Улаанбаатар 

Монгол брэнд удахгүй үйлчилгээнд гарна

Нийслэлийн зорчигч тээврийн үйлчилгээнд багагүй үүрэг гүйцэтгэдэг, хамгийн хямд тасалбартай тээврийн хэрэгсэл нь троллейбус гэдэгтэй маргах хүн үгүй. Аливаа юм сайн муу, эерэг сөрөг талтай байдгийн адил троллейбусыг удаан, дотроо хүйтэн гэж гоочлох нь бий. Гэвч өдөр тутмын амьдрал дунд хямд өртөгтэй, байгаль орчинд хор нөлөөгүй гээд эерэг үзүүлэлт ч байх.

Тэгээд ч “Цахилгаан тээвэр” компанийн хамт олон дотоод нөөц бололцоогоо ашиглаж, инженер техникийн ажилтан, ажилчдынхаа мэдлэг чадвар, дадлага туршлагад тулгуурлан троллейбусыг шинэчлэн сайжруулж, боловсронгуй болгох чиглэлээр багагүй санаачилгатай ажиллаж, цөөнгүй зүйлийг хийсээр байна. Түүний нэг нь “JEA-800F” загварын дуобус юм. Энэ цахилгаан машиныг хорь гаруй хоногт угсарч бэлэн болгоод туршилтад гаргаснаас хойш хоёр долоо хонож байгаа аж. Дуобус нь хөдөлгүүрийн хосолмол системтэй бөгөөд цахилгаан контактын шугам сүлжээгүй газар дизель хөдөлгүүрээр 15-25 км явах боломжтойгоороо онцлог юм.

Мөн хахаж цацаж үхмээр хар утаа савсуулан давхидаг том оврын автобусыг бодвол түлш, эрчим хүчний зардал нь зургаа дахин бага байгаа нь шатах, тослох материалын хангамжаар гаднын хараат манай улсын хувьд чухал үзүүлэлт юм. Үүнийгээ дагаад ашиглалтын зардал бага байж, зорчигчдод хямд үнийг санал болгох боломжтой байгаа. Туршилтын хугацаагаа амжилттай давж, тун удахгүй шугамд гарах дуобусыг жолоодох эрх авсан тус компанийн туршлагатай хоёр жолоочтой уулзаж хэсэг зуур ярилцлаа.

JEA800 “Цахилгаан тээвэр” компанийн ашиглалтын албаны жолооч М.Гэрэлчулуун тус компанид засварчнаар ажиллаж байжээ. Троллейбусны жолооч болоод 13 жил болсон байна. Дуобусны дотоод зохион байгуулалт нь сүүлийн үеийн дизайнаар хийгдсэнээс гадна хяналтын цахилгаан самбар, өвөл халуунаар, зун хүйтнээр үлээдэг кондейшн тавьсан нь зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг хангасан гэж Гэрэлчулуун өгүүлж байлаа. Тус компанийн захирал Д.Жаргалсайхан дээрхи дуобусыг “хувьтай монголчуудын хулгана жилийн олз” гэж тодорхойлсон бөгөөд шинэ бүтээгдэхүүнээ олимпийн тоглолтоос алт, мөнгөн медалиар энгэрээ мялааж улс орныхоо нэр төрийг дэлхийн тавцанаа өргөсөн алдарт тамирчдадаа зориулж байгаагаа бахархан хэлж байлаа.

Тус компанийнхан ОХУ-ын Москва хотын троллейбусны заводаас долоон ширхэг рам /араг яс/ авч, JEA-800 маркийн цахилгаан машины загвар гаргаж угсарсан нь хойд хөршийн мэргэжил нэгтнүүдийн сонирхлыг татаж, тэднийг урьж залж байсан удаатай. Харин сүүлийн үед зах зээлийн ойр, тоног төхөөрөмжийн хямдыг харж БНХАУ-ын Жин-ань хотын “Жүжү” автомашин угсралтын групптэй хамтран ажиллах болжээ. Энэ нь Бээжингийн олимпийн үеэр зорчигч тээврийн үйлчилгээнд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн дуобуснуудыг угсарч үйлдвэрлэсэн туршлагатай компани юм. Өнөөдөр нийслэлийн зам тээврийн гурван чиглэлд өдөртөө 40-өөд троллейбус гардаг ч эднийхний хөдөлмөр зүтгэл, гар ухаанаар бүтсэн “JEA-800” маркийн троллейбус, электробус гоц ялгарч харагддагийг нийслэлийн иргэд маань илүү онцолдог юм билээ. Тун удахгүй ухаа ягаан өнгөтэй дуобус хотын гудамжийг чимэн шугамд гарах гэж байна.

Манай машин хотын гудамжинд холхидог том оврын автобус, троллейбуснуудын дотор “дагина” шиг л харагдах болно гэж дуобусны ээлжийн жолооч Т.Батномгон гайхуулна билээ. Үнэндээ ч дотроо видео дэлгэцтэй, дуу шуу багатай, шил толь болсон тэр сайхан “сэмбэгэр амьтан”-ыг тэгж хэлэхээс ч яахав. Гагцхүү ашиглалтын хямд төсөр зардал, байгаль орчинд халгүй, цэвэр тохилог үйлчилгээ энэ тэрийг нь бодолцож, түүнийг олноор үйлдвэрлэж ашиглах эдийн засаг, санхүүгийн бодит туслалцаа дэмжлэгийг л “Цахилгаан тээвэр”-ийнхэн хүсч байна. Үүнийг удахгүй сонгогдох нийслэлийн ИТХ-ын эрхэм төлөөлөгчдийн сонорт бас хүргэчихье.

Д.Мөнхжаргал