Сонгуулийн биелэгдэшгүй амлалт ба Монголын эмзэг эдийн засаг
Хамгийн энгийнээр бодоход хүн бүрт 1.5 сая төгрөг олгох юм гэхэд энэ нь 3.9 их наяд /триллион/ болох. Түүний дээр төсвийн байгууллагын ажилтан, ажилчдын цалинг гурав дахин өсгөж бодвол нийтдээ долоон их наяд гараад давхичихна.
Хамгийн энгийнээр бодоход хүн бүрт 1.5 сая төгрөг олгох юм гэхэд энэ нь 3.9 их наяд /триллион/ болох. Түүний дээр төсвийн байгууллагын ажилтан, ажилчдын цалинг гурав дахин өсгөж бодвол нийтдээ долоон их наяд гараад давхичихна.
Улс төрийн хоёр том намын сонгуулийн хөтөлбөрт эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг мөрөөдсөн 10-12 санааг дэвшүүлсэн ч тодорхой зорилт дэвшүүлээгүй гэж манай цөөнгүй эдийн засагч шүүмжилж байгаа. Харин аль аль нь уул уурхайн томоохон орд газрын ашиг орлогод дулдуйдсан их мөнгө амлаж байсан нь сонгогчдын горьдлогыг төрүүлж тэдэнд саналаа өгөхөд нөлөөлсөн нь мэдээж.
Гэтэл энэ нь Монголын байтугай эдийн засгийн тэнхээтэй орны хувьд ч биелшгүй мөрөөдөл байсныг зарим хүн хүлээн зөвшөөрч эхэллээ.
Сонгуулиар парламентад олонхийн суудал авсан МАХН уул уурхайн ашиг орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг тарааж, төсвийн ажилтны цалинг гурав дахин өсгөх амлалт өгч байсан.
Иргэд ч МАХН ялчих юм бол маргаашаас нь л гар дээрээ 1.5 сая төгрөг бэлнээр авч, бараг тийм ийм юмандаа зарцуулна гээд төлөвлөх шахаж байлаа. АН ч өрсөлдөгчөөсөө урьтаж нэг сая төгрөг амлаж, зарим газар батламж нэртэй эрээн цаасыг сонгогчдод олгож тархийг нь угааж байв даа. Энэ тооцоогүй их мөнгөний тоо МАХН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулалцаж, эдийн засгийн бодлогыг нь тодорхойлсон Ч.Улаан, Т.Очирхүү ч юмуу Сангийн сайд асан Н.Баяртсайхан нарын толгойд л багтаж байсан уу гэхээс барагтайхан тооны машинд ч багтахааргүй болчихоод байна.
Хамгийн энгийнээр бодоход хүн бүрт 1.5 сая төгрөг олгох юм гэхэд энэ нь 3.9 их наяд /триллион/ болох. Түүний дээр төсвийн байгууллагын ажилтан, ажилчдын цалинг гурав дахин өсгөж бодвол нийтдээ долоон их наяд гараад давхичихна. Гэтэл төсвийн байгууллагад ажиллагсдыг нийгмийн бүтээмжгүй хэсэгт оруулдаг гээд бодвол манайд өнөөдөр нэгэнт алдагдаад байгаа хөдөлмөрийн бүтээмж, цалингийн харьцаа улам холдох нь дамжиггүй.
Ийм тэнцвэргүй харьцаа улс орныг ямар байдалд хүргэдгийг Зимбабве улсын жишээ хэдхэн жилийн дотор бодитойгоор дэлхий нийтэд харуулсан гашуун түүх бий. Тэнд хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн бодит чадавхийг харгалзалгүй байгалийн баялагтаа бардаж асар их бэлэн мөнгийг улсын төсвөөс гаргаснаар бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, ард түмний олонхи нь өлсгөлөн гуйланчлал, ядуурал, ажилгүйдэлд нэрвэгдсэн билээ.
Бидэнд ийм юм тохиолдох вий гэж болгоомжлоод, арай өөдрөгөөр төсөөлөөд бодъё л доо. “Алаагүй баавгайн арьс” Оюутолгойг ойрмогхоноос ашиглаж байсан бол жилдээ нэг их наяд төгрөгийг төсөвт янз бүрийн замаар төвлөрүүлэх байлаа гэж манайдаа толгой эдийн засагчид харамсдаг.
УИХ, Засгийн газар шийдвэрээ гаргаад, хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээрээ байгуулаад ашгаа хүртэж эхэлнэ гэж төсөөлье. Дээр нь Тавантолгойгоос жилдээ 500 сая ам.доллар олно ч гэж саная. Тэглээ гээд ДНБ дөрвөн наяд төгрөгт хүрсэн ч улсын төсвийн зарлага түүнийхээ 50 хувийг “уучихдаг” манай хувьд иргэдийнхээ гар дээр сая саяар нь мөнгө тавих нь юу л бол. Олон улсын жишгээр бол улсын төсөв нь ДНБ-ийнхээ 20 хувьтэй тэнцэж байвал хэвийн хэмжээний эдийн засаг гэж тооцдог байна. Үүнээс үзвэл Монголын эдийн засаг асар эрсдэлтэйд багтана.
Дээрх бүдүүн бараг тооцоо болон Монголын эдийн засгийн байдлаас харахад сонгуулийн санал цуглуулахаар зохиож олсон МАХН, АН-ын “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” үлгэр байсан нь төсөөлөгдөж байгаа байх. Манай эдийн засгийн “том толгой” гэгддэг МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн О.Чулуунбат нар ч саяхны сонинуудад дээрх “хувь”, “хишиг”-ийг тараах эдийн засгийн эрүүл боломж байхгүй болохыг ний нуугүй хэлж, хамтарсан Засгийн газарт багтсан МАХН, АН-ынхныг ард түмнээсээ уучлалт гуйхыг санал болгосон нь ортой гэдгийг эртхэн ойлгож ухаарвал өлзийтэй байх.
Д.Мөнхжаргал

