Монгол 

Монголын эдийн засгийн хурдацтай өсөлт үргэлжлэх боловч инфляцид түлхүү анхаарах хэрэгтэй байна

Монголын экспортын үндсэн бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээрх үнэ ханш өндөр байгаа болон санхүүгийн салбар тогтвортой өсөж, хүлээгдэж буй төсвийн тэлэх бодлоготой уялдан Монголын эдийн засгийн хурдацтай өсөлт хэвээр байх магадлалтай байна гэж Азийн хөгжлийн банк (АХБ)-наас гаргасан тайланд өгүүлжээ.

АХБ-наас жил бүр хэвлэн гаргадаг Азийн хөгжлийн төлөв 2008 (АХТ) эдийн засгийн гол тайланд бус нутгийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон гаргадаг. Энэ АХТ-д дурьдсанаар, Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)-ний өсөлт сүүлийн 3 жилийн хамгийн өндөр түвшин болох 2007 оны 9.9 хувьтай харьцуулахад бага зэрэг буурч 2008 онд 9.5 хувьд, 2009 онд 9 хувьд тус тус байхаар байна.

Эдийн засгийн бүхий л салбар өсөж, түүний дотор мал аж ахуйн үйлдвэрлэл болон хурдацтай хөгжиж буй үйлчилгээний салбарын өсөлт нь ДНБ-нд 3.7 болон 3.6 хувь тус тус эзэлсэн нь Монголын эдийн засаг 2007 онд өсөхөд нөлөөлжээ. Хэдийгээр дэлхийн зах зээл дээрх зэс, алт болон нүүрсний үнэ ихээр нэмэгдэж, эрдэс баялаг, уул уурхай салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт үргэлжилж байсан боловч уул уурхайн үйлдвэрлэл харьцангуй бага хувиар өсчээ. 

2008-2009 онуудад эрдэс баялгийн экспорт хурдацтай өсөх, гадаадаас гуйвуулах мөнгөний урсгал нэмэгдэх, саяханы импортын барааны үнийн өсөлт бага зэрэг намжих зэрэгтэй холбоотойгоор урсгал данс ашигтай гарч, ДНБ-ний 2 хувьтай тэнцэх төлөвтэй байна.

“Засгийн газрын зүгээс уул уурхайн салбарт орж ирэхээр хүлээгдэж буй хөрөнгийн томоохон урсгал болон олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтөөс олох экспортын их хэмжээний орлогын мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх сөрөг үр дагаврыг саармагжуулах арга хэмжээ авахыг оролдож байгаа ч инфляцийн дарамт байсаар байх бололтой. Үүнээс гадна оны дундуур болох Улсын Их Хурлын сонгуулийг угтан зарцуулах төсвийн нэмэгдэл зардал үүнд мөн сөрөгөөр нөлөөлж болох юм” хэмээн энэ АХТ-д дурьдсан байна. Монгол Банкнаас явуулж буй инфляцийг сааруулах бодлого, хүнсний болон нефть бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад чиглэсэн Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь 2007 оны эцэст байсан инфляцийн өндөр түвшин болох 15.1 хувийг бууруулах боловч 2008 онд жилийн дундаж инфляцийн түвшин 10.5 хувь, 2009 онд 9.5 хувь болж 2007 оны дундаж 9,0 хувиас өндөр хэвээр байх магадлалтай байна.

Монгол улсын хувьд хамгийн гол сорилт нь нэг талаас уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжлөөс олох ашиг орлогыг хуваарилах сонирхол, нөгөө талаас инфляцийг тогтоон барих, мөн түүнчлэн эдийн засгийн нийт салбарт оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих гэсэн хэрэгцээ шаардлагын хоорондын зохистой харьцааг хангахад оршино. Эдийн засаг нь хэдхэн бүтээгдэхүүнээс хамааралтай байгааг харгалзан эдийн засгийн өсөлтийн шинэ эх үүсвэрийг бий болгоход зорилгоор нийгэм, дэд бүтцэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.

Монголын хувьд АХТ өсөлтийн эерэг дүр зургийг таамаглаж буй бөгөөд энэ нь тус улсын экспортын бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр харьцангуй өндөр үнэтэй хэвээр байж, цаг агаар тааламжтай, Монголын экспортын бүтээгдэхүүний үндсэн зах зээл болох БНХАУ-ын эдийн засгийн өндөр өсөлт хадгалагдах нөхцөлд хэрэгжих магадлалтай юм.

Asian Development Bank Mongolia Resident Mission
Улаанбаатар, Монгол
2008 оны 4 дүгээр сар