Ази 

Токиод аймшигтай хэрэг гарчээ

Уржигдар Токио хотын Акихабара дүүрэгт  Томохиро Като гэгч этгээд гудамжинд явж байсан  20 хүнийг хутгалж шархдуулсан байна.  Хохирогчдоос долоо нь газар дээрээ нас баржээ. Амь үрэгдэгсдийн нэг нь  эргүүл хийж явсан хууль сахиулах байгууллагын ажилтан байсан аж. Хэргийн газар түргэн тусламжийн 17 баг ажилласан боловч зарим хохирогчийн амийг аварч чадаагүй байна.

25 настай гэмт этгээдийг  цагдаа нар тэр даруйд нь баривчилж амжжээ. Тэрбээр ямар ч гэм зэмгүй, гудамжинд явж байсан хүмүүст халдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай  хууль сахиулах байгууллагаас мэдэгдэв.  Чухам яагаад ингэх болсноо "Амьдралаас залхсан" хэмээн тайлбарласан байна.  Гэрчүүдийн ярьснаар алуурчин  машинаараа гудамжинд явж байсан гурван хүнийг дайрсныхаа дараа хутгалсан байж. Тэгснээ Акихабара метроны буудал руу явах замдаа тааралдсан хүмүүсийг үгийн зөрөөгүй хутгалжээ.

Одоогоос яг нэг жилийн өмнөх энэ өдөр Японы иргэн, 37 настай Икэда гэгч бага сургууль руу дайран орж  сурагчдын амь насанд халдсан хэрэг гарсан билээ. Тэр үеэр найман хүүхэд амь үрэгдсэн юм.