Сонгууль 2008 

Д.Батбаяр: Таны өмнө сууж байгаа энэ Кёкүшюзан өөрийн биеийн амрыг сонгож болох байсан

Кёкүшюзан Батбаяр бол уншиж дуусашгүй ном юм. Бүх талаар нээгдсэн хүн юм шиг атлаа бидний огт таньж мэдээгүй нууцлаг олон талыг өөртөө агуулсан, энэ цагийн нэгэн хүчирхэг бие хүн юм. Залуу хүний эрч хүч, байгуулсан амжилт, бүтээсэн нэр төрөө улс эх орондоо өгөхөөр наашаа итгэлтэй алхан ирж яваа дэлхийд танигдсан супер од юм. Түүний ярианы нэгээхэн хэсгээс уншигч олондоо хүргэж байна. Таалан сууж уншина уу.

- Мэдээж Кёкүшюзаны амьдралын маш олон жил өрсөлдөөн дунд өнгөрсөн. Энэ үүднээсээ өрсөлдөөн гэдэг ойлголтыг хамгийн илүү мэдэх хүний нэг. Харин өнөөдөр таны орж байгаа энэ өрсөлдөөн таны мэдэх тэр хуучин ойлголтоос юугаараа өөр байна вэ?

- Өдий хүртэл амьдарч ирсэн, өөрөөр хэлбэл сүмогийн ертөнцөд намайг хүрээлж байсан тэр өрсөлдөөний орчин бол өмнөө зогсч байгаа нэг өрсөлдөгчийг өөрийнхөө төлөө ялах ёстой гэсэн л ерөнхий агуулгад захирагддаг өрсөлдөөн байсан. Өнөөдөр бол би цоо шинэ өрсөлдөөн дунд ороод явж байна. Өнөөдөр би өөрийнхөө төлөө биш Монгол эх орныхоо төлөөх өрсөлдөөнд орж байна. Энэ хоёрын хооронд маш том ялгаа бий. Улс эх орноо хөгжүүлэх хөгжлийн бодлогын өрсөлдөөн, тэрийгээ хэрэгжүүлэх үзэл санааны өрсөлдөөнд би орж байна.
 
- Өөрийн тань мэдэх спортын ертөнцийн тэр өрсөлдөөн бол хамгийн шударга зүйл дээр тулгуурладаг. Харин энэ удаагийнх?

- Улс төрийн өрсөлдөөнд оролцох туршлага надад бага байна. Улс төрд би шинээр орж ирж байгаа хүн. Төсөөлж байснаас тэнгэр газар шиг ялгаатай бодит орчин намайг угтаж байна. Миний хувьд бол 16 жил магадгүй энэ ертөнцийн хамгийн шударга өрсөлдөөн дунд амьдарсан. Би хэдийгээр ардчилсан нийгэмд өөрийн залуу насныхаа тодорхой хэсгийг өнгөрөөсөн, хар багаасаа олон нийт болон хэвлэл мэдээллийнхний хараанд амьдраад сурчихсан хүн ч гэсэн зарим талаар өнөөдрийн энэ өрсөлдөөний орчин шударга биш санагдах үе олон тохиолдож байна. Ер нь бол ойлгохгүй ертөнц дотор Кёкүшюзан өнөөдөр ороод ирчихсэн байна. Өмнө нь хамгийн ойлгомжтой тойрог дотор Кёкүшюзан өрсөлдөж, ялалт ялагдлын амтыг мэдэрч амьдарч ирсэн бол өнөөдөр ойлгомжгүй тойрог дотор ороод ирчихсэн алхаж явах шиг тийм мэдрэмж надад өөрийн эрхгүй төрж байна. Нэр дэвшигч нар бүгдээрээ л эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө явж байгаа байх. Бүх нам ялгаагүй Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө л зүтгэж байна гэж би боддог. Гэхдээ тэр зорилгыг хэн хамгийн зөв бодлогоор авч явж, хамгийн зөв үр дүнд хүргэж чадах вэ гэсэн өрсөлдөөн явагдаж байна. Ямар арга замаар улс эх орноо хөгжүүлэх вэ гэсэн үзэл бодлын өрсөлдөөн.
 
- Таныг улс төрийн сонголтоо хийхэд би хувьдаа гайхаагүй. Харин зарим хүчнийхэн гайхсан бололтой юм?

- Үнэнээ л яримаар байна. Яг үнэнийг хэлэхэд улс төрийг Кёкүшюзан сонгоогүй юм аа. Улс төр намайг сонгосон.
 
- Ямар ч бэлтгэлгүй, юу ч санаж зориогүй явсан Кёкүшюзаныг уу?

- Үгүй ээ, улс эх орныхоо төлөө зүтгэхээр санаа сэтгэл нь шулуудсан Кёкүшюзаныг. Өнөөдөр таны өмнө сууж байгаа энэ Кёкүшюзан өөрийн биеийн амрыг бодоод явж болох байсан. Хангалттай боломжийн дунд бие сэтгэлийн зовлонгүй, хувиа хичээгээд амьдраад явж болох байсан. Японы иргэн болоод, тэнд уусан шингэж болох байсан. Тэр орны ард түмэн намайг хүндэтгэж байна, хүрээлж байна. Намайг Японы иргэн болохгүй ээ гэсэн хариултыг өгөөд зогсч байхад бүгд толгой сэгсэрч байсан. Японд байгаа маш олон ажил хэргээ би бүгдийг нь зогсоогоод эх орноо гээд гарсан. Ард иргэдийн маань амьдрал ахуй, улс орны маань хөгжил харамсалтай нь тийм сайн биш байна. Тодорхой тооны хүмүүсийн амьдрал сайхан л байгаа байх. Гэхдээ дийлэнх ард иргэдийн маань амьдрал гутранги байна. Энэ бүгдийн хажуугаар юу ч болоогүй юм шиг явж чадсангүй. Тэвчсэнгүй. Ингээд бодохоор ард түмний маань энэ ядарсан зүдэрсэн байр байдал, улс орны маань хөгжлийн хоцрогдол намайг улс төр рүү татан оруулж байх шиг байна.
 
- Ардчилсан намд гишүүнээр элссэн тухайд?

- Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөж байсан тэр түүхэн үед 16 настай хүү анхны өлсгөлөнд нь оролцож, ах эгч нартайгаа хамт тэмцэнэ гээд талбай дээр очиж байлаа. Өлсгөлөнд оролцох хүмүүсийн жагсаалтад нэрээ бичүүлж чадсан. Даваагийн Батбаяр гэдэг нэрээ гүйж байгаад бичүүлж чадсан. Дараагийн үйл явц өрнөөд явчихсан. Нас асуугаад 16 гэхийг минь сонсоод ахын дүү болохгүй гээд буцаасан. Тэгсэн ч гэсэн орой болтол ах эгч нартайгаа хамт сууж байгаад харьсан. Сэтгэл зүрх минь юунд татагдаж байсныг одоо оноогоод хэлэхэд хэцүү ч ямар нэгэн дуудлагаар би тэр үйл явцыг балчир ч гэсэн өөрийн оюунаараа дэмжиж байсан. Удалгүй би Япон явсан. Ардчиллын буянаар явсан шүү дээ. Ардын хүүхдүүдийн өмнө тэр бүр боломж нээлттэй байсан гэж би хэлж чадахгүй. Өнөөдрийн Кёкүшюзан хэмээх нэрийг надад Ардчилал өгсөн юм. Ардчилсан нийгэм биш байсан бол өнөөдөр та бид хоёр ингээд эрх чөлөөтэйгөөр нийгмийнхээ алдаа оноог шүүн хэлэлцээд, үзэл бодлоо чөлөөтэй солилцоод сууж байхгүй байсан.
 
- 16 нас гэдэг ихэнх хүүхдийн хувьд учраа олоогүй үе юм шиг атлаа яг хувь хүний хөгжил дээр аваад үзэхээр тэр битгий хэл хайрлаж дурлах, тэмцэх чадварыг хүртэл олсон байдаг нас. Ямар нэгэн болохгүй бүтэхгүй зүйлсийн талаар мэдрэмж авсан болоод л та тийм алхам хийж байжээ дээ?

- Тэр мэдрэмж нь яг юу байсныг би оноож хэлж мэддэггүй юм. Ах эгч нартайгаа нийлж том үйл хэргийн төлөө тэмцэнэ, явна гэсэн бодол л байсан. Тэрийгээ мохоолгүй шийдвэрээ гаргаад яваад очсон. Юунаас болж тийм алхам хийснээ тайлбарлаж чаддаггүй юм. Би бөх болно гэсэн мөрөөдөлтэй л хүүхэд байсан. Оросын алдартай аваргуудын тухай их уншина. Зураг хөргийг нь цуглуулна. Энэ томчууд шиг хэзээ нэгэн цагт олимпийн аварга болох юмсан гэж мөрөөднө. Гэхдээ Японы тухай ямар нэгэн зүйл миний мөрөөдөлд байгаагүй юм шүү. Оросын нөлөө л их байсан болохоор оросын голдуу бөхчүүдийг шүтнэ. Том болоод ийм сайхан аварга болох юмсан. Гадаадад очих юмсан. Өөрөө бие даах юмсан гэсэн хүсэл л их байсан. Гадаад гэдэг маань тэр үеийн бидэнд хамгийн эхлээд Орос л буудаг байлаа шүү дээ. Нэг талаас хүсэл мөрөөдөл маань намайг ардчиллын үйл хэрэгт оролцохыг түлхэж байсан байж мэдэх юм. Тэгээд тэр үед ардчиллын ах эгч нарын гаргаж тавьж байсан үзэл санаа, тэр бүх зүйл цоо шинэ, урьд өмнө хэзээ ч сонсоогүй зүйл байлаа шүү дээ. Жишээлбэл, Монголын хэдэн дарга биш бүх ард иргэд нь гадаад паспорттой болно, малыг нэгдэл гэж булааж авах биш малчдад нь өгнө, байр орон сууцнуудыг төрийн мэдлээс гаргаж, бүгдийг нь иргэддээ өмчлүүлнэ гээд л. Тэгэхэд манай аав ээж хоёр энэ худлаа л гэж хэлж байсан. Харин би итгэж байсан. Миний сэтгэл зүрхэнд итгэл гэдэг зүйл байсан. Би итгэж, бас тэдний ярьж тэмцэж байгаа юм зөв гэдгийг мэдэрч байсан учраас өөрөө явж очсон юм билээ. Яг тэр гэж хэлэхэд хэцүү нэг мэдрэмж л намайг хөтөлсөн юм шиг байгаа юм.
 
- Залуу нас өөрөө их хариуцлагагүй шинжийг агуулж байдаг. Бид эх орон гэх ойлголтод хавирахгүй явсаар өдий төдий он жилүүдийг өнгөрөөчихсөн байдаг. Харин таны хувьд бол өөр. Хар багаас энэ ойлголтын дор захирагдаж амьдарсан?

- Тийм ээ. Үнэхээр тийм.
 
- Эх орон хаанаас эхэлдэг вэ гэсэн асуултын нэг сайхан хариу байдаг юм. Тосгоны минь дэргэдэх гурван улиаснаас гэсэн. Харин таны хувьд эх орон хаанаас эхэлсэн бэ?

- 16 нас хүрлээ би эх орон хаанаас эхлэхийг мэдээгүй, мэдрээгүй явж байсан. Хүүхэд байж дээ. Миний хувьд яг Япон оронд хөл тавиад, Японы дэвжээн дээрээс мэдэрсэн гэж боддог. Тэнд очоод Даваагийн Батбаяр гэх нэр маань Монголын Батбаяр гэж дуудуулж эхэлсэн. Монголын Батбаяр гэж дуудуулсан анхны өдрөөс эх орон эхэлсэн гэж би боддог. Монголын гэх тэр дуудлагаас, Монголын гэх тэр овгоос эхэлсэн.
 
- Амжилтад хүрсэн хүмүүсийг судлаад байхад хүүхэд байхдаа л ямар нэгэн онцгой шинжийг агуулж байсан нь анзаарагддаг. Хүүхэд ахуй үеийн бусдаас онцгой тэр шинж юу байсан бол?

- Бусдаас онцгой нэг их олон чанар байгаагүй дээ. Яахав, жаахан том биетэй л жаал байсан байх. Сахилгагүй гэх алдар мэдээж зүүсэн байж таарна. Хүүхдүүд нийлээд нэг юм сэдээд, тэрийгээ хэлэлцэж яриад тохирчихсон байхад би дандаа өөр юм санаачилдаг зантай хүүхэд байсан. Тэгээд тэрийгээ биелүүлэх гэж ятгасаар байгаад нөлөөндөө оруулчихдаг, тэгээд л минийхээр болдог. Ийм зан харин надад хар багаас маань байсан. Сахилгагүй хүүхэд мөртөө дарамтлах дээрэлхэх арга замаар биш ярьж, ухуулаад зөвшөөрүүлэх арга замаар асуудлыг шийдэж өөрийнхөө төлөвлөгөө рүү нөхдөө хөтөлдөг тийм зантай л хүүхэд байсан. Онц сурахдаа сурна, сайн сурахдаа сурна, нэг их хичээж гүрийж сүйд болохгүй, бас бүр хичээл номоо хаячихгүй тийм л дундаж хүүхэд. Нэгдүгээр ангид байхад дэлхийн гуравдугаар дайн гарвал дэлхий сөнөнө гэж ярьдаг байсан. Тэр үед би нэгээс гурав хүртэлх ангийн бүх хүүхдийг цуглуулж байсан.

Гуравдугаар дайн гарвал бид зогсооно шүү гэж хүүхдүүдэд уриалж ярьж байсан. Гуравдугаар ангийн бүлгийн дарга нар зогсчихсон сонсоод байж байгаа ш дээ. Увс аймгийн хоёрдугаар 10 жилийн сургуулийн хойд талд бүгдийг нь гаргаж ирээд тэгж ярьж байсан. “Сур, сур, бас дахин сур” гэсэн лоозонгийн доор эмэгтэй, эрэгтэйгүй бүгдийг нь цуглуулаад гадаа би яриа хийж байсан. Тэгээд хонх дуугарч, намайг сахилгагүйтлээ гэж захирлын өрөөнд оруулсан. Энэ хүүхдүүд цуглуулж ингэж үймүүллээ гээд л аваад орохгүй юу. Захирал надаас асуусан. Чи яагаад тэгсэн юм гэж. Би үнэнээ л хэллээ. Дэлхийн гуравдугаар дайн гарвал бид л зогсооно гэж би хүүхдүүдэд ярьж уриалж байсан юм гэж. Тэгсэн захирал надад бал өгөөд сайн хүүхэд байна гээд гаргаж байсан юм. Хэрэв загнаад гаргасан бол тэр жаахан хүүхэд ямар ч мэдрэмж авах байсан юм билээ, тийм ээ. Тэр захирал одоо ч байдаг гэсэн.
 
- Ямар хөөрхөн дурсамж вэ ?

- Одоо эргээд санахаар сонин санагддаг юм. 

- Кёкүшюзаны дотоод ертөнцийг бүрэлдэхэд ээжийнх нь нөлөө илүү их байсан юм шиг санагддаг. Ер нь манай монгол эмэгтэйчүүд хүчирхэг шүү дээ?

- Маш их. Манай ээж өөрөө оюутан, аав маань цэргийн хүн байлаа. Дөрвөн хүүхэдтэй, манай бага дүү арай гараагүй байсан. Дөрвийн дөрвөн хүүхэд дагуулчихсан их сургуулийн оюутан хүнд амьдрал бол мэдээж амар байгаагүй биз. Аав маань цэргийн хүн болохоор маш завгүй, үргэлж тушаалаар амьдардаг. Ээж маань л бүгдийг зохицуулдаг байсан.

- Их дайчин эмэгтэй харагддаг?

- Манай ээж үнэхээр дайчин. Ээжийгээ магтаж байгаа юм биш шүү. Ээжийнхээ талаар мэддэг, мэдэрдэг зүйлээ л ярьж байгаа юм. Ээжийгээ би их олонтой хүн гэж боддог. Ээжийг хүн болгон таньдаг байсан. Ээжийн чинь найз, ээжийн чинь шавь, ээжийн чинь танил гэсэн олон хүн өнөөдөр намайг нэр дэвшээд явж байхад таараад уулзаж амжилт хүсч байна. Ээжээрээ их бахархдаг. Манай ээж намайг бага байхад тоглоомоор ер нь таслаагүй. Хайраар огт дутаагаагүй. Дээр нь намайг тэвчээртэй, дайчин болгох гэж маш их сургаж хүмүүжүүлдэг байсан.
 
- Таны аав Даваа цэргийн хүн. Цэргийнхний тухай танд ер нь ямар ойлголт байдаг юм. Социалист нийгэмд цэргийнхэн асар өндөр нэр хүндтэй хүмүүс байсан?

- Аавыгаа дүрэмт хувцсаа өмсөөд явахаар их бахархдаг байсан. Хүүхэд болгон л цэргийн дарга болно гэж ярьдаг. Би ч гэсэн аав шигээ цэргийн дарга болно гэж хааяа мөрөөддөг л байсан. Ер нь манайд чинь тэр үед цэргийнхэн цагдаагийнхнаас илүү нэр хүндтэй байсан юм шүү дээ.
Яагаад гэвэл эх орноо хамгаалах үйлсэд хүчин зүтгэдэг. Манай аав бол хамгийн том дарга гэж би ойлгодог байсан. Иргэний хамгаалах штабын дарга байсан. Ямар нэгэн онцгой хэрэг явдал болоход аав хамгийн түрүүнд дуудагддаг байсан. Хамгийн эхэлж командалдаг. Ааваараа бахархаад л үнэхээр гоё байдагсан. Бас аав маань депутат. Айлд орохоор депутатын тэмдэг зүүсэн аавын маань зураг байна. Их баярладаг байсан. Цэргийнхнийг би шилдэг эрчүүд гэж одоо ч ойлгодог.
 
- 43 дугаар дунд сургуулиас танаас өөр алдартан төрсөн үү?

- Энэ тухай би мэдэхгүй байна. Өмнө нь бодож, сураглаж байсангүй.
 
- Сургуульдаа та эргэж очсон уу?

- Барилдаж байхдаа нэг удаа очсон. Дараа нь манай нөхөд очсон гэсэн. Миний нэрэмжит анги байдаг юм билээ.
 
- Цэцэрлэгээр хүмүүжсэн биз дээ?

- Ясли, цэцэрлэг, нэгдүгээр ангидаа Увс аймагт байсан. Одоо болтол цэцэрлэгийн ангийнхан, нэгдүгээр ангийнхан маань намайг таньдаг. Тэгээд хоёрдугаар ангидаа 50 дугаар сургуульд орсон, гуравдугаар ангидаа шилжээд 15 дугаар сургуульд очсон. Тэгээд Ховдын хоёрдугаар 10 жилд шилжиж ирсэн. Тэндээсээ эргээд дөрөвдүгээр ангидаа Улаанбаатарт 15 дугаар сургуульдаа ирсэн. 43 дугаар сургуульд долдугаар ангидаа шилжиж ирээд, ахиад Ховд руу нэгдүгээр найман жилд очсон. Наймдугаар ангийнхаа дундаас эргэж Улаанбаатарт ирж 43 дугаар дунд сургуульдаа ороод төгсч байсан. Аав маань цэргийн хүн болохоор гэр бүл нь хаа яв гэсэн газар болгонд нь хамт явж сууж байсны жишээ энэ л дээ. Хүүхдийн сурлага хүмүүжилд бол энэ байдал сөрөг нөлөөтэй. Ялангуяа том биетэй хүүхэд бол очсон газраа хүүхдүүдийн хараанд орно. Дээрэлхүүлнэ, зөрчилдөнө. Тэрнээсээ болж сурлага хичээлдээ суларна. Хэцүү л дээ.
 
- Бүр толгой эргэчихлээ. Хэдэн удаа шилжсэн юм бэ?

- Тоогоо алдсан. Нэг ёсны тэмцэлд суралцаж байсан үеүд гэж би боддог юм. Бас намайг их олонтой, нийтэч хүн болоход нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тэгээд л би Япон явсан. Японд би хэн болох ёстойгоо мэдэрсэн. Хувийн чанартай нэг л хүсэл байсан. Дүү нараа энэ өндөр хөгжилтэй оронд авчирч сургана гэсэн. Тэр мөрөөдлөө биелүүлсэн. Ээж маань биднийг төрүүлж өсгөх гэж яаж явсан билээ. Тэр ачийг хариулахын тулд би дүү нараа боловсролтой сайн хүн болоход нь туслах ёстой. Энэ хүслээ би биелүүлсэн. Тавууланг нь япон хэлтэй болгож, тавууланг нь сургаж чадсан. Нөгөө нэг хүсэл нь энэ сайхан спорт руу Монголын хүүхдүүдийг оруулъя гэсэн хүсэл. Тэрийгээ би биелүүлсэн. Өнөөдөр манай Монголын дөчөөд залуу барилдаж байна. Өнөөдрийн ялалт надад хэзээ ч чухал байгаагүй. Маргаашийн, ирээдүйн ялалт л чухал байсан. Би бэртэж болохгүй гэж өөртөө хатуу хэлдэг байсан. Бэртэж гэмтсэн Кёкүшюзан эх орондоо ирээд юу хийж чадах юм бэ. Энийг би үргэлж бодож явсан. Миний нас залуу ч Японы сүмогийн дэвжээн дээр бол ахмад шүү дээ.
 
- Ер нь та арай эрт зодог тайлчихсан юм биш үү?

- Үгүй. Би зогсох ёстой газраа зогссон. Манай үндэсний бөх шиг жар гарсан хүн зодоглож байдаг талбар биш шүү дээ.
 
- Таны хэмжээний нэр алдартай хүнд тэндэхийн иргэн болох санал ирж л байсан байх даа?

- Тэнд байгаа манай залууст бүгдэд нь ирж болох, ирж байсан санал л даа. Миний хувьд Монголдоо ирж, монгол хүний ёсоор амьдарна гэсэн зорилго угаасаа байсан. Монгол бүсгүйтэй гэрлэнэ гэж боддог байсан. Монгол бүсгүйтэй ханилсан. Хоёр хүүхэдтэй болсон. Тэгээд зодгоо тайлаад эх орондоо ирлээ. Одоо эх орныхоо төлөө зүтгэх хүсэл эрмэлзэл дүүрэн байна.
 
- Тэр том супер орны ард түмэнд хүндлэгдээд, амжилтад хүрээд ирлээ. Таныг бие бялдрын ч, нэр төрийн ч бэртэлгүй ирсэн гэж би хувьдаа үздэг. Мэдээж энэ нь амар байгаагүй байх?

- Нэр хугарахаар яс хугар гэдэг. Энэ бол миний хар бага наснаас өөртөө тавьсан зарчим. Хүний газар нэрээ хичээж явах нь зөвхөн миний хувийн асуудал байсан гэж би боддоггүй. Монголынхоо нэрийг хичээсэн нэг хүүгийнх нь чин сэтгэл байсан юм.
 
- Кёкүшюзан юу хийх нь тодорхой. Япон, Монголын хоёр ард түмний гүн хүндлэл дунд явдаг таныг улс эх орныхоо төлөө улс төрд орж, өөрийн давуу талаа төрд ашиглуулахаар шийдсэнд ахин баяр хүргэж, амжилт хүсч байна. Хүлээн авна уу?

- Сэтгэл зүрх, нэр хүнд, өөрт байгаа бүхнээ би ард түмнийхээ төлөө зориулахад бэлэн. Урьд өмнө нь хийж байсан ажлууд маань үр дүнгээ өгөөд явж байна. Гэхдээ л хийх ажил асар их байна. Япон орны тэр агуу их хөгжлөөс эх орон руугаа чирэх гэж чадлынхаа хэрээр зүтгэнэ. Тэр орны ард иргэдийн намайг гэсэн сайхан хүндэтгэл дээр суурилсан олон санаачилга ирж байна. Одоо залуус бид улс эх орноо бодож зүтгэх цаг үнэхээр ирсэн байна. Улс орноо бид л хөгжүүлэхгүй бол өөр хэн хөгжүүлэх юм бэ. Тийм биз дээ. Ингээд танай сонины уншигчдад сайн сайхныг хүсч, Сонгинохайрхан дүүргийнхээ нийт сонгогчдод Ардчилсан намаас нэр дэвшигч “Дөрвөн бэрх”-ийгээ дэмжээрэй гэж уриалж байна.
 
- ”Дөрвөн бэрх” гэдэг бол тэргүүн төлөг буухын нэр. Та бүхэнд ахин амжилт хүсч, Сонгинохайрхан дүүрэгт тэргүүн төлөг буухын ерөөл дэвшүүлье.

Б.Ганчимэг