ашигт малтмал, газрын тосны салбарынхан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгжийн өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль, тогтоомжийг тайлбарлаж байв.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ нэмэгдсэнээс дотоодын зах зээлд үүссэн үнийн хөөрөгдлийг саармагжуулах зорилгоор шатахууны жижиглэнгээр борлуулах үнийг одоогийн төвшинд барихад онцгойлон анхаарчээ. Yнийн зөрүүнээс үүссэн алдагдлын 50 хувийг зээлийн хүүгийн нөхөн олговор олгох хэлбэрээр шийдвэрлэх асуудлыг “Yнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу газрын тосны бүтээгдэхүүн импортлогч “НИК” ХК, “Петровис”, “Магнай трейд”, “Сод Монгол”, “Шунхлай групп”, “Жаст Ойл”, “Ойн бирж” компаниудад зээлийн хүүгийн нөхөн олговор болгож 3.5 тэрбум төгрөгийг 2008 оны хоёрдугаар сард багтаан олгосон байна.

ЗТАЖЯ-ны Далайн захиргааны газартай хамтран булангийн орнуудаас сая тонн түүхий тосыг хэрхэн Монгол Улсад нийлүүлэх талаар ярилцсан, YХ-ны сайдын тушаалаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд жилд 250 мянган тонн түүхий тос боловсруулах үйлдвэрийн тооцоог тоймлон гаргаснаа газрын тосныхон онцолж байлаа. Монгол Улсад 60 мянга орчим нинжа улаан гараараа алт ухаж байна. Засгийн газраас саяхан “Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам,” “Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр” батлан гаргасан нь цагаа олсон шийдвэр болсонд уул уурхайнхан олзуурхаж байсан.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон Шивээ-Овоогийн болон Төмөртэйн ордын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэж тус стратегийн орд газруудын хил хязгаарыг нарийвчлан тогтоосон байна. Энэ жил Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт геоэкологийн судалгааг нарийвчлан хийнэ, Төв аймгийн Борнуур, Өвөрхангайн Уянга, Баянхонгорын Баян-Овоо, Өмнөговийн Мандал-Овоо сумын нутагт бичил уурхайн төсөл хэрэгжүүлэхээр зэхсэн гэдгээ ашигт малтмалынхан ярьж байв.

Н.Дөлгөөн