Баруун аймгийнхан эрчим хүчний эрх чөлөөг эдэлнэ
Хэдхэн жилийн өмнө манай улс ОХУ-аас урд хөршид экспортлох хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрүүлэх хүсэлт тавьж байсан. Гэвч бүтээгүй. Харин дахин ийм хүсэлт тавих шаардлага гарахгүй нь бололтой. Учир нь нүүрсийг олборлохгүйгээр газрын гүнд нь хийжүүлэх технологийг ашиглан хэрэгцээгээ хангах цаг ойрхон болжээ.
Энэхүү төслийг “Грийн ресурс” компани хэрэгжүүлж байгаа бөгөөд анхлан Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байрлах Нүүрст хотгорын уурхайг түшиглэн үйлдвэрээ барихаар төлөвлөжээ. Баруун бүсийг сонгож авсан нь учиртай юм байна.
Баруун бүсийнхэн жилд ОХУ-аас 50 сая квт.цаг эрчим хүч авч хэрэглэн төлбөрт нь 17.5 сая ам.долларыг төлдөг гэнэ. Иймээс шинэ технологид суурилсан цахилгаан, дулааны станц, хэрэглээний хийгээр эрчим хүчний хомсдолд байнга орж байдаг бүсийг сонгожээ. Төсөл хэрэгжиж эхэлснээр нэг квт эрчим хүчийг 50, нэг куб.метр дулааныг 200 төгрөгөөс ихгүй өртгөөр хэрэглэх боломжтой болох юм байна. Ингээд зогсохгүй аймгийн төвүүдээр дамжих хийн хоолой тавьж ахуйдаа хэрэглэх боломжийг ч судалж байгаа аж. Энэ технологи нь нүүрсийг олборлох, тээвэрлэх зардлыг хэмнэхээс гадна түүхий нүүрсний хэрэглээг багасгаж агаарын бохирдлоос ангижрахад туслана. Тус компани Хотгорын нүүрсний уурхайтай хамтран ажиллах 100 жилийн тогтвортой байдлын гэрээ хийжээ. “Грийн ресурс” компанийн захирал Б.Чулуунбаатараас шинэ технологийнх нь талаар тодруулсан юм. Тэрээр Ховдын унаган хүү юм билээ. Удахгүй нутагтаа, айл бүрт бэлэгтэй очно гэсэн. Тэр нь гэрэл, дулаан байх юм.
- Энэ технологийг өмнө нь ашиглаж байсан болов уу?
- Энэ технологийг ОХУ-д 40-өөд жил хэрэглэсэн. Гэхдээ Канадын компанид 100 хувь эзэмшүүлэхээр зарсан юм билээ. Тиймээс энэ компани Казакстан, Авсрали зэрэг улсуудад томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ Хятад, Энэтхэг улсууд өөрийн онцлогт тохируулан бага хэмжээний нэмэлт арга боловсруулж ашиглаж байгаа.
- Танайх гаднын хөрөнгө оруулалттай компани уу?
- Манайх 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани. Гэхдээ энэ ажлаа хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзэж байгаа.
- Нүүрснээс шатдаг хий гаргах энэ төсөлд хичнээн хэмжээний хөрөнгө хэрэгтэй байгаа вэ?
- 20 сая ам.доллар хэрэгтэй. Гэхдээ энэ нь ОХУ-аас авч хэрэглэж байгаа эрчим хүчний жилийн төлбөртэй л тэнцэх хэмжээний мөнгө юм.
- Нүүрснээс хий гаргах ажлаа туршиж үзсэн үү?
- Монголд туршаагүй. Гадаадад нүүрс аваачиж хий гаргаж үзсэн. Нүүрсийг шатаагаад дулаан гаргах, хий гаргах хоёрын аль нь ашигтай байгаа талаар тооцож үзсэн. Мэдээж хий гаргаж аваад цахилгаан, дулаанаар иргэдийг хангах нь аль ч талдаа хэмнэлттэй, ач холбогдол ихтэй байсан. Байгаль орчинд сөрөг нөлөө байхгүй.
- Нүүрсийг газар дор нь шингэрүүлнэ гэж байна. Тэгэхээр газар дор юу үлдэх юм бэ?
- Энэ нь нүүрсийг газрын гүнд нь ууршуулж шатамхай хийг шүүн ялгаж авах арга юм. Өөрөөр хэлбэл нүүрсний энергийг нь100 хувь авчихаж байгаа учраас газрын дор нүүрсний үнс нь л үлдэнэ.
- Баруун таван аймгийн хэрэгцээнээс илүү гарах уу?
- Хотгорын нүүрс 120-140 сая тоннын нөөцтэй нь тогтоогдсон. Энэ нь баруун таван аймгийг эрчим хүч, дулаанаар хангаад зогсохгүй гадагш экспортлох ч хүчин чадалтай гэсэн үг.
- Нээлтээ хэзээ хийхээр төлөвлөж байна?
- Ирэх жилийн өдийд үйлдвэрийнхээ нээлтийн туузыг хайчлах төлөвлөгөөтэй байгаа.
М.Алтанцэцэг

