Тавантолгой аль эрт “нүүдлийн зам”-д гарчээ
Нүүрс алт биш, зэс бол бүр ч биш
Монгол орны газар нутагт 15 сав газар /бассейн/-т 80 орчим нүүрсний орд газар илэрсэн бөгөөд тойм мэдээллээр 150 тэрбум тонн нөөцтэй гэж тэмдэглэсэн нь бий. Гэвч нарийвчилсан судалгаагаар 22.3 тэрбум тонн нүүрсний нөөцийг тогтоосон нь харьцангуй их баялаг мэт санагдана.
Өнөөдөр манай орны эрчим хүчний салбарт үйлдвэрлэлийн гол түүхий эдийн 93 хувийг нүүрс бүрдүүлж байгаа гэж тооцвол энэ нь дуусашгүй баялаг, дундаршгүй эрдэнэ биш болох нь тодорхой. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 8.8 сая тонн нүүрс олборлосны 3.2 сая тонныг экспортод гаргасан байх юм. Тэрхүү экспортыг зуун хувь Хятадад илгээсэн байдаг. Энэ нь мэдээж Тавантолгой болон манай нутаг дэвсгэрийн өмнөд хэсэгт орших жижиг уурхайгаас хувийн хэвшлийнхний оролцоотойгоор гарсан нүүрсний хэмжээ юм. Тэд нэг тонн нүүрсийг 18-24 мянган төгрөг, зарим овсгоотой нь үсрээд 25 ам.доллараар борлуулдаг гээд бодвол хөрсөндөө дахин ургаж төлжихгүй үнэт эрдсээ дэндүү хямд үнээр худалдаж байгаа хэрэг юм.
Талх хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ гэж бодвол бид бялууг тансаг хэрэглээнд тооцох биз. Яг үүнтэй адил зэс, алттай харьцуулбал урд хөршид хямд үнээр илгээж байгаа нүүрс бол бидний төдийгүй дэлхийн дахины хувьд “талх” юм. Учир нь дэлхийн эдийн засгийн “өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн”-д нефтийн дараа нүүрс бичигдэж байгаа.
Тавантолгой гаднынхны шүлсийг гоожуулж байна
Дэлхийн томчууд доторхийг нь онгичоод хаячихсан айлын авдар шиг Багануур, Шарын голыг тоохгүй нь тодорхой. Харин Тавантолгой бол өөр хэрэг.
Нүүрс олборлолтоор дэлхийд тэргүүлдэг Оросын “Пибоди энержи” компани Тавантолгойн олон улсын тендерт оролцох хүсэлтээ анх удаа нээлттэй илэрхийлчихсэн. Арга ч үгүй юм. Энэхүү орд газрын коксжих нүүрсийг зургаан тэрбум тонны нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоосон. Тийм ч учраас Оросын дээрх компани дэд бүтцийн ажилдаа Америкийн нэр хүндтэй компаниудыг татан оролцуулахыг манайхаас хүсч байсан. Мянганы сорилын сангаас Монголын төмөр замын салбарт өгч байгаа 188 сая ам.доллар энэ захиалгын биелэл байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
Үүний зэрэгцээ Хятадын “Шинхуа” корпорац Тавантолгойн тендерт ялж, Нарийн сухайт хүртэл хилийн гаднаас тавьсан төмөр замаараа Монголын коксжих нүүрсийг гангийн үйлдвэрүүд рүүгээ зөөнө гэдэгтээ эргэлзэхгүй байх шиг байна.
Гэтэл солонгосууд Тавантолгойн төсөлд оролцох консорциумынхаа бүтцийг бэлтгэчихсэн байж байгаа гэнэ. Засгийн газар нь ч үүнд хамтарч оролцоход бэлэн гэдгээ мэдэгджээ.
Тэгвэл бид яаж байна вэ
Нүүрсний хэрэгцээ хэзээ ч дундаршгүй гэдгийг төр засгийн томчууд, хууль тогтоогчид ойлгохыг хүсэхгүй байгаа нь даанч харамсалтай. Энэ нь Оюутолгой, Тавантолгой төсөлтэй байгуулах гэрээг зохицуулах Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэн батлахаас цааргалсаар байгаагаас харагдаж байна.
Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар дээрх хоёр томоохон төслийг бусад жижиг уурхай юмуу өөр эрдэс баялагтай харьцуулан нэгэн хуулиар зохицуулах боломжгүй гэж үзэж байгаа аж. Олон улсын жишгээс харахад зөвхөн Оюутолгой юмуу Тавантолгойг ашиглах хуулийн төсөл боловсруулж батлавал бүх юм илүү тодорхой, амар хялбар болдог гэнэ.
Манайд ч гэсэн яагаад ийм байж болохгүй гэж. Ядахдаа хууль тогтоох ажилд суралцаж байгаа, мэргэжлийн бус гишүүдийн тархи толгойг эргүүлэхгүй амар болох биш үү. Уул уурхайн салбартаа дулдуйдан хөлждөг зарим оронд Нүүрсний тухай хууль гэж тусгайлан баталсан нь ч байдаг аж.
Бид өөрсдөө нүүрсээ экспортлох боломж бий
Гэхдээ зөвхөн Хятад руу хувийн том жижиг компаниуд дотор түнштэйгээ үнийг нь тохиролцон дэлхийн зах зээлийн жишгээс дэндүү доогуур үнээр худалдаж байна. Цаашлаад Солонгос, Япон руу гаргах хүсэл, тэдний эрэлт хэрэгцээ байгаа ч үүрээд даахгүй, үлээгээд хийсэхгүй нүүрсийг газар зүйн хавчигдмал байдлаасаа шалтгаалж Хятадаар дайруулахаас аргагүй. Үүнд давуу байдлаа ашиглахаа урд хөрш мэдэлгүй яахав дээ.
Ингээд маниас авсан хямд нүүрсээ рееэкспорт хийж, тонныг нь доод тал нь 80 ам.доллараар худалддаг байна. Тэр ч байтугай биднээс өрсөн солонгосууд ОХУ-ын Соловьевск өртөөгөөр дамжуулан Сибирийн төмөр замаар зөөж, Ванино боомтоос цааш тосч авах хувилбарыг ч боловсруулаад амжсан байна.
Ийнхүү Тавантолгойн коксжих нүүрсний баялаг орд хөрсөн дороосоо хөдлөөгүй байж хүний нутгийг зорих төлөвлөгөөний бай болчихоод байгаа аж. Урагшаа, хойшоо хөдлөх “хар алт” ачсан галт тэрэгний цуваа манай дохио зөвшөөрлийг хүлээж зогсоно. Энэ бүх ашиг сонирхлыг Монголын хууль тогтоогчид ухаалгаар зохицуулах бодлого л бидэнд үлдэж. Харин Тавантолгой хэдийнэ “нүүж” эхэлжээ.
Д.Мөнхжаргал

