Нийгэм 

Нийслэлчүүд хоёр жилийн дараа усны нөөцгүй болно

Дэлхийн дулааралтай холбоотойгоор хуурайшил явагдаж, гүний ус хомсдож эхэлсэн. Тиймээс борооны ус хурааж говь руу суваг татах "Орхон говь" төслийг энэ дөрвөн жилд багтаан хэрэгжүүлэхээр Засгийн газрын түвшинд ярьж байгаа юм байна.

Уг төсөлд шаардагдах эхний ээлжийн санхүүжилтийг гаргах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Туркийн талд хүсэлт тавьжээ. Үүний дагуу Туркийн олон улсын хамтын нийгэмлэг дээрх төслийн эхний ажилд хөрөнгө оруулахаар амласан байна. Манай оронд зун хур тунадас элбэг ордог ч өндөрлөг газар нутагтай учраас борооны ус том голуудыг даган хил даваад явчихдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын улмаас манайд шиврээ бороо орох нь багассан байна.

Мөн гэнэт орсон аадрын ус хөрсөнд чийг өгөлгүй урсчихдаг болжээ. Иймээс гүний усаа их хэмжээгээр ашиглаж байгаа аж. Энэ байдал үргэлжилсээр байвал хоёр жилийн дараа нийслэлчүүд гүний усны нөөцөө барна гэсэн тооцоог судлаачид гаргаад байгаа. Түүнчлэн "Оюу толгой"-н орд гэхэд л жилдээ 200-300 сая ам.долларын ус хэрэглэдэг. Говьд гадаргын ус байхгүй учраас жил бүр хомсдож байгаа гүний усыг хэрэглэсээр байгаа юм байна. Гэтэл Орхон голд босгох далангаас Даланзадгад, Оюутолгой руу татах таван аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан сувгийн нийт өртөг 400-500 сая ам.долларт хүрэх тооцоотой аж.

Харин улсын төсвөөс энэ их хөрөнгийг гаргах боломжгүй учраас сувгийг барьж ашигласныхаа дараа шилжүүлэх хөрөнгө оруулагчийг хайж байгаа аж. Хөрөнгө оруулагчид далан болон сувгийг барьсны дараа усаа Засгийн газарт худалдах замаар өртгөө нөхөх юм байна.

Мөн тодорхой хэмжээний ашиг олсны дараа Засгийн газарт хүлээлгэж өгөх ёстой гэнэ. Засгийн газар  худалдаж авсан усаа "Оюу толгой", "Таван толгой"-н ордод худалдаж говийн бүсийг ойжуулж, цөлжилтийг багасгахад ашиглах юм байна.

Я.Мөнгөнцэцэг