Улаанбаатар 

Цагдаагийнхан салаатай болох хүсэлтээ сайддаа дуулгав

Нийслэлийн цагдаагийн байгууллагийнхныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр түргэн авахуулав. Учир нь, тэрээр салбарынхаа ажилтай танилцах хүрээндээ дүүргийн цагдаагийн хэлтсүүдээр орсон юм. Сайдыг дагалдан ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, тэргүүн дэд дарга А.Дулаанжаргал, дэд дарга М.Энх-Амгалан нар явлаа.

Сайд нийслэлийн Эргүүл хамгаалалтын газрын санал хүсэлтийг сонссоны дараагаар БЗД-ийн цагдаагийн хэлтсээр орлоо. Тус дүүрэгт оны эхний байдлаар 1890 хэрэг гарснаас илрүүлэлт нь 50 орчим хувьтай байгаа аж. Төсвийн хувьд жижүүрийн бензин, урсгал засвар, өргөтгөлийн барилга зэрэгт хөрөнгө хэрэгтэй байгаагаа салбарынхаа сайдад дуулгав. Мөн хөдөлгөөнт эргүүлийнхэн өдөрт 10 литр шатахуун хэрэглэдэг байсан бол одоо 4.5 литрийг хэрэглэх болсноор дуудлага бүрэн авч чадахаа больсон гэлээ. Энэ талаараа удирдлагадаа дуулгахад шатахуун төсөвлөсөн хэмжээгээр ажилла гэсэн заавар өгсөн байна.

Тус хэлтсийн дарга Д.Ядамдорж, ажил байдлаа танилцуулсны дараа сайд цагдаагийн албан хаагчидтай уулзлаа. Энэ үеэр Ц.Нямдорж, ЦЕГ-ын шинэхэн удирдлагыг танилцуулаад, ажлаа Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаас эхэлнэ гэдгээ хэлэв. Мөн тэрээр Баянзүрх дүүргийн цагдаа нарыг “залуу царай олон харагдаж байна. Залуу хүмүүс эрч хүчтэй ажилладаг ч хий салхи ихтэй байдаг шүү. Түүнийгээ анхаараарай” хэмээн захив. Үүний дараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээр орлоо. Тус хэлтсийнхний тулгамдсан асуудал нь мөн л хүний нөөц, байрны хүрэлцээ мууг хэлж байв. Ер нь Цагдаагийн академийг төгсөгчид энэ салбарын боловсон хүчнийг хангаж чаддаггүй ажээ.

Сүхбаатар дүүрэг бол нийслэлийн төв бүс учраас цагдаа нар ажлаасаа гадна сард ямар нэг арга хэмжээний хамгаалалтад 180-200 удаа гардаг гэнэ. Тиймээс хамгаалалтын салаа гэж тусдаа алба байгуулах хүсэлтэй байгаагаа хэлэв. Мөн тус хэлтсийн хэмжээнд цагдаагийн хоёрхон кобан байдаг талаар ярив. Сайд ярианыхаа төгсгөлд, “долдугаар сарын 1-нтэй холбоотой асуудлаар цагдаа нарын тухай элдэв яриа гарч байгаа. Төрийн хуулийн дагуу үүрэг хүлээсэн цагдаа төрийн хамгаалалтад байх ёстой гэдгийг хатуу хэлье. Гэхдээ хуулийнхаа дагуу шалгаж, шалгуулах нь зүйн хэрэг” гэв. Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, есөн дүүргийн цагдаагийн хэлтэс, ЦЕГ-ын авто бааз, Эргүүл хамгаалалтын газрын нэг өдрийн ажилтай биечлэн танилцлаа.

Д.Пүрэвсүрэн