Классик 

Шинжлэх ухаан, урлагийн гайхамшиг

Дэлхийн урлагийн шилдэг 50 бүтээлээс толилуулж байна
Эрт хийгээд эдүгээх цагийн дэлхийн урлагийн топ 50 бүтээлд хивс багтаж байгаа нь гайхмаар ч юм шиг.

Энэ бол 1539-1540 онд бүтээгдсэн дэлхийн хамгийн эртний хуучин хивс юм. Өдгөө урлагийн гайхамшигт бүтээлийн өв болсон "Ардабил" хэмээх энэ хос хивсийг 1524-1576 оны хооронд Ираны төрийн эрхийг барьж байсан I Шах Тамасп өөрийн өвөг дээдэс Шаяк Сафи аль Динд зориулан захиалж хийлгэсэн байна. ХVI зуунд бүтээгдсэн энэ хивс гурван зуу гаруй жил гараас гарт, улс орон дамжин "амьдарсаар" байгаагийн нэг нууц нь мэдээж түүний хийц, технологи нь.

Өдгөө хос хивсний нэг нь Их Британийн Виктория ба Албертын музейд нөгөө нь АНУ-ын Лос Анжелесийн орон нутгийн урлагийн музейд хадгалагдаж байна. 10.5х5.3 метрийн хэмжээтэй энэ хивс аварга том хэмжээ, гоё сайхан хийц, жинхэнэ эртний перс технологи, түүхэн ач холбогдлоороо Виктория ба Албертын музейн бусад үзмэртэй зүйрлэшгүй бөгөөд дэлхий дээрх цорын ганц гайхамшигтай хивс юм.

Үндсэн суурь хийц нь арьс бөгөөд үүний дээр хамгийн сайн чанарын ноосон болон торгон утсаар санаанд оромгүй нарийн нягт сүлжиж нэхсэн нь хэдэн зуун дамжин хүн төрөлхтний нүдийг хужирласаар байх урт настай бүтээл болгожээ. Хивсийг эртний Персийн хивс урлах сонгодог аргаар бүтээсэн байна. Хүний ухаан, билиг авьяас, хөдөлмөр аль аль нь дээд зэргээр зориулагдсан энэ агуу бүтээлийг анх Баруун хойд Иран дахь Ардабилийн лалын шашны сүмд байрлуулсан боловч хожим 1890 онд Их Британийн хивсний зуучлагч худалдан авчээ. Хивсний брокер британи эр цагийн уртад гэмтсэн зарим хэсгийг нь сэргээн засварлаад Виктория ба Албертын музейд дамжуулан худалдсан байна. Харин хос хивсний нөгөөг нь Америкийн бизнесмен Кларенс Маккэй гэгч хүн худалдан авсан боловч мөн л өөр нэгэнд дамжуулан худалдсан гэдэг. Ийнхүү гар дамжин явсаар анх Лондонд урлагийн бүтээлийн үзэсгэлэнд тавигдаж олны хүртээл болжээ.  Тэр үзэсгэлэнгийн үеэр Америкийн үйлдвэрлэгч Ж.Паул гэж хүн хивсийг 70 мянга орчим ам.доллараар худалдан авсан байна. Дараахан нь Египетийн хааны төлөөний хүмүүс түүнээс 250 мянган ам.доллараар худалдан авах санал тавьж байжээ. Гэвч Паул хивсийг Лос Анжелесын түүх, шинжлэх ухаан, урлагийн музейд хандивласан байна. Эртний Персийн урлаг, түүх, шинжлэх ухааны гайхамшигт ололт гэж болох "Ардабил" хивсний ер бусын түүх дундаршгүй бөгөөд нэгэн үе Берлинд Гитлерийн албан тасалгаанд байсан гэж ч яригддаг. "Ардабил" хивсний нягтрал өнөө хэр хүмүүсийн гайхлыг эрхгүй төрүүлсээр байна. Зөвхөн өнгөн талынх нь ноос, торгон утасны нэхээс гэхэд л нэг инч талбайд 300-350 сүлжээс, метр талбайд 470-540 мянган сүлжээс, нийт 26 сая сүлжээс байна гэж шинжээчид тогтоосон аж. "Ардабил" гэдэг нь Ираны баруун хойд нутаг дахь үзэсгэлэнт хотын нэр юм.

Н.Пагма