Нийгэм 

Эрдэнэт, Монросцветметийн хувийг шилжүүлэхээр болжээ

ОХУ-ын ерөнхийлөгч ийм зарлиг гаргасан байна

ОХУ-ын Засгийн газар уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр болоод Монголросцветмет нэгдлээс эзэмшидэг өөрийн мэдлийн 49 хувийг өөр компанид шилжүүлсэн гэсэн мэдээлэл тус улсын сайтад өнгөрсөн наймдугаар сард гарч байсан. Тухайн үед уг мэдээлэл үнэн эсэхийг холбогдох албаны хүнээс тодруулахад “Одоогоор ийм мэдээлэл ирээгүй байна. Уг нь хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу энэ тухай манайд албан ёсоор, заавал мэдэгдэх ёстой.
Тэгэхээр худал мэдээлэл болов уу” гэсэн хариуг өгч байсан билээ.

Тэгвэл ОХУ-ын Засгийн газар манай Засгийн газарт дээрх үйлдвэрийн өөрийн мэдлийн 49 хувийг өөр компанид шилжүүлэх болсон тухай албан тоотыг саяхан ирүүлсэн байна. Энэ талаар Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддоржоос тодруулахад “Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн 49 хувийг Оросын Засгийн газар эзэмшдэг. Энэ ч утгаараа тус улсын Ерөнхийлөгч дээрх үйлдвэрийн төлөөллийг хэрэгжүүлэх байгууллагыг сольсон тухай зарлигийг саяхан гаргасан байна. Энэ талаар тус улсын Засгийн газраас манай Засгийн газар болоод Гадаад хэргийн яаманд албан бичиг ирүүлсэн байгаа. Одоо энэ асуудлыг судалж байгаа бөгөөд Гадаад хэргийн яамаар дамжуулан хариу өгөх болно гэсэн юм.

Л.Оюунгэрэл