С.Баярын улс төрийн эр зориг
Зарим гаднынхан Монголыг жижиг орон гэдэг. Монголчууд ч өөрсдөө “манай Монгол үнэхээр жижиг шүү” гэж томордог. Гэтэл жижиг Монгол маань өмнөх өдрийн сенсаац нь хуучирч, олон түмэнд хүрч амжаагүй байхад дараагийнх нь залгаж байдаг онцлогтой. Ерөнхий сайд С.Баярын өнгөрсөн даваа гаригт хийсэн мэдээлэл шил дараалсан ийм олон сенсаацийн дунд өнөөдөр нэгэнт хуучирч үлджээ. Тэрээр хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдсоноос, Засгийн газраа байгуулснаас хойш бараг анх удаа нэлээд тодорхой мэдээлэл хийлээ.
Хэдэн сарын турш хэвлэлээр хариултгүй тэнэсэн зарим асуултад Засгийн газрын тэргүүн албан ёсны хариулт өгчээ. С.Баяр өөрөө улирсан хуучин Ерөнхий сайд боловч тэр өдөр хийсэн мэдээлэл нь шинэ байлаа. Засгийн газраас хөрөнгө оруулалт хийж арилжааны банкуудаа дэмжихээ, иргэдийн мөнгөн хадгаламжийг төрөөс даатгах гэж байгааг, зарим банкны ажил шүүмжлэлтэй болсныг Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдлээ.
Мөн гурвын зэрэг яаманд хоёр дэд сайд томилно, дэд сайд, агентлагийн дарга нарын томилгоог Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-аар баталсны дараа хийх юм байна гэдгийг Ерөнхий сайдын мэдээллээс харж болно. Тэдгээрээс цочир гэмээр, олон нийт заавал анхаарах ёстой нэг мэдэгдэл нь МАХН-ын сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөгийн тухай юм. С.Баяр “1.5 сая төгрөгийг бэлнээр олгохгүй, олговол эдийн засаг элгээрээ хэвтэнэ” гэж мэдэгдлээ.
МАХН-ын дарга С.Баярын хувьд энэ нь хариуцлагагүй мэдэгдэл юм. Тус намыг парламентад 45 суудал авахад ялалтын туг, хөтөч болсон сонгуулийн амлалтаасаа МАХН-ын дарга бултаж, мэлзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөхөөр. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын хувьд үнэхээр хариуцлагатай мэдэгдэл хийлээ. Тэр бодит үнэнийг Ерөнхий сайдын хувьд хэллээ.
2.5 сая иргэндээ тус бүр 1.5 сая төгрөгийг бэлнээр тараах хэмжээний мөнгө төсөвт байхгүй, байлаа гэхэд улсын эдийн засагт даах чадвар нь алга. 1.5 сая төгрөгийг нийт хүн амдаа үржүүлбэл ойролцоогоор 3.9 триллион төгрөг болно. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2007 оны байдлаар 5.7 триллион төгрөг байгаа. Зарим хүн энэ хэмжээг ирэх онд долоон триллион төгрөг болно гэж тооцоолсон. Энэ хэмжээнд хүрлээ ч 3.9 триллионыг бэлнээр өгвөл олсон хэдийгээ тараагаад дуусна гэсэн үг. Хэрэв ингэвэл бүтэн жил цуглуулснаа нэг удаа тарааж дуусчихаад хооосон сууж байдаг “голланд өвчин” гэх нэр томъёо “монгол” гэдэг нэрээр солигдох байх. Амласан учраас заавал өгнө гэж зүтгээд баялаг бүтээгчдийнхээ бүрдүүлсэн төсвийн орлогыг тэднээс хумсалж амьдардаг хэсэгт бэлнээр тараагаад дуусвал Монгол Улс өрхийн орлогогүй, талхны мөнгөгүй айл шиг л болно. Төр өнөөдрийн 34 хувийг ирэх онд 12 болгож бууруулах гээд инфляцаа л онилоод сууж байна. Хэрэв 1.5 саяыг бэлнээр тараавал Монгол Улс бүхлээрээ инфляцдаа онилуулж дампуурах ч аюултай. Ийм бодит үнэнээс үндэслэн С.Баяр МАХН-ын дарга бус, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд 1.5 саяыг бэлнээр өгөхгүйг хоёргүй утгаар шууд илэрхийллээ.
Тэр одоо дахих гэж байгаа нийслэлийн сонгууль, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж МАХН-ын эрх ашгийг харгалзан тархи угаасангүй. Улстөрийн эр зориг гаргаж, намынхаас Монголын ард түмний эрх ашгийг, үнэнийг илүүд үзсэнийх нь төлөө Ерөнхий сайдад талархал илэрхийлье. Уг нь энэ нь талархаад байх үйлдэл биш л дээ. Ард түмэндээ гагцхүү үнэнийг мэдээлж байх нь төр, засгийн удирдлагуудын үүрэг. Гэтэл бодит үнэнийг намын эрх ашгаасаа дээгүүрт тавьж байсан улс төрийн эр зориг өмнөх Ерөнхий сайд нараас цөөхөн удаа гарч байсан учраас С.Баярын мэдэгдлийг ийн тодотгов.
УИХ-ын сонгуулийн дараагаас монголчуудын олонхи нь бэлнээр авах 1.5 сая төгрөгөө хүлээсэн “горьдлого компани” болцгоосон. Зарим нь энэ мөнгөө барьцаалааад зээл авчихсан тууж явна. Ийм цаг үед бодит байдлыг үнэнээр нь эртхэн мэдэгдэх, байхгүй мөнгийг өг гэж хоосон улстөр хийх хоёрын аль нь ард түмэнд чухал вэ. Бэлэн мөнгө хувааж авах гэсэн олон түмний хүлээлт, улс орныхоо эдийн засгийг аварч үлдэх гэсэн Ерөнхий сайдын оролдлого хоёрын аль нь Монголд хэрэгтэй вэ. Мэдээж хоёр үнэн гэж байхгүй учраас С.Баяр өнгөрсөн даваа гаригт Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд бодит үнэнийг, 1.5 сая төгрөг бэлнээр авна гэж хүлээгээд хэрэггүйг мэдэгдлээ. Энэ бол улс төрийн эрсдэлээс айдаггүй, хүчтэй Ерөнхий сайдаас л гарах эр зориг юм.
МАХН-ын амласан 1.5 саяыг ч, АН-ын нэг саяыг ч ашигт малтмалын орлогоос иргэддээ хуваарилна. Үүнээс өөр эх үүсвэр байхгүй бөгөөд сонгуулийн амлалт нь ч ийм. Гэтэл өнөөдөр ашиглаж эхэлсэн төрийн эзэмшлийн ашигт малтмалын нэг ч орд алга. Баавгайг алсны дараа л арьсыг нь хуваадаг шүү дээ.
1.5 сая төгрөгийг бэлнээр өгөхгүй гэдэг нь бүр өгөхгүй гэсэн үг бас биш байх. Хувьцаа хэлбэрээр тараана гэж Ерөнхий сайд хэлж байна лээ. Үүнийг нь С.Баяр даргатай МАХН сонгуулийн амлалтаа биелүүллээ, биелүүлээгүй гэж үзэхийн алин болохыг ард түмэн 2012 оны сонгуулиар хариулах байх. Сая л гэхэд орон нутгийн сонгуулиар Хан-Уул дүүргийн МАХН-ын хороо өрх бүрт амласан 30 сая төгрөгийнхөө балгийг ялагдлаар амслаа шүү дээ. Үүнтэй ижил дүн тавихыг үгүйсгэхгүй. Харин өнөөдөр бол нэгэнт сонгуулийн жил биш учраас дэлхийн зах зээлийн дүрмээр тоглохыг Ерөнхий сайдаас хүсмээр, шаардмаар байна. Энэ цаг үед дэлхий нийтээрээ эдийн засгийн хямрал, эрсдэлээс тойрч зугтаж байхад Монгол Улс ганцаараа бэлэн мөнгө тарааж “гал”-аар наадаад яах вэ.
Г.Отгонбаяр

