Улс орны нийгэм эдийн засгийн байдал
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 36 дугаар
зүйлийн 36. 1-д улс орны нийгэм, эдийн засгийн болон Засгийн газрын
санхүүгийн байдлын талаар Улсын Их Хурал олон нийтэд мэдээлэхээр заасны
дагуу улсын нийгэм, эдийн засаг, Засгийн газрын санхүүгийн байдлын
талаарх үндсэн үзүүлэлтүүдийн түвшинг УИХ дараахь байдлаар тоймлон олон
нийтэд мэдээлж байна:
1. 2007 онд хөдөлмөрийн насны хүн амын тоо 1 642.2 мянга, эдийн засгийн идэвхтэй хүн ам 1054.0 мянга, ажиллагсдын тоо 1024.1 мянга, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүд 29.9 мянга болж, ажилгүйдэл 2.8 хувийн түвшинд хүрч, 2004 оныхоос 0.8 пунктээр буурсан байна.
- 2. Төсвийн байгууллагад ажиллагсдын цалингийн дундаж түвшин 2004 оны эцэст 85.9 мянган төгрөг байсан бол 2008 онд 300.0 мянган төгрөг болж 3.5 дахин нэмэгджээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2004 онд 40,0 мянган төгрөг байсан бол түүнийг шат дараатайгаар нэмэгдүүлэх арга хэмжээ авсны дүнд 2008 онд 108.0 мянган төгрөгт хүрлээ. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2004 онд 32.0 мянган төгрөг байсан бол 2008 онд 81.0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 20.0 мянган төгрөг байсан бол 54.0 мянган төгрөг болж 2.5 - 2.7 дахин нэмэгджээ. Дундаж тэтгэврийн хэмжээ 2004 онд 33.7 мянган төгрөг байсныг 2008 онд 93.0 мянган төгрөгт хүргэж, 2.8 дахин нэмэгдүүллээ. Инфляцийн нөлөөллийг арилгаж тооцсоноор 2007 онд 2004 оныхоос нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 24.3 хувь, үүнээс цалин хөлс 44.0 хувь, тэтгэвэр тэтгэмж 95.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.
- 4. Хэрэглээний үнийн индекс 2007 оны эцэст 15.1 хувь боллоо. Хэрэглээний үнийн индексийн 2000-2003 оны дундаж 5.6 хувь байсан бол 2004-2007 оных 10.4 хувь болж нэмэгдсэн байна.
- 6. Улсын төсвөөс 2000-2003 онд 146.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол 2004-2007 онд 617.0 тэрбум төгрөгт хүрч өмнөх 4 жилийнхээс 4.2 дахин нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2000-2003 онд 593.5 сая ам. доллар байсан бол 2004-2007 онд 1380.4 сая ам.доллар болж, 2.3 дахин өссөн байна. Боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ байнга өссөөр байна. Сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгийн тоо 2004-2007 онд дунджаар 734 болж 2000-2003 оныхоос 10.3 хувиар, тэдгээрт хүмүүжиж буй хүүхдийн тоо 2004-2007 онд дунджаар 92.3 мянга болж 2000-2003 оныхоос 8.3 хувиар тус тус өссөн байна. Ерөнхий боловсролын сургуулийн тоо 2007-2008 оны хичээлийн жилд 754 болж 2004 оныхоос 44-өөр нэмэгдэв. Суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин 2004 онд 87.1 хувь байсан бол 2007 онд 93.7 хувь, бага боловсролын хамран сургалт 2004 онд 89.8 хувьтай байсан бол 2007 онд 93.5 хувь болсон байна. Эрүүл мэндийн салбарын хувьд 2004-2007 онд 100,000 төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2000-2003 оны дундаж түвшингөөс 38.4 хувиар, амьд төрсөн 1000 хүүхэд тутамд ногдох нялхсын эндэгдэл 43.6 хувиар тус тус буурсан байна. Орон сууцны фонд 2000-2003 онд дунджаар 6649.7 мянган квадрат метр байсан бол 2004-2007 онд дунджаар 7586.5 мянган квадрат метр болж 14.1 хувиар нэмэгдлээ. Орон сууцны фонд 2007 онд 8105.1 мянган квадрат метр болж 2004 оныхоос 977.7 мянган квадрат метр буюу 13.7 хувиар нэмэгдсэн байна.
- 8. Гадаад худалдааны нийт эргэлт 2000-2003 онд жилд дунджаар 7.2 хувиар, 2004-2007 онд жилд дунджаар 29.6 хувиар тус тус өсч, гадаад худалдааны нийт эргэлтийн дундаж өсөлт сүүлийн 4 жилд өмнөх 4 жилийнхээс 4.1 дахин нэмэгдэж, гадаад худалдаа бүхэлдээ идэвхжсэн байна. Үүний зэрэгцээ Монгол улсын төлбөрийн нийт тэнцэл 2007 оны урьдчилсан гүйцэтгэлээр 240.7 сая ам.долларын ашигтай гарч байна.Монгол улсын гадаад өрийн үлдэгдэл 2007 оны эцэст 1.5 тэрбум ам доллар байна. Гадаад зээлийн өрийн үлдэгдлийн 64.0 хувийг олон улсын санхүүгийн байгууллагад төлөх төлбөр эзэлж байгаа бол үлдсэн 36.0 хувийг хандивлагч орнуудад төлөх төлбөр эзэлж байна. Гадаад өрийн үлдэгдлийн хэмжээг олон улсын төвшинд тооцдог аргачлалаар авч үзэхэд сэрэмжлүүлэх түвшингөөс доогуур байна.
- 10. Санхүүгийн төлөвт тусгагдаагүй боловч Засгийн газрын урьд гаргасан шийдвэрийн улмаас гарч болзошгүй өр төлбөр, нэмэлт зардал, орлогын дутагдал гарахааргүй төлөвтэй байна. Харин одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээрх хүнсний зарим бүтээгдэхүүн, газрын тосны үнийн өсөлтөөс хамаарч аж ахуйн нэгжүүдийн зардал өсч улмаар улсын төсөвт төвлөрөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого буурах, түүнчлэн орон сууцны салбарт Засгийн газрын бондын арилжаагаар орж ирэх хөрөнгийн эргэн төлөлт муудах, олон улсын зах зээлд Засгийн газрын бонд гаргаж 1.2 тэрбум ам.долларын эх үүсвэр төвлөрүүлэхэд ханш, хүүгийн зөрүүнээс үүдэн гарах алдагдал, 2007 оны хөрөнгө оруулалтын зарим санхүүжилт он дамжсантай холбогдож, 2008 оны төсвийн санхүүжилтэд нэмэлт ачаалал гарч болзошгүй зэргийг анхаарах шаардлагатай байна.


өөдрөг байж улс эх орноо хөгжүүлцгэе!
сайн цаг ч удахгүй нь дээ
овоо доо, мэдэгдэхүйц дээшилж байгаа юм байна.