Зүрх бол мөнхийн ажиллагаатай эмзэг эрхтэн
Ард түмнийхээ дунд “зүрхний” хэмээн өргөмжлөгдсөн ардын эмч Н.Баасанжавтай ярилцлаа.
Бүх л эрхтэн зүрхээр тэжээгддэг
- Таныг ард түмэн “зүрхний” хэмээн өргөмжилдөг. Та энэ нэрэндээ хэр дуртай вэ?
- Намайг хүндэтгэж, мэргэжлээр минь ялгаж тодруулж өгсөн нэр болов уу. Би хөдөө ажиллаж байгаад 1978 онд ирсэн. Яг гуч дахь жилдээ ажиллаж байна. Гучин жил зүрхний мэс заслын салбарт ажиллаж байгаа гэдэг утгаар нь тэгж нэрлэсэн байх. Нөгөө талаар зүрхний мэс заслын салбар алба гэж Монголд бий. Тэр албыг тэргүүлж, голлон ажиллаж байгаа болохоор тэр болов уу. Бас зүрхний мэс засал хийдэг ганц төв Монголд бий. Төвийн зөвлөх эмч болохоор л тэр биз дээ.
- Та сая гучин жилийн тэртээгээс зүрхтэй ажил, амьдралаа холбосон гэлээ. Таныг хөдөөнөөс ажлын гараагаа эхэлсэн гэж сонссон?
- Би мэс заслын эмч хүн. Төгсөөд Ховд аймгийн Мянгад суманд хоёр жил ажилласан. Дараа нь аймгийн төвд долоон жил ажилласан. Нийтдээ хөдөөд арваад жил ажиллаад хот руу орж ирсэн л дээ. 1974 онд зүрхэндээ хутгалуулсан нэг хүүхэд маш хүнд, ухаангүй, шокийн байдалтай ирсэн. Тэгж л анх зүрхэнд “гар хүрсэн”. Миний багш академич Шагдарсүрэн намайг зүрхний мэс засал хий гэж хамтлагийн бүрэлдэхүүнд оруулж нааш нь хот руу авчирснаас хойш л зүрхний мэс засал хийж ирлээ.
- Зүрх бол хүний хамгийн чухал эрхтэн. Машинаар бол мотор нь. Зүрх бас хүний сэтгэл зүйтэй хамгийн ойрхон эрхтэн. Хүн баярлах, уурлахад зүрх л дэлсдэг, савладаг шүү дээ?
- Зүрх бол мөнхийн ажиллагаатай эрхтэн. Үнэхээр эмзэг. Олон сайхан юм ярьж болно. Зүрх сэтгэл минь гэдэг. Зүрх тархи ч гэж ярьдаг. Үнэхээр зүрх гэдэг хүнийг авч яваа гол эрхтэн. Зүрх, тархи, бөөр гээд амин чухал эрхтэнүүд бүгдээрээ л тус тусдаа онцгой үүрэгтэй. Тэдний төв нь зүрх байх ёстой. Зүрхээр тэд тэжээгдэнэ.
Хүний сэтгэл зүй, хүн тайван байх, сандрах, эсвэл стресс тайлах зэрэг нь зүрхний үйл ажиллагаатай шууд холбоотой. Хүн сандрахад зүрхний цохилт олширч, бүх эрхтэн эмх замбараагаа алдана. Тийм учраас зүрх эрүүл байж, хэвийн ажиллаж байж бүгд хэвийн байна гэсэн үг.
- Та энэ хугацаанд хичнээн хүний зүрхтэй “ноцолдов”?
- Зүрхний мэс засал хийсэн хүний тоо гурван мянга дөхөөд байна.
- Зүрхний гажигтай хүн олширлоо гэж сонссон. Юутай холбоотой юм бол?
- Тийм хүн зөндөө бий. Зүрх судасны эмгэг бол хүний нас баралтын нэгдүгээр зэргийн шалтгаан болдог. Өвчлөлийн эхний гуравт явж байгаа эмгэг. Тийм учраас их анхаарал татдаг. Үүгээрээ их онцлог. Тиймээс зүрх судасны өвчлөл, ялангуяа зүрхний даралт ихсэх өвчин, зүрхний тэжээлийн хомсдол буюу ишеми өвчин, зүрхний гажгууд их байна. Монголд цаашид даамжрах юм уу, өсөх хандлагатай байгаа.
- Зүрхний хичнээн төрлийн гажиг байдаг вэ, нийтдээ?
- Тоолбол маш олон. Монголд зонхилон оношлогдож, эмчлэгдэж байгаа зүрхний гучаад төрлийн гажиг бий. Гэхдээ гажгийг дотор нь гурван том бүлэг болгон ангилдаг. Нэгдүгээрт, зүрхний олдмол гажиг, хоёрт, зүрхний төрөлхийн гажиг, тэгээд зүрхний тэжээгч буюу том судасны гажиг гэж. Манайд зүрхний мэс заслын аль ч гажгийг эмчилж байна.
- Хүний биеийн жингээс хамаарч зүрх том, жижиг байх уу?
- Эрүүл хүний зүрх биедээ зохицсон байна. Мэдээж зүрх нь өвчилбөл томорно, тэлэгдэнэ, хана нь зузаарна. Харин зүрх жижгэрнэ гэж байхгүй.
- Сүүлийн үед зүрхний өвчин ихэсч байгаа. Зүрхний өвчингүй хүн бараг байхгүй боллоо?
- Зүрхэнд нөлөөлдөг таван үндсэн зүйл байдаг. Архидалт, тамхи, таргалалт буюу хөдөлгөөний хомсдол, замбараагүй хооллолт, хүний цусан дахь саахарын өвчин зэрэг нөлөөлнө. Ажил амьдралын хэв маяг, дэглэм алдагдсанаас нөлөөлдөг. Манайд зүрхний өвчлөл өндөр байгаа гэж түрүүнд хэлсэн. Нас баралтын нэгдүгээр шалтгаан болж байгаагаар бол ойлгомжтой. Олон зүйлээс хамаарч байна. Нийгмийн байдал нөлөөлж, хүн их стресстэй, тайван биш амьдарч байна.
Амьдрал нь бэрх, хоногийн хоолоо яаж олох вэ гэсэн хүн олон байна. Гэтэл өөр нэг нөлөөлөх хүчин зүйл нь яг эсрэгээр хүн хоолоо хэтрүүлж байна. Өөх тостой зүйл маш их хэрэглэж, тодорхой дэглэмгүй, олдвол ахиухан идэж, олдохгүй бол хоосон явж байдаг. Олдсон хоол нь эрүүл мэндийг муутгадаг байх жишээтэй. Гуравт, хүний ажил, амьдралын авцалдаа маш их алдагдсан байна. Орчин тойрны нөлөө их байна. Утаа, байгалийн сүйрэл, гол мөрөн ширгэж буй гэх зэрэг нь зүрхийг өвчлүүлэх хүчин зүйл болж байна. Энэ мэт олон юм хэлж болно.
- Хүүхдүүд хүртэл зүрхний өвчтэй болж байна гэх юм. Багаасаа л уур уцаартай. Бүр төрөхдөө зүрхний гажигтай гэсэн оноштой төрөх болжээ. Энэ бас л орчин, нийгмийн нөлөө юү?
- Үүнд нөлөөлж буй гурав, дөрвөн хүчин зүйл бий. Төрөх насны залуучуудын дунд хорт бодис хэрэглэдэг нь олон байна. Байгалийн хүчин зүйлс бас нөлөөлж байгаа. Хоёрт, хэрэглэж буй хоол унд. Тухайлбал, архидалтыг зориуд онцолж хэлмээр байна. Залуучууд төдийгүй охид тамхи их татаж байна. Вирусын янз бүрийн халдварууд болжээ. Энэ бүгд нөлөөлнө. Хооллох дэглэм алдагдсаар. Залуучууд гэртээ амрахдаа монгол маягийн хоол, ялангуяа гурилтай шөл идэхээ байсан. Зоогийн газраар хооллодог болсон. Миний мэдэж байгаагаар, тэнд нь хоолны орцонд орж буй бүтээгдэхүүний 70-80 хувь нь хятадынх. Монгол төмс, манжингаар хоол хийхгүй шүү дээ. Энэ мэт нь гажигтай төрөхөд нөлөөлж байна. Нөгөө нь удамшилтай холбоотой. Удамшил их өөрчлөгдөж, хувьсч эмгэг байдал руу их явж байна. Энэ нь нөлөөлж байгаа.
Бас хоолойн өвчин даамжирснаас зүрх, бөөрөнд нөлөөлдөг. Хэрх буюу ревматизм бол зүрх судасны өвчинд нөлөөлөх гол хүчин зүйл болдог. Биднийг оюутан байхад Рагчаа профессор лекц уншихдаа “ревматизм бол үе мөчийг илэн таалж, зүрх судсыг эвдэн сөнөөгч шүү” гэж анхааруулж хэлж байсан. Үнэхээр зүрх судсыг үрэвсүүлэгч, сөнөөгч, гэмтээгч гол зүйл мөн. Зүрхний хавхлагуудын гажгуудыг үүсэхэд гол нөлөөлөгч болно.
Мэс засалчдын 90 хувь нь эрэгтэй байдаг
- Мэс засалч хүн их стресстэй байдаг юм шиг санагддаг. Мэс засалд орсноос хойш ч өвчтөнийхөө хойноос үргэлж л яаж байгаа бол гэж санаа зовж явдаг. Шаардлагатай бол хүнд өвчтөнөө сахиж хонох гээд л?
- Хэцүү л дээ. Мэс засалч хүн бусдаас илүү стресст орж, илүү дарамттай, сэтгэл санаа хүнд явдаг. Ялангуяа хүнд хагалгаа хийснээс хойш эдгээд эмнэлгээс гартал нь бүтэн нойртой хонож, хоолоо ч бүрэн идэж чаддаггүй. Байнга л санаа зовж, дутуу амьсгаатай явдаг.
- Байнга л ийм ачаалалтай явахад эмч нарт, өөрсдөд нь ч халтай биз дээ. Энэ стрессээ янз бүрээр л тайлдаг байх?
- Эмнэлгийн олон мэргэжил бий. Энэ дотроос миний бодлоор хамгийн их стресстэй нь мэс заслынх юм уу даа. Мэс засалч бол сайхан мэргэжил, нэр хүндтэй. Гэхдээ амархан стресст ордог, цаг наргүй ажилладаг, гэр орондоо анхаарах, туслах боломжгүй. Стрессээ тайлах хүн хүний онцлог бий. Уул хадаар явах, найз нөхөдтэйгөө уулзах, ном унших зэргээр. Миний хувьд тайван ном, сонин унших, юм бичих, нар салхинд гарах зэргээр л стрессээ тайлдаг даа.
- Та мэс засалч болсондоо харамсч байв уу?
- Үгүй дээ. Би мэс засалч болсноороо ер алдаагүй. Мэс засалч бусад эмчээс онцлогтой. Тэвчээр хатуужилтай байх ёстой. Онолын хувьд өндөр мэдлэгтэй, мөн гарын ур дүй, чадвар маш чухал. Надад энэ бүгд байгаа гэж хэлж байгаа юм биш шүү. Би шавь нартаа ийм л шаардлага тавьдаг.
Надад анх эмч болъё гэсэн бодол байгаагүй. Хөдөөнөөс ОХУ-д цахилгаан инженерийн ангид суралцах хуваарь авч хотод орж ирсэн юм. Тэр үед Улаанбаатар хотод Анагаах ухааны дээд сургуульд конкурс авдаг байлаа. Санаандгүй л конкурсдэж, анагаахад тэнцсэн. Харин аав минь анагаахад орсонд их баярласан юмдаг. Төгсөхөөс өмнө мэс заслын дугуйланд явж байгаад, дөрөвдүгээр курс төгссөн зун Хэнтий аймагт дадлага хийж байхад миний багш профессор Равдандорж намайг мэс засалч бол гэсэн.
Хамт олон, багш нар, бусад хүн, гадаад, дотоодын эмч нарын дэмжлэг туслалцаатайгаар өдий хүрлээ. Өнөөдөр өнгөрснөө эргээд харахад би мэргэжлээ зөв сонгожээ.
Мэс засалч хүнд зовлон бас бий. Ар гэр, ар талаа үндсэндээ хаядаг. Гадаадын өндөр хөгжсөн орнуудад бол нөхцөлийг нь хангаж өгдөг. Манайд бол үнэхээр ар тал, амьдрал, үр хүүхдийн сургалт хүмүүжил хаягддаг юм шүү дээ. Мэс засалч хүний гэр бүлийн хүн ар талыг баталгаатай дааж, дэмжиж ахуй амьдралаа авч явсан цагт л ингэж олон жил зүтгэх бололцоог нь хангаж чадна.
- Таны гэр бүлийн хүн бас эмч үү?
- Хүүхдийн эмч.
- Мэс засалчдын дийлэнх эрэгтэй хүн байдаг нь ч үүнтэй холбоотой байх. Түүнээс биш маш сайн мэс засалч эмэгтэйчүүд байдаг шүү дээ?
- Монголд мэс засалчдын бараг 90 хувь нь эрчүүд. 10 хувь нь эмэгтэй. Эр хүнээс дутахгүй маш сайн мэс засалч зөндөө бий. Миний багш профессор Ичинхорлоо Монголын анхны мэс засалч, Монголын анхны эрдэмтэн хүн. Монголд мэс заслын суурийг тавьсан, олон жил мэс засал хийсэн хүн.
Эмэгтэй хүн бие бялдар, хүч чадлын хувьд эр хүнтэй эн зэрэгцэж чадахгүй гэдэгтээ биш ар гэрийн гол ажлыг эмэгтэй хүн даадаг учир мэс засалчаар он удаан жил ажиллах хэцүү. Эмэгтэй хүн байхгүй бол гэр нэг л хүйтэн оргиод байдаг шүү дээ. Хүүхэд төрүүлэх, хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх ачаалал нь эрэгтэй хүнд бага оногддог. Эмэгтэй хүн л тэр ачааг үүрч явдаг.
- Та их завгүй хүн юм. Энэ орой ч өвчтөн рүүгээ яараад. Ярилцлагын төгсгөлд, манай уншигчдад хандаж, зүрхээ яаж хайрлаж, хамгаалж явах ёстой талаар зөвлөгөө өгөөч?
- Хүн урт наслахын үндэс бол эрүүл, хэвийн ажиллагаатай зүрх. Тиймээс зүрхээ хайрлах ёстой. Дахин давтан хэлэхэд, зүрх судасны өвчлөл нас барах гол шалтгаан болж буй. Зүрхээ хайрлахын тулд цагаа зөв зохицуулах ёстой. Хэт олон цаг ажиллаж болохгүй. Хэт богино хугацаанд амарч болохгүй.
Хүн яг найман цагаа барьж ажиллах ёстой.
Хүн төрөл бүрийн стресст орж болно л доо. Хүнд уй гашуу, баяр баясал тохиож болно. Тэр үедээ асуудалд бачимдаж, сандарч тэвдэлгүй аль болох тайван хандаж, тэвчээр хатуужилтай байх шаардлагатай. Бас амралт, ажлаа зохицуулах хэрэгтэй. Хагас, бүтэн сайнд агаар салхинд гарах нь зүйтэй.
Хүн өвчлөхөд орчин их нөлөөтэй. Агаарын бохирдол, утаа тортог уушгинд нөлөөлж, уушиг муудна гэдэг зүрхэнд эмгэг үүсгэнэ гэсэн үг. Зүрх бүх эрхтэнтэй холбоотой шүү дээ. Бөөр, тархи, элэг, уушиг муудвал зүрх бас муудна.
Мэс засалч хүн байнга бэлэн байх ёстой
- Та сүүлийн үед мэс засал хийж байна уу. Давхар олон ажилтай болохоор тэр бүгдийг амжуулах гээд зав муутай л байдаг байх?
- Миний үндсэн ажил бол зүрхний мэс заслын зөвлөх. Бас Хүрээлэнгийн захирал, хувийн секторын алба, мэс заслын нийгэмлэгийн тэргүүн гээд ажил их бий. Гэхдээ бүгдийг амжуулах гээд явж байна.
Өдөр бүр мэс засалдаа орно. Төмөр замын эмнэлэг, Гэмтэл согогийн эмнэлэг, мөн бусад клиникийн том эмнэлгүүдэд мэргэжлийн дагуу шаардлагатай хагалгаанд орно. Ер нь хэзээ дуудна, тэр цагт бэлэн байх үүрэгтэй. Бүх аймагт дуудлагаар явна.
- Нийгэмлэг гэснээс, саяхан мэс засалчдын нийгэмлэгийн 80 жилийн ой болсон. Ойгоороо мэдээж 80 жилийн түүх, үр дүнгээ хэлэлцсэн байх. Шинэ ололт, амжилт гээд ярих юм их л байгаа байлгүй?
- Саяхан мэс засалчдын нийгэмлэгийн 80 жилийн ой болсон. Сайхан болж өнгөрлөө. Манай хот, хөдөөгийн мэс засалчдын төлөөлөгчид оролцсон. ОХУ-ын Сибирийн хотуудаас Орост төдийгүй дэлхийд алдартай 12 том мэс засалч ирсэн. Сингапураас мөн ирсэн. 80 жил гэдэг их урт хугацаа. 80 жилийн түүхээ сөхөн харж, энэ хугацаанд бид ямар үе шатаар юу шийдэж, ямар дэвшил ололт амжилт гаргав, ямар дутагдал байна, түүнийгээ яаж засах зэргийг хэлэлцэх л чухал.
- Гадаадынхан манай эмч нарыг, тэр дундаа мэс засалчдыг их үнэлдэг. Даанч тоног төхөөрөмж л дутмаг, хуучин гэж голдог?
- Үүнтэй би санал нэгддэг. Эхлээд ерөнхий мэс засал байсан бол одоо нарийн мэргэжлийнх маш амжилттай хөгжиж байна. Салбар, салбараараа зүрхнийх, тархиных, бөөр, элэгнийх, гэмтлийнх, эмэгтэйчүүд гээд төрөлжин хөгжөөд, тэр нь хөгжсөн орнуудын төвшинд дөхөж очсон. Тухайлбал, судсан дотуур мэс засал хийдэг болсон, эрхтэн шилжүүлэн суулгадаг болсон, нөхөн сэргээх мэс заслуудыг амжилттай хийж байна. Энэ бүгд том ололт. Тэр бүгдийг хийж байна гэдэг нь мэргэжилтнүүд олон улсын түвшинд бэлтгэгдсэн байна гэсэн үг. Нөхцөл, техник технологийн хувьд дэлхийн хэмжээнд арай хүрээгүй.
- Тэгвэл яг зүрхний салбарын хувьд сүүлийн үеийн ямар ололт дэвшлийг нэрлэх вэ?
- Зүрхний мэс заслын хувьд боломжийн түвшинд хөгжиж байна. Хамгийн гол нь зүрхний мэс заслын хувьд гадаад харилцаа маш өргөжиж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Зүрхний мэс засал Япон, АНУ, Солонгос, ОХУ, Герман, Франц, Канад улстай хамтын ажиллагаатай. Тэдэнтэй ажиллаж, хамтын ажиллагаагаа өдрөөс өдөрт өргөтгөн ажиллаж байна. Товчхон хэлэхэд, улирал тутамд гадаадын багийнхан ирж, манай зүрхний мэс заслын багийнхантай хамтран ажиллаж, бидэнд тусламж үзүүлж байгааг зориуд хэлмээр байна.
- Танаас шавиа хэрхэн бэлтгэж байна гэж асуухад илүү байх. Та хувийн сургууль байгуулж, олон мянган шавь бэлтгэж байна. Таны санаачлан байгуулсан “Ач” дээд сургууль энэ өдрүүдэд арван нас хүрч байна. Энэ сургуулийг эмч нар сургалтын хувьд эмч бэлтгэх талаараа ЭМШУИС-ийн дараахь сайн сургууль гэж үнэлдэг юм билээ?
- Баярлалаа. “Ач” анагаах ухааны дээд сургууль үүсгэн байгуулагдсаны арван жилийн ой тохиож, энэ ойгоо бид тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойгоо тэмдэглэнэ гэдэг нь баяр ёслол, найр наадам, зугаа цэнгэл хөөцөлдөх биш. Өнгөрснөө эргэн харж, дүгнэж цэгнэн, хойшдоо юу хийх вэ гэдгээ шийдэх ёстой гэж боддог. Эмч хүний хувьд олон жил эмнэлгийн салбарт нойроо хасч, хоолоо хумсалж, цагаа гарздаж явсны хувьд хойч үеэ бэлтгэхийг зорьсон. Хүнд хойч үе гэж байдаг, хойч үедээ заавал юм үлдээх ёстой. Хойч үе нь тасралтгүй үргэлжилж байхын тулд цаашид яах ёстой гэдгийг арван жилийн өмнө бодож, гэр бүлийнхээ хүнтэй ярьж байгаад сайн шавь бэлтгэх нь зүйтэй гэж үзэн сургууль байгуулахаар шийдсэн. 1990-ээд онд хувийн юм байгуулах тийм боломж бүрдсэн. Гэхдээ сургуулийг хувиа бодож, улаан мөнгөнөөс ашиг олж, хувийн амьдралаа дээшлүүлэх гэж байгуулсан юм биш. Олон түмэндээ буян үйлдье гэж бодож, мэргэжилтэн бэлтгэе, ард түмний эрүүл мэндийг хамгаалахад өөрийн оруулах ёстой хувь нэмрийг шавь нараараа дамжуулъя гэж бодсон.
Сургууль маань энэ хугацаанд 250 их эмч бэлтгэн гаргаснаас 98 хувь нь эмчийнхээ ажлыг нэр төртэй хийж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байна. Цаашид ч сайн сайн эмч нар төрнө гэдэгт итгэлтэй байгаа.
- Арван жил гэдэг багагүй хугацаа. Мэдээж, ололт амжилт, бас алдаа дутагдал гээд байлгүй яахав. Танай сургуулийн бусдаас ялгарах сургалтын онцлог гэвэл юу хэлэх бол?
- Манай сургууль сургалтын системдээ Европын орнуудын их эмч бэлтгэдэг сургалтын стандартыг нэвтрүүлж буйгаараа онцлогтой. Стратеги, тактикийг яаж хэрэгжүүлэх, яаж дүгнэх вэ гэдгээс их зүйл хамаарна. Манайх тэр бүгдийг хэрэгжүүлэх арга барил, хэрэгжүүлсэн байдал, үнэлэлт дүгнэлт зэргийг оновчтой тодорхой болгосон. Мэргэжилтэн бэлтгэхэд боловсон хүчнээ зөв сонгох ёстой. Үүнийг бид биелүүлсэн.
Гадаад хэлний сургалт, англи, орос хэлийг түлхүү сургаж, интернэт, ном, сурах бичгийг ашиглах хэмжээнд сургаж, өвчтөнд аль болох ойртуулах, дадлагажуулахыг урьтал болгосон.
Бид ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ явуулсан. Анагаахын дээд сургуулиудын онол практикийн том хурал зохион байгуулсан. Энэ хуралд ЭМШУИС, бусад хувийн дээд сургуулиас гадна биологийн салбарын нэр цуутай эрдэмтдийг урьж, сонирхолтой илтгэлүүдийг нь сонсч, эрдэм ухаан уралдуулсан нь ач холбогдолтой болсон. Анагаахын урдаа барьдаг эрдэмтэн, профессорууд нэг дор цугларч, илтгэлээ тавина гэдэг сургуулийн нэр хүнд, манай сургуулийн нэр хүндтэй холбоотой шүү дээ.
Л.Тунгалаг

