Сонгуулийн дүн - VII/1 

Буудах тушаалыг цагдаагийн дарга нар өгсөн үү

Долдугаар сарын 1-ний өдрийн үймээний үеэр дөрвөн иргэнийг буудаж амь насыг нь бүрэлгэсэн. Уг хэрэгт цагдаагийн зарим албан хаагчдыг буруутган Ганцхудаг дахь цагдан хорих төвд баривчлан саатуулж байгаад уржигдар батлан даалтад гаргасан.

Иргэдийг буудах тушаал хэн өгсөн гэдэг нь одоогийн байдлаар эцэслэн тогтоогоогүй боловч цагдаагийн зарим дарга нарыг сэжиглэн байцаалт, мэдүүлэг авсан байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Ганбаатар нараас УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албаныхныг гэрчээр дуудан байцаажээ.

Цагдаагийн дарга нарыг буудах тушаал өгсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр мэдүүлэг авсан төдийгүй албан тушаалаас нь түдгэлзүүлэх хүсэлтийг ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очирт тавьсан байна. Энэ хүсэлтийг цагдаагийн удирдлагууд ярилцаж байгаад тэднийг ажлаас нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн хариултыг өгсөн гэж албаны эх сурвалж хэлж байна.

Олны анхаарлыг татсан энэ хэрэгт цагдаагийн дарга нарыг байцааж мэдүүлэг авч буй нь цагдаагийнхны дунд багагүй бужигнаан үүсгээд байгаа юм. Хоёр сарын туршид иргэдийг хэн буудсан, хэн тушаал өгсөн гэсэн хариултыг цагдаа дотроос хайж эхэлсэн УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан энэ удаа хэргийн сэжүүрээс атгасан гэдэгтээ санал нэгдэж байгаа аж.

Харин иргэдийг буудах тушаал өгсөн байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж эхэлсэн НЦГ-ын дарга хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Ганбаатар нар үүсээд байгаа нөхцөл байдалтай санал нэгдэхгүй байгаагаа хэлж байна.

Тэдэнд ийн үзэх шалтгаан байгаа аж. Үймээн болсны дараа Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Ганбаатар хэвлэлд ярилцлага өгөхдөө, “Буудах тушаалыг ямар нэгэн дарга өгдөггүй. Энэ бол цагдаагийн байгууллагад хуулиар олгосон эрх. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт үйлдлийг өөр арга, хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол цагдаагийн албан хаагч тодорхой тохиолдлуудад галт зэвсэг хэрэглэнэ гэж гэж заасан. Харин тэр өдөр ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд байлдааны зэвсэг хэрэглэхгүй байх тушаал өгсөн учир бид байлдааны сум тавьж олгоогүй” гэсэн байна.

Тэр өдрийн үймээнийг гэмт хэргийн шинжтэй, зохион байгуулалттай үйл явдал болсон гэдгийг дэд хурандаа энэ үеэр онцолсон. Хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаатараас энэ талаар тодрууллаа.

- Буудах тушаалыг таныг өгсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэсэн. Энэ үнэн үү?

- Өнгөрсөн баасан гаригт УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан надаас энэ асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан. Яагаад гэвэл тэр өдөр би ажилтай байсан юм.

- Таныг албан тушаалаас чинь түдгэлзүүлэх албан тоот ЦЕГ-ын даргад ирсэн гэсэн. Та мэдсэн үү?

- Хэвлэлд энэ тухай гарсан гэж хүнээс сонссон. Надад албан ёсоор хэлээгүй. Би яг одоо эмнэлэгт хэвтэж байна.

- Зарим хэвлэлд таныг буудах тушаал өгсөн мэтээр мэдээлжээ?

- Би ажлаа л хийсэн. Арай тэгэхгүй байлгүй дээ гэж итгэж л сууна.

В.Сарантуяа