Улаанбаатар 

Хотын утаа

Сангийн сайд төсөв хумьж, инфляци бууруулах тухай хошигносоор бас нэг өвөлтэй золгов. Дулаан орох цагаар эрх баригчид утааны тухай ярьж эхэлдэг өвчтэй болсоор удаж байна. Мэдээж өвөл яривал мөнгөө хүртэх боломжгүй болно. Харин зун утаагүй байдаг тул утааны мөнгийг нэхэх хүн гарахгүй.

Өнгөрсөн жилүүдэд утааг устгахаар хэдэн тэрбум төгрөг зарсныг хэн ч мэдэхгүй. Утаа устаагүйгээр барахгүй нэмэгдэж байгааг долоон сүв битүүрээгүй болгон мэдэрч байгаа. Монголчууд Улаанбаатарын утааг их, багаар нь л ялгана. Түүнээс утаа байна уу, үгүй юу гэж асуудаггүй. Гэтэл саяхан ард олныг дэндүү доромжилсон увайгүй наймааг эрх баригчид хийлээ. Хотын утааг хэмжих гэж 400 зуугаад сая төгрөг зарсан гэнэ.

Тэр мундаг багажаар хот утаатай байна уу, утаагүй байна уу гэдгийг тодорхойлох гэнэ. Сохор, дүлий хүн ч хоолой нь хорсоод утаанд хахаж цацаж байхад эрх баригчид утаа байгаа эсэхэд эргэлзэж хөгжингүй орны өндөр үнэтэй багажаар хэмжиж байж утаатай тэмцэх бололтой. Гэхдээ тэр багаж найдвартай эсэхэд олон хүн эргэлзэж байна. Нөхөр утаа хэмжигч эрх баригчдад зусардаж хот утаагүй гэсэн дүгнэлт гаргаж магадгүй гэнэ. Учир нь нүд хорсгоод байгаа хар утаанд эргэлзэж өндөр нарийвчлалтай багаж авчирсан нь өнөөгийн эмнэлгүүдэд утаанаас болж амиа алдсан нэг ч хүн байхгүй гэсэн мэдээлэл эрх баригчдад хүрдэг гэнэ. Тэгэхээр эрх баригчид утааг хэмжих гэж өндөр үнэтэй багаж худалдаж аваагүй гэсэн үг. Харин энэ утаа хүний амь насанд халтай юу, үгүй юу гэдгийг хэмжих гэж авчирсан болж таарна. Харин эрх баригчид шинэ багаж хотыг утаатай гэж оношилбол нүүрс түлэхийг хориглож, утаагүй гэж оношилбол төсвийн тэр мөнгөөр утааг багасгасан гэж ухуулна.

Х.Баттөгс