Америк 

Билл Клинтон: Америкийн эдийн засгийн хямрал “Катрина” хар шуургыг санагдуулж байна

“CNN” телевизийн сэтгүүлч Ларри Кингийн энэ удаагийн зочноор АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон уригджээ. Тэрээр дэлхий нийтийг хамарсан санхүүгийн зах зээлийн хямрал, Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөөний талаар ярьжээ.

- Танаас дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын талаар эхэлж асуумаар байна?

- Бид өнгөрсөн хугацаанд олигтой өөрчлөлт хийж чадаагүйн үр дүн энэ юм даа. Гэхдээ одоо санхүүгийн зах зээлийн тогтолцоогоо бүхэлд нь аврахын тулд ямар нэгэн алхам хийх ёстой. Америкуудын бараг талаас илүү хувь нь хөрөнгийн биржтэй шууд ба шууд бусаар холбоотой байдаг. Тийм болохоор тэд мөнгөний ханшийг аль болох тогтвортой, банк санхүүг хатуу суурьтай, зээллэгийн чадамж өндөртэй байхыг хүсч байгаа. Энэ бол ерөөсөө л санхүүгийн тогтолцоог бат найдвартай байлгах тухай яриа юм. Би жирийн ард иргэдийн уур бухимдлыг барж, галзууруулах дөхөж байгаа энэ байдлаас яаж гарч болох зөвлөгөөг холбогдох хүмүүст өгнө. Жилийн өмнө дөө, Хиллари маань орон сууц барьцаалан зээлдүүлэх явдлыг хойшлуулах гэж их оролдсон. Гэхдээ ийм хямралыг ашигтай тал руу эргүүлэх боломж бас байдаг. Зөв алхам хийж чадвал татвар төлөгчдийн мөнгийн эргүүлж олгох байдлаар эрсдлээс гарч болдог. Би Мексикт их хэмжээний мөнгө зээлдүүлж байсныг чи санаж байгаа биз дээ.

- Тийм ээ, санаж байна.

- Гурван жил гаруй хугацаанд өнөө зээлсэн мөнгөө авсан. Их олон сая ам.доллар хуримтлагдсан. Эдийн засгийн тэр аймшигт хямралын үед ингэж ажилласны хүчинд хэдэн сая орон сууц зээлдэгчээ аварч чадсан юм шүү. Бид үнэхээр мөнгө босгож чадсан юм. Ийм аргыг одоо хэрэглэмээр байна. Гэхдээ зөв аргаар.

- Та “Цагаан ордон”-ыг орхисны дараахан “Клинтон сан”-г байгуулсныг санаж байна. 2005 онд бас “Клинтон глобал инишиатев” хэмээх байгууллагын тулгын чулууг тавьсан. Одоо энэ байгууллага Нью-Йоркт ойгоо тэмдэглэж байна. Гэхдээ хоёулаа үүнтэй холбоотойгоор сонгуулийн тухай ярилцая. Бид өмнө нь өнгөт арьстай юм уу, эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсныг хараагүй. Энэ сонгуулийн талаар ямар бодолтой байна вэ?

- Үнэхээр урьд өмнө болж байгаагүй өрсөлдөөн болж байна. Ардчилсан намын сунгаанд хоёр хүн олонхийн санал авч байсан. Нэг нь африк-америк гаралтай Барак Обама. Нөгөө нь Хиллари Клинтон. Хоёулаа л ялах боломжтой нэр дэвшигч. Сенатч Жон Маккейн байна. Түүнийг үхэх нь дөхсөн гэж хэвлэлээр бичээд байсан ч гараад л ирлээ. Тэрээр мөн л Бүгд найрамдах намаас ялах магадлалтай цорын ганц хүн. Мэдээж хэрэг сүүлийн үеийн үйл явдлуудыг ярихгүй өнгөрч болохгүй. Эрүүл мэндийн салбар хямарсан, Ирак руу ямар ч төлөвлөгөөгүй халдсан, эдийн засгийн уналт энэ тэр гээд. Америкийн өмнө хамгийн хүнд хэцүү цаг үе тулгарлаа.

- Тухайлбал?

- Их хачирхалтай явдал болж байна аа. Америкуудын өмнө ухаалаг хариуцлагын үе тулгарч ирлээ. Гэр бүл, эх орон, бие биеийнхээ төлөө зөв алхам хийх учиртайг америкууд сайн бодох л хэрэгтэй дээ.

- Гэхдээ урьдчилан таамаглаагүй үйл явдал болдог шүү дээ?

- Тийм л дээ. Катрин хар шуурга дэгдэж, би яг тэр үед цунами нүүрлэсэн газруудад ажилласан. Тэр үед би итгэл олж авахын тулд хүүхэд шиг сүмд мөргөлд үйлддэг байж билээ. Амь амьдралаа хяналтдаа байлгахыг бодсон хэрэг. Байгалийн тэр аймшигт үзэгдэл бидэнд одоогийн үйл явдлыг санагдуулж байна.

- Та дээр Обама ялна гэж хэлсэн дээ?

- Тэгж хэлсэн. Ер нь XX зууны Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаад байхад Ардчилсан нам нэг л удаа давуу олонхийн саналаар ялсан байдаг юм. 1936 онд Франклин Рузвельтийн үед л дээ. Бүгд найрамдахчууд голдуу 45 хувь, харин Ардчилсан намынхан 40 орчим хувийн санал авч байж. Яахав 40-40-ын харьцаа бол байдаг л зүйл. Яагаад ч юм ардчилагчдын хувьд “Цагаан ордон”-ы тэргүүний сонгуульд ялалт байгуулах их хэцүү байсаар ирсэн. Обамагийн тухайд маш их ухаалаг, хувийн сахилга бат сайтай, өөрийгөө эзэмдэж чаддаг нэр дэвшигч гэж би боддог. Үнэндээ бүгд найрамдахууд ч Обамагийн эсрэг суртал ухуулаг хийгээд нэмэргүй, бид ч түүний эсрэг арга чарга хийгээд нэмэргүй. Гол нь бид сонгуулийг бодитой, шударга явуулах ёстой. Таны төлөө, Америкийн ирээдүйн төлөө, дэлхийн ертөнцийн төлөө хэн нь юм хийж чадах вэ. Хэн Америкийн мөрөөдлийг биелүүлэх вэ, үүнийгээ XXI зуунд яаж тодорхойлох вэ, дэлхийд бидний байр суурийг яаж сэргээж чадах вэ гэдэг чухал.

- Маш их өрсөлдөөнтэй, эрч хүчтэй сонгууль болох гэж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

- Шударга өрсөлдөөнтэй байлгахыг бид хүсч байгаа. Хиллари сунгаанаас гарсны дараа намын Их хуралд анхаарлаа хандуулсан. Тэр бас миний санд хувь нэмрээ оруулсан. “Клинтон глобал инишиатев” байгууллага маань дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг. Саяхан би Африкт уламжлалт аяллаа хийгээд ирлээ. Учир нь сангийн ажлаа сэргээх шаардлага гарсан юм. Сангаа аль болох улс төрийн бус, эдийн засгийн өнөөгийн асуудал руу хандуулахыг хүсч байгаа. Тэгээд сенатч Жон Маккейн, Барак Обама хоёрыг урилаа. Нам, үзэл баримтлал гэлгүйгээр Америк юм уу, дэлхий нийтэд хэрэг болохуйц зүйлийг тэр хоёртой хамтарч хиймээр байна. Гэхдээ Есүсийн баярын дараа би Флорида, Огайо, Пенсильвани, Невада мужийг зорино. Ардчилсан намтай холбоотой асуудлыг шийдэхээр Арканзаст очно.

- Таныг тийшээ яваад өгөөч гэж гуйх тохиолдол их гардаг уу?

- Гарна.

- Есүсийн баярын дараа явдаг нь ямар учиртай юм бэ?

- Флоридад бид ялахыг хүсч байгаа бол тэнд байх ёстой л доо. Барак Обама эндхийн Есүсийн нэг нийгэмлэгт ихээхэн хөрөнгө оруулсан. Нөгөө талаас энэ баяр бол бидний ажлаа явуулах хамгийн сайн цаг юм.

- Сенатч Жон Маккейний талаар танаас асуумаар байна?

- Би түүнийг хүндэтгэдэг. Вьетнамтай харилцаа тогтооход тэр надад хэрэг болсон юм шүү. Гүржийн ард иргэдийн төлөө ч чадах зүйлээ хийсэн. Биднийг Босни, Косовогийн угсаатны цэвэрлэгээний эсрэг алхам хийхэд Маккейн ямар их тус үзүүлсэн гээч. Гэхдээ би Иракийн асуудал болон сүүлийн жилүүдэд явуулж байгаа эдийн засгийн бодлогын талаар түүнтэй санал нийлдэггүй. Эрүүл мэндийн салбарын чиг баримжаа нь ч таалагддаггүй юм. Харин Барак Обама хийж чадах зүйлээ л төлөвлөсөн байна лээ. Энэ нь илүү ойр санагдаж байгаа. Харин Маккейний эрчим хүчний төлөвлөлт сайн юм билээ. Эрчим хүчний эх үүсвэр бол үндэсний аюулгүй байдлын гол асуудал.

- Тэгвэл дэд Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа Сара Пэйлиний талаар юу хэлэх вэ?

- Би түүнтэй уулзаж байгаагүй.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Г.Идэрхангай