Өршөөлийн хуулийг бид хүсэх учиргүй, төр батлах ёстой
Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан шүүхээс иргэдэд 3-7 жилийн ял оноож эхлээд байгаа. Үймээн самуунд оролцогчдыг яллах шүүх хурал өдөр бүр үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар энэ хэрэгт 200 гаруй иргэд яллагдагчаар татагдаад байгаа бөгөөд тэдний дийлэнх нь хүүхэд, идэр насны залуус байгаа нь харамсалтай.
Өдгөө ял сонсоод буй хүмүүсийн ар гэрийнхэн "Гол буруутнаа тогтоолгүй. Гэм зэмгүй иргэдийг хэлмэгдүүлж байна" гээд өршөөлийн хууль батлахыг төрийн түшээдээс шаардаж байгаа билээ. Уг хуулийг батлахыг дэмжиж буй иргэдээс гарын үсэг цуглуулахаар тэд өчигдөр Сүхбаатарын талбайд цугларсан бөгөөд өдрийн 11 цагийн байдлаар 180 орчим хүний гарын үсэг цуглуулаад байлаа.
Тэд бас гарын үсэг цуглуулахын хажуугаар хандив цуглуулж байсан. Иргэд ихэвчлэн 500-1000 төгрөгийн хандив өргөж харагдав. Хандивын мөнгөө хэвлэлийн бага хурал зарлах, бичиг цаасны ажилд зарцуулах гэнэ.
Дээрх ажиллагааг зохион байгуулж буй иргэд "Хэвлэл мэдээллийнхэн биднийг "Өршөөлийн хууль батлахыг хүслээ" гэж буруу мэдээлээд байна гэж гомдоллов. Учир нь буруугүй байж хүсэх учиргүй. Хилс хэрэг тулгасныхаа төлөө Өршөөлийн хууль батлах ёстой" гэж байв. Түүнчлэн мөнгөтэй, танил талтай хүмүүс нь үр хүүхэд, хань ижлээ суллаад авчихсан байгаа. Бидэн дунд "Эксель"-тэй ч хүн алга. Ядуу учраас бид хохирч байна. Хүнийг ингэж алагчлах ёсгүй. Бид ядуу байж болно. Гэхдээ мөнгөтэй хүмүүст олдож байгаа боломжийг бидэнд олгох хэрэгтэй. Хүүхдүүдэд минь торгуулийн ял өгчих юм бол бид гэр орноо зарж байгаад ч болов төлнө. Насанд хүрээгүй, идэр насны хүүхдүүдээ шоронд явуулчихаад ямар хүмүүжилтэй хүн гарч ирнэ гэж суух вэ. Таван жил байтугай таван сар суусан ч хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлнө. Арав хоногийн дотор бүх хүний хэргийг шүүхээр шийднэ гэсэн яриа гарч байна. Үүнээс өмнө амжиж Өршөөлийн хуулиа батлахгүй бол тэмцлээ хурцадна гэж байлаа. Хүмүүсийг ийн ярих зуур 50 гаруй насны эрэгтэй ирж гарын үсэг зуран 1000 төгрөгийн хандив өргөв.
Д.Равдандорж гэгч энэ хүний хүү нь дээрх хэрэгт холбогдон дөрвөн жилийн ял сонссон байна. Тэрээр "Хүүгээ суллуулах гэж энэ хүмүүстэй нэгдэж байна. Дээрээсээ энэ хүмүүст хэдэн жилийн ял оноохыг тогтоогоод өгчихдөг юм шиг байна. Прокурор юу гэж дуугарна яг л хэлснээр нь ял товлож байна. Өмгөөлөгч байгаад ч үг дуугарах эрх олддоггүй бололтой. Хүүгээ өмгөөллүүлэх гэж 400 мянган төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн. Одоо 200 мянган төгрөгийг нь төлөөгүй л явж байна" гэж байлаа. Энэ мэтчилэн иргэд олноор ирж Өршөөлийн хууль гаргахыг дэмжин гарын үсгээ зурсаар байлаа. Оройн 16 цагийн байдлаар 900 орчим хүн гарын үсгээ зураад байлаа. Өнөөдөр 14 цагаас яллагдагчаар татагдаад байгаа бүх хүний ар гэрийнхэн Сүхбаатарын талбайд цугларч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм байна.
Д.Цолмон

