Улаанбаатар 

Хувийн эмнэлгүүд шалгалтад бүдэрлээ

Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид, эрүүл мэндийн нэгдлийн мэргэжилтнүүд хамтран дүүргүүдийн Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмийн сан болон эмнэлгүүдэд хяналт, шалгалт хийжээ.

Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 104 эмнэлэг, найман лабораторид шалгалт хийхэд 65,3 хувь нь түрээсийн 34,7 хувь нь өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байжээ.

Шалгалтад хамрагдсан эмийн сангуудын ихэнх нь мэргэжлийн лиценз, ажлын байрны дүгнэлт нь зохих журмын дагуу байсан ч холбогдох хууль, эрх зүйн акт, гарын авлагаа үзүүлэн төдий ашиглаж байсан нь тогтоогдсон байна.

Тухайлбал, “Жи Энд Пик” эмийн сангийн байр нь стандартын С хавсралтын 3.4 дүгээр заалтыг хангаагүйгээс үйл ажиллагааг нь зогсоожээ.

Мөн шалгалтаар 33 хувь нь эмнэлгийн анхан шатны маягтыг бүрэн хөтөлдөггүй, 50 гаруй хувь нь мэдээ тайлангийн талаар тодорхой ойлголтгүй, нэр төдий гаргаж, өвчлөлийн байдалд судалгаа дүгнэлт хийдэггүйг илрүүлсэн байна.

Зарим эмнэлэг нь мэргэжлийн боловсон хүчний хангалт дутуу байсан аж. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан “Очирталст”, “Сувданхөвөө” эмнэлгийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар бүрмөсөн зогсоож, холбогдох хуулийн дагуу тус бүр 150 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулсан байна.

Хувийн хэвшлийн олон эмнэлэг ажиллаж байгаа нөхцөлд эмнэлгийн хог хаягдлыг зайлуулах бодлого, зохион байгуулатын арга хэмжээг тусгайлан боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж мэргэжилтнүүд үзэж байлаа.

Ц.Эрдэнэцэцэг