Who is who? 

Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна

Төрийн дууллын эзнээ хөшөөнд мөнхлөх юмсан

Зуун зууныг дамжин “амьдрах” хүн цөөн төрдөг. Нэг насанд бүтээж үл гүйцэх оюуны асар том бүтээлээрээ цагийг эзэлсэн нэгэн их хүний мэндэлсний 100 насны ой өнөөдөр тохиож байна. Энэ бол ардын уран зохиолч, төрийн гурван удаагийн шагналт, академич Ц.Дамдинсүрэн. Тэрээр Дорнод аймгийн Матад сумын уугуул. Их талын нүүдэлчин удамтай хатагин овгийн хүн. Монголын ард түмэндээ бол Төрийн дуулал, шинэ үсгийн дүрэм зохиож, “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”-ыг судлан олны хүртээл болгож, утга зохиол, эрдэм шинжилгээний олон зуун үнэт өвийг үлдээсэн гавьяатай, бичгийн их хүн.

100 насных нь ой тохиож байгаа энэ үеэр түүний шадар шавь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Р.Отгонбаатартай уулзаж багшийнх нь тухай хөөрөлдлөө. Тэрээр өөрийгөө Ц.Дамдинсүрэнгийн гэр музейг эвийг нь олж шавыг нь тавьсан хүн гэж танилцуулсан юм. Тэрээр багшийнхаа талаар ийн хүүрнэлээ.

Ц.Дамдинсүрэн бага наснаасаа манж, төвд хэлийг бие даан сурсан нь дорно дахины хэлний бэлтгэл сайтай байсныг харуулна. Тухайн үед хувьсгал ид өрнөж байсан нь түүнийг залуугаараа төрийн ажилд идэвхтэй оролцоход хүргэжээ. Улмаар 1920-иод оны дунд үе гэхэд Монгол Улсын 10 том даргын нэг болсон байх юм. Гэсэн ч тухайн үеийн гажууд үзэл суртлын гайгаар “800 богийн хөрөнгөтэй феодалын хүү Дамдинсүрэн, ардын толгой дээр сууж байна” гэж шүүмжлүүлээд, Говь-Алтай аймагт хамтралын сургагчаар ажиллах болсон юм. Нэг ёсондоо боловсон цөллөг гэсэн үг. Буцаж ирээд удалгүй Судар бичгийн хүрээлэнгийн чухал ажилтны нэг болов. Европын боловсролтой том сэхээтнүүдийн дунд халуун залуудаа ирж сурсан болохоор тэндээс нэлээд их зүйлийг олж авчээ. Албаны их ажлын хажуугаар залуу цагтаа уран зохиол их бичсэн нь түүнийг шинэ үеийн уран зохиолын үндэслэгчийн хэмжээнд хүргэсэн юм. “Гологдсон хүүхэн”, “Буурал ээж минь” зэрэг алдартай зохиолуудаа тэр л үед бичсэн юм билээ. Энэ нь тухайн үедээ утга зохиолд байгаагүй шинэ өнгө аястай, Монголын утга зохиолын хэлийг өөрчилсөн бүтээлүүд болж чадсан юм.

Судар бичгийн хүрээлэнгээс сууриа олж аваад, Ленинградад суралцахаар явлаа. Тэнд орос, англи, Герман зэрэг европын хэлийг амжилттай сурсан байна.

Түүнийг Оросоос ирэхэд их хэлмэгдүүлэлтийн үе болж, шоронд оров. Шоронд жил хагас зодуулж байж гарч ирсэн дээ. Ер нь манай багш бол хамгийн их шийтгэл зэмлэл хүртсэн, хамгийн их гавьяа шагнал авсан хүн шүү дээ. Төрийн шагнал гурван удаа хүртсэн, Сүхбаатарын одон хоёр, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гурван удаа гэх мэт олон шагнал авав. Түүнийхээ хэрээр шийтгүүлж байсан юм гэдэг.
1950-иад оны үед сэхээтний төөрөгдөл гэж нэг юм болсон.

Үндэстнийхээ сэхээтэн залуусыг шинэ сэхээтэн төөрөлдөж байна гэж нам засгаас нухчин дарсан шүү дээ. Тэгэхэд багш “Та нар хэдэн сэхээтнийхээ амыг ингэж тагладаг юм байж. Ардын цоорхойг юугаар нөхөх гэж байна” гэж хэлснээсээ болоод буруудсан. За тэгж байтал эзэн Чингисийн 800 жилийн ойг тэмдэглэх, үндэсний ухамсрыг сэргээх ажил зохион байгуулах болов. Энэ үеэр “Үндэсний баатрынхаа гавьяаг бахархах ёстой. Гэтэл өнөөдөр нэрийг нь ч хэлж чадахгүй хэмжээнд хүрээд байгаа нь буруу” гэж хэлээд ад шоо болсон. Үүний дараа 1960-иад оны сүүлээр “Монголын түүхийн мянган жилийн харьцуулсан толь” гэгч маш чухал зохиол бичсэнийг нь үндсэрхэг үзэл гаргасан гэж элдвээр гоочлоод, марксизм, ленинизмын онолд харш, бурханы шашин, хятадын соёлыг магтсан шинжтэй гэх мэтээр хоосон гүтгэлэг нөмрүүлж байгаад дарамталж байлаа. Гэхдээ эрдэм чадал, хатан зоригтой хүн учраас тэр ороо бусгаа цагт Монголын уран зохиолын гол гол дурсгалуудыг хэвлэж гаргасан билээ.

Багш маань зохиолчдын хорооны дарга, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга гэх мэт албаны ажлуудад цагаа их алдсан даа. Энэ талаар өөрийн дурдатгалдаа “1950 оны наймдугаар сарын 22-нд Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар томилогдов…Надад хамгийн аюултай нь эрдэм шинжилгээний ажил хийх бололцоогоо алдав.Өдөр бүр найман цаг захиргааны ажил хийгээд элдэв хурал хуралдаад эрдэм шинжилгээний ажил хийх зав огт үгүй болов. Иймээс би Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргын ажлаас чөлөөлж өгөхийг байн байн гуйдаг байлаа” гэснээс номын ажилд дуртай хүн байсан нь харагдана. Тэрээр, “Гэсэрийн туужийн түүхт үндэс” гэсэн нэг сэдэвт зохиол бичиж, амжилттай хамгаалсан нь шууд докторын зэрэг хамгаалах хэмжээний бүтээл болсон юм.

Даравч далдайна, булавч бултайна гэгчээр сайн ажилласан учраас ял, шийтгэл, гавьяа шагнал нь юу ч биш. Зөвхөн бүтээсэн ажил нь Монголын ард түмэнд маш чухал өв болон үлджээ. Түүнээс гадна үр хүүхэд, олон арван шавь нараа эрдэм, шинжилгээ, уран зохиолын суурьтай болгож өсгөсөн. Ялангуяа ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд үндсэн ажлаа хийсээр 80-аад насыг зооглоод таалал төгссөн юм.

Түүний хэлсэн нэгэн зүйлийг энд тусгайлан онцлохыг хүсч байна. Багшийнхаа 100 насны ойд тэрээр Улаанбаатарт хөшөө дурсгалыг нь босгохыг хүсчээ. Нээрээ ч гаднын, хаа хамаагүй “Битлз”-ийн хөшөөг барьж болоод байгаа атлаа Төрийн дууллыг зохиож, “Гэсэр”, “Жангар”, “Монголын нууц товчоо”-г энэ цагт авч ирсэн хүнээ яагаад хөшөөнд мөнхлөөгүй юм бол гэж бодогдоно. Р,Отгонбаатар гуай хэлэхдээ, “Олимпоос алтан медаль авахын төлөө тэмцэнэ гээд байх юм. Олон сайн тамирчидтай болохыг бодолгүй яахав. Тэр сайн хэрэг. Гэхдээ ухаантныг олшруулах хэрэгтэй. Энэ бол улсын амин сүнс. Тэгэхээр олон олимпийн аварга биш Дамдинсүрэн шиг олон эрдэмтэн, сэхээтнийг төрүүлэх хэрэгтэй. Эрлийн муу бух, эрдмийн муу бөх гэж хуучин үг ч байдаг даа. Тиймээс олон Дамдинсүрэнг төрүүлэхийн төлөө Монголын ард түмэн бүгдээрээ зүтгэх хэрэгтэй. Түүний ойг тэмдэглэх далимд залуу үед өгөөж өгөх хэрэгтэй” гэсэн юм.

Анна Цэндина: Миний аав шооч хүн байсан

Аавынхаа 100 насны ойг тэмдэглэхээр Монголд ирээд байгаа Анна Цэндинатай цөөн хором ярилцлаа.

- Аавын тань 100 насны ой болж байна. Энэ мөчид аавынхаа тухай дурсамжийг манай уншигчидтай хуваалцаач?

- Одоо бодоод байхад манай аав маш энгийн хүн байсан. Хэнтэй ч даргархаж харьцдаггүй. Эгэл ардуудад хайртай, хүний сэтгэлд маш ойрхон байж чаддаг, илэн далангүй хүн байсан юм. Нөгөө талаар их шооч, тоглоомтой хүн байв. Бидэнд хатуу үг хэлж байсныг би санадаггүй юм. Үүний оронд шоглоно. Дунд дүн авлаа гэхэд намайг хэзээ ч загнахгүй. Ингэв үү чи гээд шоолно, би ч ойлгоно. Тийм л хүн байсан. Нас ахиад ирэх үедээ бие нь жаахан чилээрхэж, биеийн тамир хийдэг болсон. Түүнээс өмнө бол өөрийгөө ер хайхардаггүй байсан. Ер нь тансаг, хангалуун юманд дургүй. Тиймдээ ч манай гэр маш энгийн байсан. Төрийн гурван удаагийн шагналт, академич, профессор гэх мэт олон цол, зэрэг, цалинтай хүний гэр гэхээргүй байлаа. Жирийн хэдэн тавилгатай, тэгээд л болоо. Хоол нь ч энгийн байсан. Лавшаа, шар будаатай хоолонд л дуртай хүн байсан даа.

- Та бол агуу их бичгийн хүний хүүхэд. Энэ утгаараа бага нас тань бусдаас өөр өнгөрсөн үү?

- Өө бага нас гэдэг жаргал шүү дээ. Одоо ах нартайгаа ярихдаа, мөн ч сайхан байжээ гэж дурсдаг юм. Бид их чөлөөтэй өссөн. Гадаа тоглож байгаад алга болчихоод, аав ээж шөнөжин хайж байсан ч удаа бий. Тэр өдөр манай ах нар дугуй унана гээд Богд уул руу явсан юм. Тэгээд бүр шөнө ирсэн чинь аав ээж хоёр гудамжинд хүлээгээд зогсч байсан. Заримдаа би боддог юм. Аав ээж яагаад биднийг загнадаггүй, амгалан хүмүүс байсан юм бол гэж. Бид бол тэгж чадахгүй шүү дээ. Манай бага ах нэг удаа “би тусдаа гарна” гэдэг юм байна. Юу гэсэн үг вэ гэтэл “Би яадаг ч байсан тусдаа гарна” гээд гудамжнаас баахан хайрцаг олж ирээд, аавын өрөөнд түүгээрээ байшин барьсан. Тэгээд “би энд л би амьдарна, хоолоо энд иднэ. Та нартай нийлэхгүй” гээд суучихна. Манай аав ээж түүнийг зөвшөөрч л байсан юм.

Бас нэг дурсамж сөхөхөд, манайх хөл ихтэй айл байлаа. Өдөрт хүн их ирнэ. Ээж үүдээ нээх гэж урт коридоороор олон удаа явахдаа их ядардаг байхгүй юу. Гэтэл дунд ах “Ээжээ би танд тусална” гээд нэг их олон утсаар гал тогооны өрөөнөөс хаалга онгойлгодог болгосон юм. Тэр нь бүх хүний өрөөгөөр дамжин пад пад гэж дуугарсаар хаалга онгойдог байв. Хүмүүс орж ирэхээрээ гайхаж, бүр айдаг байлаа шүү дээ. Үүнд ч ээж аав юм хэлээгүй.

- Тэр нь нэг талаараа зөв хүмүүжил болсон юм болов уу?

- Зөв буруу гэж хэлэх нь хэцүү л дээ. Биднийг чөлөөтэй байдалд өсгөсөн нь залуугаас хариуцлагатай болгосон юм шиг байгаа юм. Нөгөө талаас ээж аавын жишээ гэж байна. Тэр бол сургамжийн үгнээс ч чухал. Ээж, аав их ажилсаг хүмүүс байсан. Тиймээс бид хараад “амьдрал гэдэг чинь хөдөлмөрлөхийг хэлдэг юм байна” гэсэн ойлголт авсан. 

- Та Монголд хэдэн нас хүртлээ амьдарсан бэ?

- Би 15-тайдаа Монголоос гарсан. Аав “Рамаяана Монголд дэлгэрсэн нь” гэдэг номыг бичих гэж томилолтоор Орос явахад нь дагаж гарсан юм. Тэгээд тэнд дунд сургуулиа төгсөөд, их сургуульд орсон.

- Таны хувьд хаана амьдарч байсан нь сэтгэлд ойр үлдсэн бэ?

- Би Орост 30 гаруй жил амьдарч байна. Гэхдээ би Монголыг миний нутаг гэж боддог. Одоо би нутагтаа ирчихээд байж байна. Сая Хятадад байж байгаад ирлээ.

- Монголд хэр олон ирдэг вэ?

- Монголд жилд нэг хоёр удаа ирнэ ээ. Би өөрөө монголч эрдэмтэн шүү дээ.

- Танай хүүхдүүд бас номын мөр хөөсөн үү?

- Хүүхэд байхгүй ээ. Ганцаараа амьдардаг.

- Танайхнаас хэн нь аавыгаа илүү дууриасан бэ?

- Бид бүгдээрээ л дууриасан. Түүний тоглоом, шоглоом хийдэг занг авсан юм шиг байгаа юм. Би бас хоёр ах маань аавтайгаа адил номын мөр хөөсөн хүмүүс. Ахын хүүхэд бас доктор хамгаалсан. Харин бага ах эдийн засагч. Биднийг ном зохиол бичээд суухаар бага ах маань “та нарын доктор, профессорын хамгаалалтаас би залхлаа” гэдэг юм.

Д.Пүрэвсүрэн