Улс төр, Нийгэм 

Агентлагууд улсын төсвөөс санхүүжнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар яамдын бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгортой уулзаж ярилцлаа.

- Засгийн газар өнөөдөр нэлээн удсан Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцлээ. Ямар бүтэцтэйгээр  Засгийн газар ажиллах болж байна вэ?

- УИХ-д өргөн барьсан төрийн захиргааны байгууллагуудын бүдүүвчийн тухай гэсэн ийм шийдвэр нь УИХ-аас гарсан. Тодруулбал агентлагуудын бүтцийн тухай асуудал шүү дээ. Агентлагийн бүтцийн асуудлыг зарчмын хувьд УИХ шийдэж өгсний үндсэн дээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар агентлагуудыг  байгуулах асуудлыг шийдлээ. УИХ-аар батлагдсан тэр л хүрээнд агентлагууд маань байгуулагдах учиртай.

УИХ-д Засгийн газраас өргөн барьсан төсөлд дөрвөн агентлагт нэрний өөрчлөлт орсон байгаа. Мөн үүнээс үүдээд яамдын дотоод бүтэц, орон тооны асуудал бас шийдэгдлээ. Яамдууд нэг маягийн бүтэцтэй байхаар болсон. Стратегийн бодлогын газар ч гэх юм уу,хяналт шинжилгээ үнэлгээний газар гэх мэт ерөнхий хязгаарыг баримтлах чиглэлийг сайдуудад өглөө. Энэ нь агентлагуудад илүү хамаарна.

Яамдуудын хувьд бид бүтэц, орон тоог нь шийдэж өгөх ёстой.  Үүнийгээ шийдэж өглөө. Мөн түүнчлэн аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, нийслэлийн Засаг даргын тамгын газрын болон захирагчийн ажлын албаны бүтцийг шийдвэрлэлээ.

- Өмнөхөөсөө ямар ялгаатай болсон бэ?

- Ялгаатай нь хэд хэдэн зарчим байгаа. Ажил үүргийн давхардлыг аль болох гаргахгүй байх, төсөв орон тоог хэмнэх, иргэддээ шуурхай үйлчлэх энэ үүднээс шат дамжлагыг цөөлөх ийм гол зарчмуудыг барьсан.

- Цомхтгол гарах уу?

- Ер нь тодорхой хэмжээгээр цомхотгох ийм байдал үүсч байгаа. 42 агентлаг батлагдсан. Бүх агентлагууд бүхэлдээ улсын төсвөөс шууд санхүүжилттэй болж байгаа. Урьд нь эдгээр шууд өөрийн орлогоос санхүүждэг, эсвэл холимог санхүүжилттэй байсан. Тэгэхээр эдгээр нь улсын төсөв дээр орж ирнэ гэдэг маань төсөв хөрөнгө нь хяналттай болж байна гэсэн үг юм.

З.Оюунбилэг