Дэлхий дахинд 

Финландад ноцтой хэрэг гарав

Уржигдар Финландын Хельсинки хотын Каухайоки коллежид нэгэн аймшигт хэрэг гарчээ. 22 настай Матти Юхани Саари гэгч оюутнууд руу гал нээсний улмаас 11 хүн нас барж, гурван хүн шархдсан байна.

Гэмт этгээд өөрийнхөө тархи руу буудсанаас амь үрэгджээ. Түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч амийг нь аварч чадсангүй. Амь үрэгдсэн арван хүний нэг нь багш, ес нь нэг ангийн оюутнууд юм байна. Гэмт этгээд оюутнуудыг буудан хороосныхоо дараа гал тавьсан тул амь үрэгдэгсдийг хэн болохыг тогтооход амаргүй байсан гэнэ.

Цагдаа нар гэмт этгээдийг үлдээсэн бичгийг олсон байна. Түүндээ 2002 оноос хойш уг хэргийг үйлдэхээр бэлтгэсэн тухайгаа бичжээ. Матти Юхани Саари нь хүмүүсийг үзэн яддаг байсан бөгөөд "Мизантропи" буюу хүнийг үзэн яддаг бүлгийн гишүүдтэй харилцаж байжээ.

Мөн аймшгийн кино, хүнд рок, компьютер, буу, секс, шар айраг сонирхдог нэгэн байсан гэнэ. Гэмт этгээд халдлагад хэрхэн бэлдэж байгаагаа дүрс бичлэгээ интернэтед байрлуулсан байна. Түүн дээр М.Ю.Саари нэгэн буудлагын газарт гартаа "Вальтер P22" буу барьсан байжээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард буу эзэмших зөвшөөрөо авсан юм байна.

Хэрэг гарсаны дараа Финландын Ерөнхий сайд Матти Ванханен, Боловсролын яамны сайд Сари Саркомаа нар Каухайоки коллежид очиж нөхцөл байдалтай танилцжээ . Тэд тус сургуулийн ажилтан, сурагчид болон хотын удирдлагуудтай уулзсан байна. Ийм хэрэг гарсантай холбогдуулан Финландад өчигдөр гашуудал зарлажээ.

Д.Цэрэндолгор