Хөрөнгө оруулагчдыг таних боломж
Засгийн газрыг багахан өмөөрөхүй
Эрдэс баялгийн үнэ ялангуяа зэсийн үнэ дэлхийн зах зээлд галзуурснаар алтны хэнээрхэл дээр нэмж зэс, уул уурхайн хэнээрхлийг Монголд авчирсан нь 2006-2008 он байлаа. Зарим нэг эдийн засагч, санхүүчдийн хэлдгээр Монгол улс 2,6 сая уурхайчинтай болж, эдийн засгийн үй олон арга хэрэгслийг ашиглах бус зүгээр газар доорхи баялгийн хэмжээг дэлхийн зах зээлд байгаа үнээр нь үржүүлэн баяжиж байв. Энэ хэнээрхлийн оргил цэг бол мэдээж 2008 оны УИХ-ын сонгууль байлаа. Нэгэнт солиоролд автсан хүмүүст тэр солиоролд тааруулж амлалт өгөхгүй бол хэн нэгэн шууд бэлэн мөнгө амлаад тараахад ялчихаар сонгууль болсныг бид бүгд мэднэ.
Ганц бид биш “Рио Тинто”, “BHP Billiton” зэрэг уул уурхайгаар дагнасан компаниудтай зэрэгцээд Хонконгийн “Cyberbase” хэмээх мэдээллийн технологийн компани хүртэл Монголын төслийг урьдчилан санхүүжүүлж Хонконгийн Хөрөнгийн биржид байгаагүй их хэмжээний хувьцааны өсөлт (5000 хувь) хийснээр угийн Монголын эрдэс баялгийг сонирхож байсан эх газрын хятадууд дээрээс нэмээд Зүүн өмнөд Азийн бизнесийнхний анхаарлыг ихээр татаж гарав. Нэг ёсондоо чаддаг ч бай чаддаггүй ч бай ялгаагүй Монголд байгаа баялагт түшиглэн хөрөнгийн биржид мөнгө босгож цаашлаад хувьцааны үнийн өсөлтийн зөрүүнээс ашиг хайсан жижиг, дунд хөрөнгө оруулагчид Монголд цутган, “Рио Тинто”, “Пибоди”, “BHP Billiton”-оос ч их мөнгийг өгөөд тэднээс бага хувь эзэмшье гэж ярьж гарав. Нэг ёсондоо тэднийг зайлуулчих, бид илүүг өгнө хэмээн өдөөн хатгаж байлаа.
Аз болж дэлхийн эдийн засаг хямарсан нь, хүйтэн дайн дууссанаас хойш дэлхийн эдийн засагт давамгайлж байсан unipolar буюу нэг туйлт эдийн засгийн тогтолцоо нуран унах хамгийн эхний шилгээ байв. АНУ-ын эдийн засаг хямрахад дэлхий хямрах болсныг 2003 оноос хойш цөөнгүй эрдэмтэн сануулж байсан л даа. Гэхдээ хоёр жилийн цаадахыг харахгүй монголчуудад энэ хамаагүй байсан биз. Энэ бүхэн өнгөрсөн түүх гэхдээ өнгөрсөн түүх бидэнд олон хичээлийг заалаа.
Нөгөө сайхан “бэлэн ам, шалдан гуянууд” бараа сураггүй алга болов. Харин уурхайн нас, уурхайн бизнесийг 2-3 жилээр хэмждэггүйг бид мэдэж авлаа. Чухам энэ л үед манай Засгийн газар хөрөнгө оруулагчдад хандан илгээлт явуулах хэрэгтэй болов уу. Хүнд үед хамт байсан хэнийг ч болов Монголын Засгийн газар хаяхгүй, орхихгүй гэсэн утга санаа бүхий амлалтыг ч хүртэл гаргаж болох юм. Үүний дараа хэн нь хэн бэ гэдгийг хангалттай мэдсэний эцэст бидэнд сонголт хийх таатай боломж гарна буй за. Хямрал бидэнд давуу тал олгож байна. Хий хөөргөдсөн хий үзэл бодол, төөрөгдлийн мананг арчин бүхнийг бодитоор харах боломжийг олгож байна.
Хямрал хэр удаан үргэлжлэх хийгээд Монголд нөлөөлөх эсэх
Хямралын маргаашнаас л Европын Холбоо түүнийг даргалж байгаа Франц улсын Ерөнхийлөгч Саркози дэлхийн эдийн засаг олон туйлтай болох ёстой гэсэн шинэ чиглэлийг улс төрийн төвшинд томъёолсон юм. Энэ нь эдийн засагт өөрийн гэсэн туйлыг бий болгох хэрэгтэйг сануулсан хэрэг байлаа. Тиймдээ ч хэт ихээр интеграцчилагдсан дэлхийн эдийн засагт газар хөдлөхөд түүнд тулгуурласан бүхий л бизнес сэгсрэгдэх нь ойлгомжтой хэрэг.
Монголбанк энэ үед зөв тооцоо хийж үр дүнтэй арга хэмжээ авч чадсан нь олон нийтийн хүсээд байгаа шиг инфляцыг эрс унагаахгүй гэсэн зорилгодоо хүрэх нь маш тодорхой харагдаж байна. Учир нь, АНУ-ын хямрал нь санхүүгийн чадвар муутай иргэдэд зээл ихээр олгосноос болж үүссэнээс гадна санхүүгийн бас нэгэн бүтээгдэхүүн болох опц буюу эрх худалдах, худалдан авахтай холбоотой үүссэн. Энэ хэлбэрээрээ ирэхгүй нь тодорхой бөгөөд эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээ нь банкуудыг зээлээ хязгаарлахад хүргэсэн нь эдийн засгийн өсөлтөд тулгуурласан барилгын салбарын хөрөнгө оруулалтыг царцааж мэдэх юм.
Энэ тохиолдолд зах зээлийг хэвээр нь хадгалахын тулд bail out хийх хэрэгтэй талаар үг цухуйлгасан УИХ гишүүн О.Чулуунбатын санаа бол нэгийг нь аврахын тулд нөгөөг нь хөнөөх, аюулгүй алхмын оронд аль алийг нь аврах шийдмэг алхам хийх хэрэгтэй гэсэн санаа байсан болов уу. Энэ хоёр хувилбарын аль аль нь хэрэгтэй бөгөөд харин үр дүн нь хямралыг хэр удаан үргэлжлэх вэ хэмээх төсөөллөөс л хамаарах юм.
Инфляцыг ард олны төвшинд хөөрөгддөг бензиний үнэ буурч, Монгол Улс газрын тос нэрэх үйлдвэр барихаар зориг шулуудаад байгаа нь хоёр талаасаа эерэг чиглэлд ойртож байгаа боломж бөгөөд үүн дээрээс хүнсний хамаарлаас ангижрах эхний том алхмаа сайн хийж чадсан Засгийн газрын бодлого ямар ч байсан инфляцыг эрс биш гэхэд аажмаар буулгах боломжийг олгож байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж Барак Обама анхны африк гаралтай Ерөнхийлөгч болов. АНУ-ын олон нийт түүнийг Маккейнээс илүүтэй энэ хямралыг давж гарах чадалтай Ерөнхийлөгч гэж үзсэн учраас ч сонгосон нь лавтай.
Энэ мэдээг дагалдаад зэсийн үнэ эргээд 6,4 хувиар хоёрдахь өдрөө өсөж байна. Энэ өсөлтийг Конго улсын зэсийн төсөл цаашид дахин хүлээгдэхтэй холбон тайлбарлаж байна. Зэсийн үнэ удаан унахгүйг цөөхөн хэдэн шинж тэмдгээр мэдэх боломжтой юм. Жишээлбэл, “Рио Тинто”-г худалдаж авах санаархлаа “BHP Billiton” одоо болтол орхиогүй. Энэ талын яриа хэлцлээ сэргээж байгаа, зэсийн үнэ хэлбэлзэлтэй байгаа ч өсөх чиглэлд яваа, Хятадын хамгийн том зэс үйлдвэрлэгч “Тонглин Өнгөт Металл” группийн хувьцааны ханш зургаан хувиар өсч 6,18 юань болсон, Хятадын хоёр дахь том нүүрсний компанийн хувьцаа таван хувиар нэмэгдэж 11,90 юань болсон зэрэг нь зэсээр тогтохгүй уул уурхайн уналт доод цэгтээ тулаад эргэж ойх хандлага харагдаж байгааг хэлж байна.
Мөн нөгөө талаар зэсийн үнэ тэгтлээ “халуурахгүйг” ч бас цөөн хэдэн төсөөлөл хэлж буй. “Кредит Свис” группийн шинжээч Жереми Грэйгийн үзэж байгаагаар Хятадын эдийн засаг саармагжсанаас үүдэн дэлхийн зэсний эрэлт 0,2 хувиар буурах төлөвтэй байгаа аж. Тиймээс бид энэ хүнд мэт харагдах авч боломж олгож байгаа үеийг ашиглан олон зүйлээс суралцаж, хөрөнгө оруулагчдынхаа яс чанарыг таньж авах хэрэгтэй гэж үзнэ.

