Дэлхий 

Пол Кругман: Чөлөөт зах зээлд бүрэн итгэснээс намагт уначихаад байна

Дэлхийн эдийн засгийн хямрал нь эдийн засагч Пол Кургманыг олны танил болгосон гэж хэлж болно.  Хямралын талаарх бүтээлээрээ тэрбээр 2008 оны Нобелийн эдийн засгийн шагнал хүртсэн. Саяхан Пол Кругманы "Дахин хямарсан нь буюу 2008 оны хямрал" ном нь уншигчдын гар дээр очлоо.

- Саяхан хэвлэгдсэн  номоо та 1990-ээд онд бичсэн байна. Түүнд Мексик болон Азийн орнуудад эдийн засгийн хямрал хэрхэн гүнзгийрсэн тухай өгүүлсэн. Бид юун дээр анхаарах ёстой байсан бэ?

- Япон.  Азийн орнууд маш хурдтайгаар хямралд автаж эхлэхэд л Япон миний сэтгэлийг зовоож байсан. Япон бол  АНУ-тай маш төстэй. Япон нь  хөгжсөн, нэлээд хүнд бүтэцтэй, тогтвортой Засгийн газартай улс. Гэтэл гэнэт занганд орчихсон. Тэр үед би "Тэд ингэсэн юм чинь бидэнд тэднээс дээрдээд байх юм байхгүй" гэж бодсон.  Бид бүхнийг хяналтдаа авчихсан гэж бодож байсан боловч үнэн хэрэгтээ тийм биш байсан.

- Үүнээс үзэхэд юмыг урьдчилан хэлэх аргагүй гэсэн бодол төрж байна. Засаг төр арга хэмжээ авдаг боловч энэ нь эдийн засгийн загварт харшилдаг.

- Өнөөгийн санхүүгийн системд янз бүрийн аюултай холбоо сүлбээ  шингэсэн байж. Тийм болохоор загвар ямар ч хамаагүй. Азид эдийн засгийн хямрал нүүрлэхээс нааш бид энэ талаар бодоогүй байж.

- Тиймээс ч "Lehnman Brothers" банк дампуурахад зах зээл тэр аяараа уналтад орсон  гэсэн үг үү?

- Хүмүүс Майамид үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаас бүх юм эхэлсэн. Гэтэл энэ нь тэдний санхүүгийн боломжоос хэтэрсэн зүйл байсан. Гэтэл одоо Балтийн тэнгисийн орнууд хямралд автчихаад байна. Бүх юм хоорондоо нягт холбоотой. "Lehman Brothers"-ийг дампууруулснаар дэлхийн хөрөнгийн зах зээлийг унагасан.

- Энэ бүхэнд Холбооны нөөцийн системийн тэргүүн асан Алан Гринспенийг буруутгадаг. Тэр яг юун дээр алдаа гаргасан юм бэ?

- Уналтад орох болгонд Холбооны нөөцийн системийн тэргүүн хүүг багасгасан. Гэтэл иймэрхүү уналтууд маш их болдог.  Хүүг багасгахад уналт зогсч бүх юм буцаад байрандаа очиж байсан. Гэтэл хямралд автсан үед иймэрхүү арга хэмжээ нь нэмэр болдоггүй. Гринспен Холбооны нөөцийн систем "согтуу жолоочид" хэзээ ч туслахад бэлэн, уусных нь дараа  гэрт нь хүргэж өгч чадна гэж бодсон. Тиймээс санаа зовж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаа больсон байсан. Тэр чөлөөт зах зээлд бүрэн итгэснээс бид намагт уначихаад байна.

- Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг маш хурдтай хөгжсөн. Энэ нь зээлээс бий болсон хоосон хий байсан уу?

- Ихэнх нь бодит активууд байсан. Эдийн засгийн өсөлт нь Хятадтай холбоотой байсан шүү дээ. Хиймэл хоосон өсөлт байсан юм биш. Хэтэрхий их эрсдэлтэй алхам хийсэнтэй холбоотой. Миний нэг гайхлыг төрүүлээд байгаа зүйл гэвэл Унгарт хүмүүс  Швейцарийн франк зээлээр авч түүгээр байшин худалдаж авсан.  Ер нь тэд юу бодож ингэсэн юм бол? Бусад орнуудад ч мөн иймэрхүү зүйл болсон.  Тийм болохоор зөвхөн АНУ буруутай юм биш.  АНУ-аас бусад нь ийм байдалд орно гэж бодож байсан.

- 1930-аад оны эдийн засгийн хямралын дараа Холбооны нөөцийн системийг байгуулсан. Тэвэл одоо санхүүгийн ямар байгууллага байгуулж болох вэ?

- Хамгийн гол нь  нөгөө л системээрээ бүхнийг аврах ёстой гэсэн үндсэн зарчмыг ойлгох хэрэгтэй. "Lehman Brothers" зэрэг том банк бүх системийг сүйрүүлдэг юм бол түүнийг зохицуулдаг байх ёстой.

- Та дэлхийн эдийн засаг хямралд автаагүй, хямралд орохгүй байж ч магад гэж бичсэн. Таны бодол өөрчлөгдсөн үү?

- Сүүлийн хэдэн долоо хоног бол үнэхээр аймшигтай байлаа. "Lehman Brothers" дампуурсны дараахан номоо бичсэн болохоор ямар хэмжээний асуудал тулгараад байгаа тухай төсөөлөлтэй болчихсон байсан. Сүүлийн хэдэн долоо хоногт болсон үйл явдал нь үнэхээр аймшигтай байлаа. Бүх юм маш хурдан унасан. АНУ-д гэхэд 350 000-400 000 хүн ажилгүй болсон шүү дээ.