Дотоод мэдээ, дуулиант явдлууд 

Г.Баасан хатагтайгаас дор хүний эрхийн комиссар

Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдаад долоон жилийг үджээ. Энэ байгууллагыг Д.Солонго гэгч эмэгтэй даргалах болоод хоёр жил өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд энэ байгууллага хүний эрхийн төлөө хэрхэн тэмцэж, хэн гэдэг иргэний эрхийг хамгаалж чангаар дуугарсан юм бэ. Тоолъё гэвч баримт олдохгүй нь.

Гэтэл сүүлийн долоон жилийн турш Монголд хүний эрхийг хөл дороо дэвсэлсэн зөрчил хэдэн арав гарсан. Ардчилсан улс орны хамгийн гол суурь нь болдог хүний эрхийн индексээрээ манайх дэлхийд сүүл мушгин бусдын тоосонд дарагдаж явна. Гадаадад монгол хүний амь нас, эрүүл мэндэд халдсан, цагдан хорьсон хэргүүд дараалан бүртгэгдэх болов. Гэтэл хүний эрхийн комиссыг даргалж суугаа Д.Солонго хатагтай энэ талаар юу хийв ээ.

Хэдхэн хоногийн өмнө Малайзад монгол эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал болж өндөрлөлөө. Монгол бүсгүйг хүний санаанд багтамгүйгээр тамлан хөнөөсөн хэргийн захиалагч гэгдэж байсан этгээдийг суллаад явуулчихлаа. Талийгаачийн аав, ээж ч тэр, Монголын хүний эрхийн байгууллагууд ч энэ хэргийн буруутан нь Р.Багиндаг гэж байнга хэлж, ярьсаар ирсэн. Гэвч малайзууд шадар сайдынхаа шадар хүнийг энэ хэргээс сугалж үлдэж чадлаа.

ХЭҮК, эрхэм комиссар Д.Солонго энэ үед хаана байсан юм бэ. Эцэст нь талийгаачийн ар гэр, аав ээж, үр хүүхэд нь, ард түмэн нь хохирогч хэвээр үлдэв. Малайзын шүүхийн шийдвэрийн талаар ямар байр суурьтай байгааг нь манай сэтгүүлч холбогдох албаны хүмүүсээс тодруулахад, ХЭҮК-ын дарга Д.Солонго, хохирогчийн ар гэрийнхэнд орчуулагч гаргуулах, шүүх хуралд нь бие төлөөлөгч оролцуулах зэрэгт зуучилж өгсөн хэмээн хэнэг ч үгүй хэлжээ. Яасан их тус, буян үйлдээ вэ. Хүний нутаг, гүний газар амь насаа алдсан иргэнийхээ ар гэрт орчуулагч олж өгснөөр энэ байгууллагынхан санаа амарч, зорилго нь биелжээ, хөөрхий. Орчуулагч олж өгснөөр хүний эрхийг хангачихдаг бол мөн сайхан аа. Хүний эрхийн комиссар хүний алтан амины араас ингэж санаа тавьдаг ажээ. Үнэхээр чамлалттай санагдаж байна.

Жил бүр улсын төсвөөс олон тэрбум төгрөгийг халаасалдаг энэ байгууллага эрх нь ноцтойгоор зөрчигдсөн иргэндээ ийм л тус хүргэж байгаа юм уу. Тэр мөнгийг улс өгдөг ч, хэрэг дээрээ татвар төлөгчид, өөрөөр хэлбэл эгэл жирийн иргэд эрхээ хамгаалуулах гэж ХЭҮК-т өгч байгаа юм шүү дээ. Тэд хүний эрхийг хамгаалж байгаа нь энэ гэж хэдэн шоронгоор л хааяа явдаг. Шорон, хорих ангийн дарга нарын урьдчилж бэлтгэсэн хоригдлуудтай уулзчихаад “хүний эрх зөрчигдөөгүй, сайхан байна” хэмээн мэдэгддэг нь хүний эрхийн комиссынхны гэм биш зан. Уг нь ардчилсан нийгэмд хүний эрхийг зөрчигдсөн хойно нь биш зөрчигдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлдэг алтан жишиг бий сэн.

Долдугаар сарын 1-ний үйл явдалд оролцсон иргэдийн эрхийг хамгаалах талаар ч гэсэн ХЭҮК юу хийсэн юм бэ. Нийслэлд онц байдал тогтоож иргэдийг 1937 оных шиг бөөнөөр нь хоморголон баривчилж хорьчихоод байхад тэд Дэнжийн 1000-д очиж цагдаа нарын бэлдсэн хүмүүстэй уулзчихаад хүний эрх огт зөрчигдөөгүй хэмээн улс төрийн өнгө аястай мэдэгдэл хийснээс өөрөөр хуруугаа ч хөдөлгөөгүй.

Гудамжны гэх нэр хоч зүүсэн Г.Баасан хатагтай ахмадуудын төлөө цагдаагийн мөрдэс хуулан барин байж өдөр шөнө, өвөл зунгүй жагсч, тэмцснийг олон нийт мэднэ. Тэрээр өнөөдрийг хүртэл хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж, долдугаар сарын 1-ний үйл явдалд оролцогчдын эрхийг хамгаалах талаар гудамжинд ч атугай хашгирч явна. Төрийн бус байгууллагууд энэ асуудлаар төрийн чихэнд хонх уяж, нийгмийн анхаарлыг татаж чадсан. Харин хүний эрхийн комиссын дарга Д.Солонго нумаа тавиад сумаа нууна гэгчийн үлгэрээр өрөөсгөл мэдэгдэл хийчихээд амандаа ус балгасан юм шиг дуугүй болов.

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байгаа байх. Амьдрал дээр тийм биш байгаа. Монгол хүний эрх хөсөрдөж, монгол хүн үнэгүйдлээ. Эх орондоо, өөр хоорондоо биеэ шоглож” байгааг байг гэхэд харийнхан иргэдийнх нь амь насаар тоглож байгаагийн эсрэг хүний эрхийн комисс, эрхэм комиссар яагаад дуугарахгүй байна вэ.
Долдугаар сарын 1-ний жагсаал цуглаанд оролцсон иргэдийг хүүхэд, хөгшид, эрэгтэй эмэгтэй гэлгүй баривчлан саатуулж, ял оноож эхлэхэд ч тэд дуугарсангүй.

Хөл хүндтэй, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг баривчлан хорьсноороо жирэмсэн эмэгтэйг буудан хороож байсан 70 гаруй жилийн өмнөхийг эргэн санахад хүргэв. Баривчлан саатуулсан иргэдийг дарамталсан, хоол унд өгөлгүй хоёр гурав хоног хорьсон, мөрдөн байцаах үйл ажиллагааны явцад иргэдэд эрүү шүүлтийн арга хэрэглэсэн, хүүхдүүдийг айлган сүрдүүлэх, хуурч мэхлэх замаар хэрэг хүлээлгэн ялласан гээд хүний эрхийн ноцтой зөрчил илэрсээр байхад хүний эрхийг хангаж, хамгаалах ёстой Хүний эрхийн үндэсний комиссынхон таг дуугүй. Үүнийгээ ХЭҮК-ын тухай хуульд ямар нэгэн байр суурь илэрхийлж шүүн таслах үйл ажиллагаанд нөлөөлөхийг хориглосон байдаг гэж тайлбарлаж байна.

Долдугаар сарын 1-ний жагсаал, цуглаанд оролцсоныхоо төлөө ял сонсох гэж байгаа иргэдийг бүгдийг нь Ганцхудаг руу ачигдсаны дараа ХЭҮК-ынхон байр сууриа илэрхийлэх нь л дээ. Энэ нь эмч хүн өвчтөнөө нас барсан хойно нь өвчнийг нь оношлох гэж суугаатай адил хэрэг биш гэж үү. 

Байр суурь

УИХ-ын гишүүн С.Оюун: Хэргийн гол сэжигтнийг цагаатгасан нь харамсалтай

- Мэдээж Малайзын шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна. Аллага болсноос хойш хэргийг шүүх хурал удаан үргэлжилсэн. Засгийн газраас хэд хэдэн удаа талийгаачийн ар гэрийнхэнд тусалж, анхаарал тавьсан. Тодорхой хөрөнгө ч гаргасан. Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд хэргийг улстөржүүлэлгүй үнэнээр нь тогтоож өгөхийг хүсч захидал бичиж байлаа.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Малайзад шинэ парламент бүрэлдсэн юм. Тэр үед би парламентын гишүүн бүрт хандаж захидал бичсэн. Шүүхээс хэргийн гол сэжигтнийг цагаатгасан нь харамсалтай. Гэхдээ хүний амь хөнөөчихөөд байхад хэн нэг нь хариуцлага хүлээх байх. Малайзын шүүх энэ бүхнийг харгалзан үзэж шударга шийдвэр гаргаасай гэж хүсч байна.
 
Хуульч Х.Тэмүүжин: Манай улс цэвэр хохирч үлдсэн

- Монголын Засгийн газрын зүгээс юу хийх вэ. Хоёр улсын хооронд эрх зүйн харилцаа, тусламжийн гэрээ байхгүй тохиолдолд юу ч хийх аргагүй. Бидний хуулийн хүрээнд хийж чадах зүйл гэвэл, ГХЯ-аараа дамжуулан Багиндаг яагаад цагаатгасан талаархи албаны эх сурвалжийг нэхэх нь зөв. Эхний алхам энэ. Дараа нь хүний эрхийн асуудлаар НҮБ-д хандан асуудлыг хөндөн тавьж болох байх. Гэхдээ олон бус ганц хүнийх болохоор хэцүү. Саяын тохиолдолд манай улс цэвэр хохирч үлдэж байгаа юм.
 
Сонгогчдийн боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа: Төр гэдэг нөмөр нөөлөггүй хүн яах билээ

- Би дөнгөж сая аавынх нь ярилцлагыг уншаад сэтгэл эмзэглэж суулаа. Охиноо алдсан эцэг хүний үг үнэн шүү дээ. Монголын төр хүнээ тоохгүй юм гэж. Тэр хүн ганцаараа яах ч юм билээ. Төр гэдэг асар том нөмөр нөөлөг хажууд нь байхгүй байсан юм чинь хүний нутагт хүчин мөхөсдөхөөс яах билээ. Гэхдээ би энэ хэргийг ингээд дуусчихна гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл энэ аймшигт явдлыг гардан үйлдсэн хүмүүсийг шүүнэ гэсэн. Тэр хүмүүс энэ хэргийн захиалагчдыг хэлэх байх гэж найдаж сууна.

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Пүрэвням: Шүүх байгууллага аллахтайгаа ярьж хэрэг шийднэ гэж үгүй

- Шүүхийн шийдвэр гарсныг сонсоод гайхлаа. Аавынх нь ярьж буйгаар шүүгч нь аллах тэнгэр минь гээд баахан юм ярьж байснаа Багиндад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо гэж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ. Дэлхийн хууль зүйн шинжлэх ухаанд лав ийм зүйл байхгүй. Энэ асуудалтай холбогдуулж манай болон Олон улсын хүний эрхийн байгууллагууд дорвитой дуугарах хэрэгтэй. Би тухайн улсын ёс заншлыг сайн мэдэхгүй байж болно. Гэхдээ орчин үеийн шүүх байгууллага аллах бурхантайгаа ярьж байгаад хэрэг шийднэ гэдэг хэзээ ч байж болохгүй шүү дээ.

Г.Сонинбаяр