Засгийн газар давж заалдах гомдлоо өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргана
ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуягтай ярилцлаа.
- Монгол бүсгүйн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн гол захиалагч гэх Разак Багиндаг тус улсынх нь шүүхээс цагаатгалаа. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, ГХЯ энэ хэрэгт тоомжиргүй хандлаа гэсэн гомдол ганц Д.Шаарийбууд бус нийт иргэдэд байна?
- 2006 оны арванхоёрдугаар сарын 10-ний өдөр Малайзын Пунчак Алам нэртэй газарт талийгаач Ш.Алтантуяаг хоёр удаа буудан, биед нь тэсрэх бөмбөг зүүн дэлбэлж амийг нь хэрцгийгээр хөнөөсөн. Энэ явдал олон орныг тэр тусмаа Монголын ард түмнийг үнэхээр цочроосон. Хэргийн гол захиалагч гэх Разак Багиндаг Малайзын шүүхээс цагаатгалаа. Харин хэргийг гардан үйлдсэн гэх хоёр цагдаа болон нэг албан тушаалтанд холбогдох хэргийг арваннэгдүгээр сарын 10-ны өдөр шүүнэ гэсэн хурлын товын мэдээг манайд ирүүлсэн.
Разак Багиндагийн хувьд бид Д.Шаарийбуу гуайтай яриад давж заалдана гэж тохиролцоод, өргөдлөө өмгөөлөгчөөрөө дамжуулж өгөхөөр болсон. Ямар ч улсын шүүх хараат бус байдаг. Тэр утгаараа шүүхийн шийдвэр зөв буруу, ийм шийдвэр гаргалаа гэж бид хэлж чадахгүй. Гэхдээ бид гараа хумхиад зүгээр суугаагүй.
Амь үрэгдсэн иргэнийхээ төлөө Монгол Улсын Засгийн газар хууль ёсны эрхийг нь хамгаалсаар ирсэн, цаашид ч хамгаалах болно. Бид цаашид үйл явц хэрхэн өрнөхийг ажиглаж, харж байна. Засгийн газраас удахгүй энэ тал дээр тодорхой байр сууриа илэрхийлнэ. Бидэнд хийж чаддаг, бас чадахгүй юм гэж байна. Асуудал сунжрах тусам хүмүүсийн хүлээлт цөхрөл болж, арга хэмжээ авахгүй байна гэсэн гоморхолд хүрсэн байх.
- Та Д.Шаарийбуу эх орондоо ирээд байхад нь анх уулзсан хүн. Тэрээр шүүх хурлын уур амьсгал ямар болсон талаар тодорхой зүйл ярив уу?
- Шүүх хурал цаг гаруй л үргэлжилсэн. Шүүгч хэнээс ч мэдүүлэг аваагүй, манай талын өмгөөлөгчийн үгийг ч сонсоогүй, зөвхөн шийдвэрээ уншсан гэсэн. Хуралдаанд нийт 50-иад хүн оролцсон гэнэ лээ. Шүүхийн байрны гадна талд жагсаал цуглаан хийх гээд олон хүн цугларсан байсан гэсэн. Мэдээж Д.Шаарийбуу гуайд харамсалтай байлгүй яах вэ. Биднийг уулзах үеэр шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур, гомдолтой байгаагаа хэлж байна лээ.
- Д.Шаарийбуу өмгөөлөгчийн үгийг сонсолгүйгээр шийдвэр гаргасан талаар ямар нэгэн тайлбар нэхсэн болов уу. Та асуув уу?
- Тус улсын шүүхийн ёс журам тийм байдаг юм уу, шийдвэрээ уншаад л дууслаа гэж байна лээ. Би асуусан л даа. Нэг цагийн хугацаанд олон хүн ярьсан биз дээ гэж. Гэтэл тийм юм байхгүй гэсэн.
- Манай талын өмгөөллийн үгийг сонсоогүй гэлээ. Малайз, монгол хоёр өмгөөлөгчийн аль нь оролцсон юм бол?
- Малайзын Карпал Сингх өмгөөлөгч Монголын талыг төлөөлж шүүх хуралд оролцсон. Мөн хамгийн сүүлийн шүүх хуралд Д.Шаарийбуугаас гадна Тайландад суугаа манай ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга С.Сийзхүү байсан. Карпал өмгөөлөгч анхнаасаа л Монголын талыг төлөөлж байгаа хүн. Одоо ч мөн манай улсыг төлөөлж, давж заалдах өргөдөл гаргана.
- Малайзын өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг манай Засгийн газраас гаргаж байгаа юу?
- Малайзын өмгөөлөгч одоогоор өмгөөллийн хөлс нэхээгүй байгаа.
- Яагаад тэр вэ. Хөлсгүйгээр өмгөөлнө гэж байх уу?
- Д.Шаарийбуу гуай тэр хоёр хоорондоо ярьж тохиролцсон юм билээ. Малайзын талаас нэхэмжилсэн нөхөн төлбөрийг авсны дараа өмгөөллийн хөлсийг тооцно гэж. Манай Засгийн газар гадаадад нас барсан иргэн бүрийнхээ төлөө 40 орчим сая төгрөг гаргаад байвал яах билээ. Энэ хэргийн хувьд онцгой, манай иргэний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн учир тусгайлан анхаарч байгаа.
- Давж заалдах шатны шүүх хэдийд хуралдах, ямар хугацаа шаардлагатайг судалж үзэв үү?
- Малайзын шүүх их сонин процессоор явдаг юм билээ. Хугацаа тодорхойлоход маш хэцүү. Манай өмгөөлөгч тэдний өдөр болно гэдгийг бидэнд мэдэгдэнэ гэсэн. Тухайн үед шуурхай арга хэмжээ авч асуудлыг зохицуулахаас аргагүй. Шүүх хурлын ажиллагаа эцэслэн дуусаагүй, давж заалдах шатны хуралдаан байна. Энэ удаад яаж шийдэх нь вэ гэдгийг харна. Асуудал дуусаагүй байна.
- Малайзын цагдаа нарт холбогдох хэргийг удахгүй шүүнэ. Шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас их зүйл хамаарах нь ээ?
- Шүүх хуралд цагдаа нарын өгсөн мэдүүлэг, Разак Багинда холбоотой юу, үгүй юү гэдэг гол асуудлын гогцоо тайлагдана. Гэхдээ хэдийд болох нь тодорхойгүй, тэндхийн шүүх хурал байнга хойшилдог шүү дээ. Энэ бидний эрх мэдлийн асуудал биш болохоор хуралдааны товыг хүлээгээд суухаас аргагүй.
- Д.Шаарийбууг сая явахаас өмнө өмгөөлөгч нь Багиндаг ялгүй үлдэж болзошгүй байна гэсэн мэдээллийг өгсөн гэсэн. Энэ асуудлыг ГХЯ-нд тавьсан ч анхаарсангүй гэсэн?
- Бид анхаарч өөрийн хүнээ явуулж, шүүх хуралдаанд оролцуулсан. Бид өмнө Малайзын талд удаа дараа хэлж, сануулсан. Эл хэрэгт улс төрийн сөрөг нөлөөгүйгээр шийдвэрлэхийг, нөхцөлийг бүрдүүлэхийг хүсч Малайзын парламентын гишүүдэд уриалга хүргүүлсэн. Анхаараагүй бус анхаарч байгаа.
- Хятадад хар тамхины хэргээр цаазаар авахуулах ял сонссон монгол залуугийн талаархи мэдээллийг өгөөч?
- Шинжаан Уйгарын Урумчи хотын дунд шатны шүүхээс өнгөрсөн есдүгээр сарын 12-нд Монгол Улсын иргэн 37 настай Н.Дамдинд цаазаар авах ял оноосон тухай мэдээг авсан. Н.Дамдин нь 2007 оны наймдугаар сарын 11-нд дундад азийн орноос 2020 грамм героин Хятад руу оруулах гээд баригдсан юм билээ. Энэ тухай Хятадын тал манайд арваннэгдүгээр сарын 15-нд мэдэгдсэн. Мэдэгдсэний дараа бид Бээжинд суугаа ЭСЯ-ндаа чиглэл өгч, иргэнийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар ажиллаж байна. Юуны өмнө өмгөөлөгчтэй нь уулзаж, давж заалдах боломж байна уу, үгүй юу гэдгийг судлах, цаашлаад хүнтэйгээ уулзмаар байна гэсэн хүсэлт тавьсан.
- Ар гэрийнхэнтэй нь холбоо барьсан болов уу. Эсвэл тэд танайд хандав уу?
- Одоогоор бидэнтэй холбогдоогүй байна.
- Манай хоёр улсын хооронд ялтан шижлүүлэх гэрээ байдаг уу?
- Хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх хэлэлцээрийн дагуу шилжүүлж болдог. Гэхдээ манай хоёр улсын хувьд ийм гэрээ хэлэлцээр байхгүй. Харин эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүрээнд энэ асуудлыг ярилцаж болно.
- Манай талаас цаашид ямар арга хэмжээ авах вэ. Цаазын ялыг өөрчлөх боломж байна уу?
- Бид энэ тал дээр боломжтой бүхнийг хийнэ. Ямар ч байсан иргэнээ хоригдол солилцох журмаар авах бодолтой байна. Ер нь Хятадад ял эдэлж буй олон хүн бий. Одоогоор тэднээс зургааг нь шилжүүлж авах талаар ярилцаж байна.
- Ялыг нь арай гүйцэтгээгүй байгаа биз дээ?
- Арай болоогүй юм билээ. Бид давж заалдах өргөдлөө Бээжингээр дамжуулаад Хятадын холбогдох газруудад тавьж байна. Цаазын ялыг нь ядаж 25 жил хорих ялаар өөрчлөх, шилжүүлж авчрах гээд ярилцаж, зөвшилцөх зүйл их байна.
- Өмгөөлөгч нь хаанахын хүн бэ?
- Хятадад болсон тул тэндхийнх болов уу. Бид холбоо барих гэж оролдож байна.
- Манай иргэнтэй холбоотой, цаазын ялтай хэргийг шүүх хуралдааныг огт мэдэгдэлгүйгээр хийж болдог юм уу?
- Харин мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг хийх болсон шалтгааныг тодруулахаар, тайлбар авахаар би Монгол дахь Хятадын ЭСЯ-ны консулын зөвлөхийг дуудуулаад байж байна. Тэр тодорхой хариу өгөх болов уу.
У.Сарангэрэл

