Хууль 

1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон бол ажилласан жилийг тооцохгүй

Сүхбаатар дүүргийн XII хорооны иргэн 86 настай Л.Дондоо манай сонинд хандсан юм. Энэ хүн 19 настайдаа цэргийн албанд татагдаж тэндээсээ Цэргийн яамны төв сургуулийг дүүргээд зүүн хязгаарын 31 дүгээр отрядад даргаар томилогдож 1945 оны чөлөөлөх дайн, 1947 оны баруун хязгаарын тулгаралтад оролцож улсынхаа хилийг хамгаалж явсан ахмад дайчдын нэг.

Тэрбээр улсад 54 жил ажилласан хэдий ч ажилласан жилийнхээ тал хувиар тэтгэвэр тогтоолгожээ. Цэргийн байгууллагад ажиллаж байгаад 1952 онд халагдан улсын хэвлэлийн үйлдвэрт 1973 он хүртэл ажиллаж хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэртээ гарсан байна. Улмаар Спортын төв ордонд жижүүрээр ажиллаж байгаад 1995 онд халагджээ. Энэ мэт улсад нийт 54 жил ажиллачихаад 26 жилээр тэтгэвэр тогтоолгосон аж.

Түүнчлэн Л.Дондоо “Улсын хэвлэлийн газарт ажиллаж байхдаа орон сууцны өргөдөл өгсөн боловч үйлдвэр дампуурч харьяалах байгууллагагүй болсон. Улмаар 1992 оноос хойш хотын захиргаанд байрны өргөдөл удаа дараа явуулсан. Үүний хариуд 2003 онд хуваарилсан ахмад дайчны байрны бүртгэлд бүртгэж авсан тухай тэр үеийн хотын менежер Т.Бадамжунайн гарын үсэгтэй бичиг тус хорооны Засаг даргад ирсэн боловч одоог хүртэл шийдэгдэхгүй сураг тасраад байна.

Одоо миний бие хоёр охин, нэг хүү, ач зээ бүгд наймуулаа дөрвөн ханатай гэрт амьдарч байна. Дээр нь тал цус харваж нүд хараагүй болсон. Энэ байдлыг харгалзан үзэж орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөх, мөн 28 жилийнхээ хүч хөдөлмөрийг үнэлж тэтгэвэр олгох боломж байна уу” хэмээн холбогдох хүмүүсээс тодруулж өгөхийг хүссэн юм.

Энэ тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хүн амын хөгжил, НХХ-ын бодлого зохицуулалтын газрын орлогч дарга С.Отгонхундагаас тодруулахад “1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон бол сүүлийн жилүүдийг тооцох боломжгүй байгаа. Харин 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон хүмүүс шимтгэл төлөөд ажилласан жилээ тооцуулж болно. Гэхдээ 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг хохиролгүй болгох үүднээс хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа. Одоо хэлэлцэгдэж байна. Энэ асуудал шийдэгдвэл үлдсэн жилийг тооцон тэтгэвэр тогтоолгох боломжтой” гэлээ.

Д.Цолмон