Улс төр, Нийгэм 

Н.Энхбаяр: Би ганцаардаж байж л улстөрч хүн ард түмнийхээ талд зогсдог гэдгийг сайтар ойлгосон

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяртай шинэ оны өмнөхөн уулзаж ярилцлаа.

- Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын 100 хоног гээд дээр доргүй бужигнах шиг боллоо. Та төрийн тэргүүний хувьд шинээр эмхлэн байгуулагдаад 100 хоногийн нүүр үзэж байгаа Засгийн газрын ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

- Энэ 100 хоногийг ард түмэн хүлээж өнгөрөөсөн гэж болно. Уул уурхайн томоохон төслүүдийг хэрхэн шийдэх бол, амлаж байсан тусламж дэмжлэгээ өгч эхлэх болов уу гэж харж байсан. Хүмүүсийн хүлээж байсан нь биелэгдсэнгүй. Гэхдээ энэ нь тал бүрийн шалтгаанаас боллоо. Хамтарсан Засгийн газрын хувьд  гэрээ хэлцлээ байгуулах, хүнээ сонгох, төсөв батлах зэрэг өдөр тутмын ажлууд нэлээд байсан байх. Мөн дээрээс нь олон улсын санхүүгийн хямралтай холбоотойгоор үүссэн нөхцөл байдлууд ч нөлөөлсөн. Энэ ажлууддаа ч  дарагдах шиг боллоо.

Энэ 100 хоногийг бүтэж бүрэлдэх өдрүүд л болсон гэж бодож байна. Түүнээс бус ажлын 100 хоног байж чадсангүй. Шинэ тутам учраас гарч ирсэн асуудлуудад хариулт олох, өдөр тутмын ажилдаа дарагдах маягаар өнгөрөөх шиг болов. Энэ нь сайн, муу хоёр талтай юм. Хэрэв тулгамдсан асуултад хариулт олох төдийгөөр  ийм алгуурласан байдалтай урагшилж цаг хугацаа алдвал үнэхээр харамсалтай. Харин сайн тал нь гэвэл тааламжтай нөхцөлд бойжиж байгаа засгаас тэс өөр нөхцөлд ажиллаж байгаа гэж болно. Бас л хэцүү орчинд, салхи жавартайд бойжих шаардлага энэ Засгийн газарт тулгараад байгаа. Хөвөнтэй зөөлөн өлгийд байгаа Засгийн газар биш, бас ч хүнд хэцүү үеийнх. Хэрэв сургамж авч чадах юм бол энэ туршлага нь дараагийн алхмуудад нь сайнаар нөлөөлөөд явна. Сургамж авч чадахгүй бол хатгаа болж хүндэрнэ, чадвал хөрвийн аргаар бойжсон нь их зүйл амжуулахад нь туслах болно гэж би бодож байна.

Би Ерөнхийлөгчийнхөө хувьд зөв зүйтэйг нь дэмжсэн шиг дэмжиж ажиллана, хариуцлагагүй хандаж, хүнд суртал гаргаад байх юм бол хатуу шүүмжлэх болно. Би ер нь 100 хоног нь болж дуусах эсэхийг ч хүлээлгүй хэлэх зүйлээ хэлээд явж байгаа. Угаасаа 100 хоногийг нь өнгөрөөе, харзная гээд хиймэл цаг хугацааг бий болгоод байх шаардлагагүй юм. Засгийн газар анхныхаа өдрөөс шүүмжлэлийн төвд орж, анхныхаа өдрөөс их үйл бүтээх боломж гарт нь орж ирлээ гэдгийг бид бас  ойлгох хэрэгтэй юм шиг байна.

- Өмнөх Ерөнхийлөгчдийг хараад байхад төрийн тэргүүн болчихоороо сөрөг хүчний байр суурин дээрээс ажиллаад байгаа нь анзаарагддаг. Та ч ийм байр сууринаас ажиллана гэдгээ мэдэгдсэн. Ингэж ажиллаад эхэлчихсэн үү?

- Энэ албан тушаал бол институц гэдэг утгаараа УИХ, Засгийн газрын байр суурин дээрээс ажиллахгүй байх, элдэв бүлэглэлийн шахаанд орохгүй байх ёстой.

Ард түмний саналаар сонгодог нь "Чи битгий Засгийн газрын талд ор, бүү УИХ-ын талд ор. Сонгосноор нь бидний л талд зогс" гэсэн үг юм гэж би ойлгодог. Магадгүй УИХ ч юм уу, Засгийн газар томилдог бол тэр талдаа л дуугарна шүү дээ. Үндсэн хуулинд Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, гадаадад бүрэн төлөөлөх эрхтэй гээд заачихсан байдаг. Энэ эрхийг ард түмнээс сонгогдсоноороо л олж авч байгаа юм.

Хэдийгээр нэг улс төрийн намаас нэр дэвших эрх авдаг ч ард түмний саналаар сонгогддог учраас нэг нам, аймаг, компани, бүлэг хүмүүсийн талд биш ард түмний талд байх ёстой болдог.

Тэр логик утгаар нь "Би ард түмний талд байна" гэж хэлсэн анхны Ерөнхийлөгч ч би байж магадгүй. Би нээлт хийгээд, огт байгаагүй юмыг гаргаад ирчихсэн ч юм биш, угаасаа тийм байх ёстой юм. Гэхдээ ард түмний талд орно гэдэг нь институциэсээ гадна хувь хүн нь өөрөө тэгж бодол сэтгэлээ өөрчлөх  ёстой юм. Болдог сон бол улстөрч хүн бүр ард түмнийхээ талд байдаг баймаар. Гэвч улс төрийн амьдрал өөрөө ээдрээтэй, амар биш үйлс юм. Хажуугаас нь харахад амар мэт санагдаж болох ч дунд нь өөрөө ороод ажиллахад амаргүй байдаг л даа.

- Ард түмний талд байгаагаа өөрөө яаж мэдэх вэ. Ерөнхийлөгч болохоор их ганцаарддаг юм биш үү?

- Улстөрч хүнд уг нь  намынхаа талд байх нь амар байдаг. Өөрөө ямар нэг хариуцлага хүлээхгүй. Ямар нэг юм болоход намынхаа ивээлд үлдээд өөрийгөө аваад гарчихдаг. Аймаг ч ялгаагүй, юм боллоо гэхэд нутгийн хүү гээд өмөөрөөд л, эсвэл пүүс компанийн халаасанд нуугдчихдаг. Энэ үед хувь хүндээ амар байдаг. Эхэндээ ард түмний талд орно гэхээр хэцүү байдаг. Тэр ард түмэн чинь хаана байгаа юм бэ. Олдохгүй, харагдахгүй. Харин олж харах мэдрэмж тодорхой цаг хугацааны дараа ирдэг юм билээ. Тэр хүртлээ ард түмнийхээ талд орж сурна гэдэг их хэцүү. Ард түмний талд байлаа гэхэд түүнийг өнөө ард түмэн нь тэр бүр өмгөөлж хамгаалдаггүй. Хүн өөрөө сул амьтан учраас дээрх ивээлүүдийг хайж эхлэх нь бий.

- Тэр ивээлүүд нь илүү бодит юм даа?

- Тийм ээ. Тэд нь бодит юм. Харин ард түмэн Увсад, Дорнодод, Өмнөговь, Завхан, Сүхбаатарт гээд энд тэндгүй байвч бодит дэмжлэг нь ил тод мэдэгддэггүй. Ард түмэнтэй байна гэдэг нь ганцаараа байдаг л гэсэн үг юм. Ард түмний талд байснаар нөгөө хамгаалалтуудаас шууд татгалзаж байгаа хэрэг юм. Ингээд татгалзчихаар өөрт нь ганцаардаж байгаа мэт санагддаг байх. Эрсдэлтэй орчинд орчихож байгаа мэт санагддаг. Гэхдээ үүнээс айх хэрэггүй. Эцсийн бүлэгт ганцаараа байна гэдэг нь ард түмэнтэйгээ байна гэсэн үг. Явцуу эрх ашгийн нөлөөнөөс гарч, язгуур эрх ашиг болсон ард түмний талд зогсч эхэллээ гэсэн үг. Би ганцаардаж байж ард түмний талд очдог гэдгийг ойлгосон. Энэ институци ч ойлгуулдаг. Бас хувь хүн нь ойлгох чадвартай байх хэрэгтэй.

Энэ эрх ямбыг нь эдлэх амархан л даа. Хамгаалалтад байхаас эхлээд эрх ямба нь гадаад илрэл. Харин мөн чанар нь өөр.

Хамгаалалтыг гаднаас нь харахад халдлагаас сэргийлж буй мэт боловч цаад утга нь өөр юм. "Чи битгий хөнгөн хуудуу амьдар. Битгий алдаа дутагдал гаргаж амьдар аа" гэж сэргийлж байгаа хэрэг шүү дээ.

Би одоо ажил дээрээ оройтохоос бус биллиард тоглож оройтож чадахгүй, юм үзэж, эсвэл зугаа цэнгэл хөөцөлдөж оройтдоггүй.

Би энд тэндхийн клубүүдэд очиж тоглоод зугаа цэнгэл хөөцөлдөөд явлаа гэхэд магадгүй надад сайхан байж болох юм. Гэтэл тэнд Ерөнхийлөгчийн машиныг явах үед хөдөлгөөн зохицуулах гээд цагдаа нар хэдэн арваараа хүлээж байгаа. Тэд "Хэзээ энэ хүн биеийн жаргал хөөцөлдөхөө больж, бид харих вэ" гээд бодоод сууж байгаа шүү дээ. Цаана нь ар гэр нь хүлээж суугаа. Дор хаяж үүнийг бодоход хүн яаж хамаагүй гишгэж чадах билээ.

- Хамгаалалтаас нь хаа нэг бултаж болдоггүй юм уу?

- Яаж болдгийн. Хэрэв ингэж байгаа бол чи Ерөнхийлөгчийн ажлыг хийхгүй л гэж хэлж байгаа хэрэг байхгүй юу. Зарим хүн чам шиг ингэж хэлдэг юм. Тэгэх л юм бол энэ ажлыг хийхээ болиод дуртай машиндаа суугаад, дуртай ажлаа хийх хэрэгтэй шүү дээ. Нэгэнт Ерөнхийлөгч болсон бол өөрийн дураар өөрийн тааваар байх эрхээ хасуулж байгаа хэрэг юм. Дуртай хүнтэйгээ уулзах эрхгүй, дуртай ундаагаа хэрэглэх боломжгүй болж байгаа гэсэн үг. Дуртай газраа очиж, дуртай тоглоомоо тоглох эрхгүй болж байгаа гэсэн үг. Иймээс үүнийг ойлгож байж л энэ ажлыг хийх болно шүү дээ.  Бусдад хүндрэл учруулаад бас өөрийнхөө дуртай ажлыг хийнэ гэвэл энд ажил, амьдралын зарчим нь зөрчилдөөд байна гэж л ойлгох хэрэгтэй. Би олон жил хамгаалалтад байсаар дасч эхэлж байна. Гэхдээ дасна гэхээсээ илүүтэйгээр хамгаалалтынхаа мөн чанарыг ойлгосон. Би ажил дээрээ оройтох нь бий. Ажил хийгээд оройтохоос өөрөөр оройтож болохгүй гэж би боддог. Ямартаа би дуртай жүжгээ ч үзэж чадахгүй, дуу сонсох ч бололцоогүй болоод байна шүү дээ. Уг нь дургүйдээ биш юм. Архи дарс энэ тэрийн тухайд бүүр бололцоогүй. Бололцоогүйгээсээ гадна хэрэггүй юм. Ард түмэн "Бидний төлөө зүтгэ" гэж тавьснаас өөрийнхөө төлөө зүтгэ гэж тавиагүйг л ойлгох ёстой юм даа. Төрийн хамгаалалт гэдгийг тэр хүний биеийг хамгаална гэхээсээ илүүтэйгээр ёс суртахууны хамгаалалтад оруулж байна гэж ойлгох ёстой.

- Дээрх асуусантай маань холбоотой юм л даа. Та МАХН-ыг толгойлж байхдаа танай намаас сонгогдсон Н.Багабанди Ерөнхийлөгч намынхаа бодлогыг эсэргүүцэж хандахад одоогийнх шиг ойлгож чадахгүй үе байсан уу?

- Яахав, ойлгож байсан зүйл ч бий, үгүй  нь ч бий л байх. Мэдээж, хүн тухайн байр сууринд очиж байж л бүрэн ойлгодог шүү дээ. Орос хэлэнд нэг хэлц үг байдаг юм.  Махчилбал тэр амьтны арьсанд багтаж байж л ойлгоно гэх  юм уу даа. Үүн шиг яг тэр албан тушаалд нь очиж байж зовлонг нь ойлгох тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь ухаантай хүний ажил биш юм. Мэдээлэл авах хэрэгслүүд байна, ном байна, дээрээс нь тэр хүний ухаан байна. Монголын бүх иргэн Ерөнхийлөгч болж байж үүнийг ойлгоно гэвэл худлаа болно.

Ерөнхийлөгч болж байж ардын түмнийхээ талд байна, болоогүй юм чинь талд нь байхгүй гэж битгий мушгиж ойлгоосой. Би МАХН, АН, ИЗН гээд улс төрийн намынханд зөвлөмөөр байна. Хэдийгээр энэ нь хэцүү ч ард түмнийхээ талд байгаарай гэж. Заримдаа ганцаардана. Гэхдээ тэднийг ард түмэн ямар нэг албан тушаалд томилохдоо өөрсдийнхөө талд байгаарай гэж сонгосон гэдгийг байнга санаж байгаасай. Бид ашиг сонирхлоо дэс дараалуулж сурмаар байгаа юм. Эхлээд ард түмэн, дараа нь нам, аймаг, найз нөхөд гээд хамгийн сүүлд өөрийнхөө төлөө байх ёстой. Гэтэл өдгөө дороосоо тонгороод хамгийн эхэнд өөрийнхөө төлөө хамгийн сүүлд ард түмнээ тавиад байна. Том улс төрд оролцож явъя, том улстөрч байя, том үйл бүтээе гэж бодож байгаа бол ард түмнийхээ талд байх хэрэгтэй. "Хөл дүүжлэх унаатай ажилтай болмоор байна" гэж зарим хүмүүс хэлдэг юм. Машинд хөл дүүжлэх яахав, улстөрч хүн түмнийхээ талд байж чадвал хөл чинь газар дээр байнга баттай гишгэж байна шүү дээ.

- Улстөрч хүн бас шүүмжлэл дааж сурах хэрэгтэй байх даа?

- Хүмүүс туршлагатай хүн гэхээр нас нь явчихсан, үс нь бууралтчихсан хүнийг хэлэх гээд байдаг. Би харин туршлагатай хүн гэж шүүмжлэлд эмзэглэх биш, харин тэндээс санаа авч алдаагаа засч чадсан хүнийг хэлнэ гэж боддог. Зарим хүн сүрхий залуудаа шүүмжлэлийг хүлээн авч, алдаагаа засч чадсан байдаг. Одоо гадаадын зөвлөх нэртэй компаниуд маш их үнээр зөвлөгөө хэлж өгч байна шүү дээ. Харин шүүмжлэл бол алдаагаа үнэгүй хэлүүлж байгаа хэрэг юм. Мэдээж, гүжирдэж гүтгэж болохгүй. Сэтгүүлчид, Ерөнхийлөгч, иргэний хөдөлгөөнүүд, Засгийн газрын гишүүд кабинет дотроо ч юм уу нэгийгээ шүүмжлэх нь нэгэндээ эм өгч байгаа хэрэг юм шүү дээ. Хэрэв тэр эмийг ууж чадвал туршлагажна. Шүүмжлэл бол эм юм. Эм  гашуун ч өвчинд тустай, үг  гашуун ч амьдралд тустай гэдэг дээ.

- Та тэгвэл бага залуудаа ийм эм уухдаа хэр дуртай байв?

- Би бас хүн учраас шүүмжлэлд эмзэглэж хандаж л байсан. Эмийг дандаа уух ч бас гашуун шүү дээ. Гэхдээ эмийг ууж л байх хэрэгтэй байдаг юм. Зарим хүн эмийн оронд чихэр их өгөх гээд байдаг. Чихэр нь шүд өвтгөдөг, жин нэмэгдүүлдэг гэдэг шиг магтаал бас тийм хортой. Эмийг хэлэн дээрээ тавихад гашуун байдаг шиг гашуун үгийг уншихад, сонсоход эхлээд аятайхан санагддаггүй. Гэвч эм уух нь биеийг эмчилж чаддаг шиг шүүмжлэлээр алдаагаа засч чадвал дараагийн үйлд сайн. Дандаа чихэр идэж, амттан уух дуртай  хүмүүс ч байдаг л даа. Үүнийг хааяа нэг хэрэглэхэд гэмгүйгээс өдөр бүр болохгүй.

- АНУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордондоо амьдарч, ажиллаж ирсэн жишгийг дэлхий нийт мэднэ. Манай Ерөнхийлөгч ч Их тэнгэртээ амьдраад бас тэндээ ажлаа хийдэг бол ямар вэ. Социализмын үеийн жишгээр өглөө есөд цуглаад л... Хааяа сонин санагддаг юм?

- Ерөнхийлөгчийн ажил бол 24 цагийн ажил юм. Байнга ажиллаж байх хэрэгтэй. Манайд бол уг нь Их тэнгэрт Цагаан ордонд байгаа юм шиг  ажиллаж болох логик байх шиг байгаа юм. Гэхдээ барилга байгууламжийн бололцооноос шалтгаалаад бид эндээ ирж очоод явдаг.

Ерөнхийлөгчийг мэдээллээр таслахгүй тоног төхөөрөмжөөр хангана гэсэн үүрэг байдаг юм. Энэ нь шинэ загварын гар утас барина гэсэн үг биш. Ерөнхийлөгч гадна дотно хаа ч байсан гэсэн мэдээллийг юун түрүүнд авч, шаардлагатай үүрэг даалгаврыг үүрч байх хэрэгтэй гэсэн үг. Тэр ч утгаараа би "МИ-8"-ын осол гарах үед надад хоёр хоногийн турш огт мэдээлээгүй гээд яриад байдаг нь тэр шүү дээ.

Энэ нь Ерөнхийлөгчийнхөө албыг хаших үйл ажиллагааны явцыг хангаагүй гэдэг утгаар нь хэлээд байгаа нь тэр. Уг явдлын дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг мэдээллээр хангаж байх шуурхай албыг байгуулсан.

- Та Монголыг дэлхийн тавцанд төлөөлөөд олон жил боллоо. Ерөнхий сайд, Их хурлын дарга гээд. Тан шиг ингэж удсан хүмүүс дэлхийд ч тэр бүр элбэг биш байх. Ер нь та энд тэндхийн удирдагчдаас хэнтэй нь ямар холбоотой байдаг вэ?

- Би дэлхийн улс орны удирдагчидтай уулзаж ярьж байхад цаана нь бүхэл бүтэн улс гүрэн, үндэстэн байгаа нь дандаа мэдрэгдэж байдаг. Том жижиг гүрний удирдагч гэсэн ялгаа байдаг л даа, гэхдээ бүгд нэг улс гүрнийг төлөөлж байгаа гэдэг агуулга нь байнга дагалдаж байдаг.

Үнэндээ тэд маш энгийн хүмүүс байдаг. Хүн л юм хойно хэвлэлийнхэн байнга зураг аваад, аман дээр нь микрофон байх үед яаж ч энгийн байж чадах вэ дээ. Биеэ цэнэх, барих зүйл байх л байх. Харин өөр хоорондоо биеэ цэнэх шаардлага байхгүй учраас тун энгийн байдаг.

Магадгүй телевизээр гарч байгаа улс орны удирдагчдыг та нар их чухал зүйл яриад байна гэж боддог уу. Үгүй шүү дээ. Тэр үед "Танайх хэдэн хүүхэдтэй вэ" гэхчлэн энгийн зүйл ярьж байдаг гээд бод доо. "Дандаа пуужин хаана зоох вэ, хийн хоолойг хаагуур тавих вэ" гэсэн асуудал яриад байна гэж байхгүй. Хэдий чинээ энгийнээр ойлголцож чадна албан ширээн дээр тэр хэмжээгээр амжилттай байдаг юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн тухай хүмүүс янз бүрийн л бодолтой байдаг. Гэхдээ амьдрал дээр тэр маш энгийн хүн. Монголд их элэгтэй, монголчуудыг их хүндэлж хайрладаг. Надад тэр үерхэлдээ их үнэнч хүн шиг санагдсан. Ж.Буш бол Монголд ирсэн анхны америк Ерөнхийлөгч. Бас Мянганы сорилтын сангаас 285 сая ам.долларыг монголчуудад өгөх зарлиг гаргасан гэдгээр нь бид хүндэтгэн харилцах ёстой. Бид дөрөв, таван ч удаа уулзаж байсан. Тэгээд үдийн хоолонд явахдаа цэцэрлэгээр хоёулаа хамт тав арван минут алхалсан юм. Тэр үед Бушийн нохой давхиж ирсэн. Сүүлээ хөдөлгөж эрхлээд л... Тэгэхэд Ерөнхийлөгч Буш "Би хүүтэй болъё гэж их бодсон хүн байгаа юм. Энэ нохой миний хүүг орлодог юм" гэсэн. Тэр хэдийгээр дэлхийн хамгийн том гүрний Ерөнхийлөгч хэдий ч хүн юм л хойно түүнд бас өөрийн зовлон, шаналан бий. Тэгээд нохой хүүг орлодог тухай энгийн юм яриад байж байх жишээтэй. В.Путин Ерөнхийлөгч бол үерхэлдээ үнэнч, бас их энгийн хүнийг бодогддог. Хажуу хүмүүсийнхээ үгийг их сонсдог хүн.

Уулзалтын үеэр янз бүрийн зүйл л ярина. Нэг удаа гэхэд зоогийн үеэр улс гүрний хоолнуудын тухай хөгжилтэй зүйл ярьж байсан юм. Франц, англичууд хоорондоо хоолоороо их өрсөлддөг шүү дээ. Францчууд өөрсдийгөө хоол, идээ шүүсээрээ англичуудаас илүү гэж үздэг. Түүнийгээ илэрхийлэхийн тулд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жак Ширак гуай нэгэн хөгжилтэй явдлаа В.Путинд ярьж байсныг тэр дурссан юм. Ширак Ерөнхийлөгч Их Британид айлчлаад нөгөө тал ч дээд зэргээр хүлээн авсан байна. Ширак гуай "Өмнө ширээн дээр нэг тавагтай юм аваад ирлээ. Хүн ч юм уу, үхэр ч баачихсан юм уу гэмээр юм байна. Идчихлээ. Идсэний дараа баас ч байх нь яав даа гэж бодсон" хэмээн хошигносон байгаа юм.     Үүнийг В.Путин хөгжилтэйгээр ярьж байлаа.

Японы их эзэн хааны гэр бүл байна. Бас сонин сайхан хүмүүс. О.Цолмон бид хоёр Японд айлчлахдаа эзэн хааны ордонд зочилж байсан. Эзэн хаан Акихито бол яг хүний өөдөөс нүд цавчлахгүй харж байгаад ярилцаж чаддаг хүн. Гэхдээ тэр нь хүнийг эвгүй байдалд оруулахгүйгээр, анхааралтай сонсч байгаагаа илэрхийлж чаддаг өндөр соёл эзэмшсэн хүн.

Тони Блэйр гэхэд тун  ажигч гярхай нүдтэй. Юмыг маш хурдтай, шүүрч авч чаддаг нэгэн.  2000 оны сонгуулийн дараа "Reuters"-ийн сурвалжлагч надаас яриа авч, нийтлэл бичихдээ Азийн Тони Блэйр гэж онцолсон болохоор би Блэйртэй уулзахдаа түүнийг их ажиглаж байсан юм. Түүний үед Гадаад хэргийн сайд байсан, одоогийн Хууль зүйн сайд Жак Строу бас надтай адилхан Лийдсийг төгссөн юм билээ.

Тэгээд биднийг зэрэгцээд зогсч байхад "Лийдсийг мундаг хүмүүс төгсдөг юм байна" гээд инээж байлаа. Японы Ерөнхий сайд Коизуми өвөрмөц үсний засалттай хүн. Түүнд нэг удаа Монголын талаас морь бэлэглэсэн юм. Тэдний судалгаа, мэдээллийг урьдчилан авна гэдэг нь мундаг. Тэр үед Коизуми "Манай хамгийн хурдан морийг deep in fact гэдэг. Ерөнхийлөгч таны нэр Энхбаяр, Ерөнхий сайдын нэр Энхболд юм байна. Би энэ морийг Энхцохилт гэж нэрлэе" гэж байсан.

Ингээд Японд Гүнцохилт нэртэй морь байсан бол бас Энхцохилт нэртэй монгол морь бэлгэнд очсон нь тэр.  Энэ мэтээр дурдаад байвал дуусахгүй түүх ярьж болох байх. Товчхон хэлэхэд тэд бол их энгийн хүмүүс байдаг. Улс орныхоо ачааг үүрч явахаас гадна өөрсдийнхөө хувь хүний тавиланг үүрч яваа хүмүүс байдаг.

- Буш хүүгүй, ихэр охидтой, өмнөх Ерөнхийлөгч Б.Клинтон бас Чельси гээд охинтой байсан. Харин та хоёр охин, хоёр хүүтэй байх аа. Тэд хаана суралцаж байна, гадаадад уу, эсвэл эх орондоо юу?

- Ний нуугүй хэлэхэд,  миний ажил төрлийг шүүмжилж янз бүрээр бичих нь хамаагүй ээ, харин хүүхдүүдийг багаас нь хэвлэлийн баатар болгочихвол хүүхдүүд хэвийн амьдралаар амьдарч чадахаа больчихдог гэж би боддог.

Ер нь гадны улс орнуудад ч хүүхдүүдийн талаар нэг их хөөцөлдөөд байдаггүй бичигдээгүй хууль байдаг.

- Нээрээ, Ж.Буш ч, В.Путин ч Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа олон нийтэд хандаж, хүүхдүүдийг нь оролдохгүй байхыг хүсч байсныг санаж байна?

- Тийм шүү. Тэд алдвал алдаг, оновол оног.  Харин түүнийг нь хэт дөвийлгөж эсвэл бүү дараарай гэж байсан. Ер нь тэрний хүү тэр явж байна гэсэн хайрцаг хүүхдийг хэцүү байдалд оруулдаг. Хүүхэд зөв, буруу ч юм хийсэн бодитоор үнэлэгдэхээ байдаг. Нэг бол хэт магтаад, нэг бол огт үнэлэхгүй байх жишээтэй. Эсвэл тэрний хүүхэд байж ингээд байхдаа яахав гэсэн хандлага их гардаг. Би болж өгвөл тэдний тухай их ярихгүй байхыг боддог. Яагаад гэвэл тэд хүүхдийн хэвийн амьдралаар бага насаа өнгөрөөгөөсэй гэж би хүсдэг.

Цолмон бид хоёр хүүхдүүддээ сайн аав, ээж байхын төлөө хичээж явна. Эрүүл саруул байж, боловсролтой болоосой гэж бодож явдаг. Харин тэд маань биднийг эрүүл саруул байгаасай гэж боддог байх. Бас аав гэртээ хамт байгаасай гэж боддог байх.

Би цаг заваараа хүүхдүүдтэйгээ ууланд гарч, дугуй унаж аль болох хөдөлгөөнтэй байлгах тал дээр нь анхаардаг. Ноднин хоёр хүүтэйгээ Цамбагарав ууланд гарсан юм. Түүний урьд жил том хүү, том охин бид гурав Мөнххайрхан ууланд гарсан. Харин бага охин зургаан настай учраас уул хаданд явж чадахгүй байна л даа. Ах, эгч нар нь том болсон болохоор жижигхэн маань харьцангуй том хүний яриатай болж байгаа. Ерөнхийлөгч аавтай байх, нөхөртэй байх, хүүтэй байх нь тэдний маань амьдралыг харьцангуй хиймэл болгодог байх.

Тиймээс би тэднийгээ аль болох өөрийнхөөрөө байгаасай гэж боддог юм. Миний хувьд нэгэнт өөрийнхөөрөө байх боломжгүй болсон. Үүнийгээ дааж гарах ёстой. Харин нэр төртэй даах юмсан гэж боддог. Гэхдээ энэ ажлыг нэг их дааж давшгүй ачаа юм шигээр хэлж болохгүй л дээ. Хүний даадаг, хийдэг л ажил гэж ойлгох хэрэгтэй.

Оросын эзэн хааны гэр бүлд төрсөндөө үр хүүхдүүд нь ард түмэндээ хандаж уучлал эрдэг байсан гэдэг. "Намайг энэ гэр бүлд төрсөнд уучилна уу. Намайг өөрсөдтэйгээ адилхан хүн гэдэг утгаар нь хүлээж авна уу" гэсэн санаагаар. Манайд тэр даргын хүүхэд, энэний хүүхэд гээд хүмүүс ч өөрөөр хүлээж авдаг, хүүхдүүд нь аав ээжийнхээ нэрээр зохисгүй явах хандлага бий. Би дөрвөн хүүхдэдээ "Та нар ухаантайхан үүрч явахгүй бол их ачаа шүү" гэж хэлдэг. Үнэндээ шүхэр биш харин үүрч явах ачаа шүү дээ.

Байнга л тэдэндээ захиж хэлдэг л юм. Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдэдээ үглэж хэлээд байхын оронд өөрсдөө үлгэрлэж харуулах нь хамгийн зөв алхам юм билээ.

- Том хүү тань одоо хэдэн настай болсон бэ. Ямар мэргэжлээр хаана суралцаж байна даа?

- Том хүү маань 21 настай. Дараагийнх нь 16, 14 настай тэгээд бага маань шүү дээ.

- Ерөнхийлөгчийн хүү ямар мэргэжил сонгосон юм бэ. Та зөвлөж заав уу?

- Хүү маань санхүү эдийн засгийн мэргэжлээр гадаадад суралцаж байгаа. Нэг их зааж зөвлөсөн ч үгүй өөрөө энэ мэргэжлийг сонгосон. Ер нь бол хувь хүний сонирхлыг харгалзах нь чухал. Гэхдээ миний бодлоор гэр бүлээрээ ярьж сууж  байгаад мэргэжлээ сонгочиход буруу биш байгаа юм.

Бээжингээс Монголын асуудлыг хариуцдаг Израйлийн Элчин сайдтай ярилцаж суухад хэлж байсан. Тэнд хуульч, эмч гэсэн мэргэжлийг л хүүхдэдээ сонгож өгдөг гэнэ. Цалин өндөр, ажил олдоно, бас өөрсдийгөө эмчилж, хуулийн өмнө өөрийгөө хамгаалж чадна гээд. Нэг хөгжилтэй юм ярья. Хоёр еврей эмгэн ач нараа салхилуулаад сууж байна гэнэ л дээ. Тэгээд нэг нь танай ач нар хэдэн настай юм гэхэд  эмч нь таван настай, хуульч нь долоон настай гэж хэлсэн байгаа юм. Ийм багад нь ирээдүйн мэргэжлийг нь сонгоод өгчихдөг байна л даа. Манайхан бол мэргэжлээ сонгох тухайд хонжворт сугалаанд орж байгаа юм шиг хандах юм.

- Тэргүүн хатагтайн талаар өндөр боловсрол эзэмшсэн, чадвартай эмэгтэй гэж хүмүүс ярьдаг. Японы хатан хаан нэг уулзалтынхаа дараа түүнийг ихээхэн тоосон байдаг тухай мэдээлэл ч гарч байсан. Магадгүй тантай гэр бүл болсноор өөрийнхөө хийх карьерийг золиосолж байна гэж та бодож байсан уу?

- Тэр уулзалт дээр Японы нэртэй зохиолч Кавабата гуайн тухай л манай Цолмон ярьсан юм билээ. Зүгээр яриад өнгөрөх ч бус нэлээд нарийн яриад авсан гэсэн. Японы хатан хаан өөрөө тэр зохиолчийн бүтээлд их дуртай гэдэг. Манай Цолмон чинь унших дуртай хүн л дээ. Манай хүний өвөө Цэнд гэж тухайн үедээ намдаа хоёрдугаар хүн байсан гэдэг. Тэгээд цөлөгдөж, Завханы Тосонцэнгэлд амьдарч байх үедээ тэр газрыг хөгжүүлж өөрчилсөн гавьяатай хүн байдаг. Манай хүнийг дунд сургууль төгсөхөд нь хойно Утга зохиолын дээд сургуульд суралцах хуваарь өгсөн гэдэг. Харин Цолмон маань өвөөгийнхөө мэргэжлээр суралцъя гэж бодож байсан учраас тэр хуваарийг аваагүй юм билээ. Юм гэдэг их сонин. Тэр хуваарийг нь О.Дашбалбар авсан байгаа юм. Тухайн үедээ тооны шалгалт дээрээ шүлэг бичээд бөөн юм болж байсан талаар одоо ч ярьдаг шүү дээ.

Хэрэв Цолмон маань тэр үед Утга зохиолын дээд сургуульд сурах гээд хүрээд ирсэн бол би тавдугаар курст байсан учраас 1979 онд бид танилцах байсан байгаа юм. Гэтэл бурхан тэр үед биш сүүлд 1986 онд биднийг учруулсан. Хүний амьдрал их сонин байгаа биз. Амьдрал өөрөө ямар ч суут зохиолчоос илүү шүү.

Цолмон маань хувь хүнийхээ хувьд ч, үзсэн дуулсан боловсорсон байдлаас нь харсан ч өөрийнхөө замаар явсан бол их юманд хүрэх байсан. Гэвч хань нөхөр нь төрийн томоохон алба хашаад явсан болохоор тэр маань алхмын хойно үлдэхээс аргагүй болсон. Угаасаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг нэг нь хашаад явж байгаа тохиолдолд нөгөөх нь ар гэрээ аваад явахаас өөр аргагүй. Хань маань үр хүүхдээ, ар гэрээ зөв  авч явахгүй байсан бол байдал бас яг ямар байх байсан юм бэ, тийм биз дээ. Бүгд асуултын тэмдэгтэй болдог. Харин одоо ойлгомжтой. Тэр маань энэ үүргээ маш сайн биелүүлж байгаа.

- Улс орнуудын тэргүүн хатагтай нар нийгэмдээ хандсан ажлууд их хийж харагддаг. Харин манай тэргүүн хатагтай бусад шиг тэгж харагдахгүй юм?

- Манайх энэ тал дээр гадныхаас өөр байдаг. Тэргүүн хатагтайн боломжийг ашиглах тухайд эрх зүйн орчин гэж үгүй. БНСУ-д гэхэд тэргүүн хатагтайгаа Улаан загалмайнхаа дарга болгодог жишээтэй. Зарим газарт Тамгын газрын орлогч дарга нь ч байдаг гэсэн. Гэтэл манайд тэргүүн хатагтайн хувьд хүнтэй уулзъя гэхэд уулзах өрөө ч байхгүй шүү дээ. Тэр тохиолдолд бөөн хэл яриа болж байж нэг өрөө гаргаж авах байх. Тэгээд байнга нэг өрөө түрээслээд байя гэхэд тогтсон ажил ч үгүй учраас хэцүү шүү дээ.

Уг нь нийгэмд нөлөөтэй төрийн бус байгууллагаа толгойлуулаад явахад болохгүй зүйлгүй. Ийм ийм бодох зүйл бол бий л дээ. Гэхдээ яваа яваандаа тэргүүн хатагтайн хүч, боломжийг ашигладаг болох биз.

- Одоогийн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари манайд тэргүүн хатагтайн хувиар анх ирэхэд багагүй хөл болж байсан санагдаж байна. АНУ-ыг төлөөлж ирж байгаа гэдэг утгаар нь?

- Тийм ээ. Билл Клинтон гэхэд л тэр, тэр орноор очоод ир гээд гэргийгээ явуулж байсан хэрэг шүү дээ. Хэрэв би тэгвэл юу болох бол доо. Саяхан Хонконгт Билл Клинтонтой уулзахад Хилларигийн Монголд ирсэн талаар ярьж л байна лээ. Манай гэрт байгаа Монголын бэлэг дурсгалын зүйлс өдөр бүр танай орныг бидэнд сануулдаг гэж байсан. Түүнийг Монголдоо ирэхийг урьсан л даа. Ирнэ гэж байсан шүү.

- МАХН-ын нарийн бичгийн даргын марафон нэлээд дуулиан дагуулах шиг боллоо. Хэдийгээр та намын харьяаллаасаа түдгэлзсэн байдаг ч энэ намыг удирдаж бас ч амжилтад хүргэсэн хүний хувьд дотоод асуудлыг нь анзаарч байгаа байх. Шинэ генсекийн хувьд та юу хэлэх вэ?

- Ер нь би МАХН ч гэлтгүй бусад намуудын доторх дотоод байдлыг ч сайн анзаарч байдаг. МАХН-ын хамт олон хурлаараа шийдээд У.Хүрэлсүхийг ерөнхий нарийн бичгийн даргаараа тавилаа. Би У.Хүрэлсүхийг сайн мэднэ. Түүнийг сайн ажиллаж чадах байх аа гэж найдаж байгаа. Сайн мэддэг хүний хувьд улс орны дотоод асуудлуудаар харилцан санал солилцож, хамтран ажиллаж чадна гэж бодож байна. Ямар урьд нь уулзаж учирч байгаагүй шинэ хүн биш. У.Хүрэлсүхтэй ажиллахад надад ч хүндрэл алга, бас шинээр сонгогдсон ерөнхий нарийн бичгийн даргад ч асуудал байхгүй гэж бодож байна.

- Сонгуульд ялалт байгуулсан гэдэг нь ямартаа ч албан ёсны бичиг баримт дээр тодорхой болсон МАХН нь АН-тай нийлж хамтарсан засаг байгуулах болсныг та хэрхэн хүлээж авсан бэ?

- Би хамгийн түрүүнд сайн нь юу байх, бас муу нь юу байх вэ гэдгийг тунгааж бодохыг хичээсэн. Үр дагаврыг нь тооцох гэж оролдсон гэх үү дээ. Ер нь төрийн албанд удаан ажиллахаар үр дагаврыг нь эхэлж харах гээд байдаг болчихдог юм байна. Сайн тал нь гэвэл гацах асуудлууд харьцангуй богино хугацаанд шийдэгдэх боломжтой учраас цаг хугацааны хувьд алдагдал гарахгүй байх гэж бодсон. Тэр утгаар нь би дэмжсэн. Дэмжсэн учраас ч шинэ Засгийн газрыг байгуулагдах үед өөрийнхөө зүгээс шалтгаалах зүйлийг хийсэн. Муу тал нь гэвэл хуйвалдах вий, урьд өмнө хийсэн буруу зүйлсээ хаацайлах, хамгаалах гэсэн явдал гарах вий гэж санасан. Тэгээд ийм нөхцөлд улс төрийн намуудын хувьд сөрөг хүчин нь гэж үгүй болчихлоо. Тиймээс ард түмний талд нь байх сөрөг хүчний үүргийг би төрийн тэргүүний хувьд биелүүлэх шаардлагатай болох нь гэж бодсон. Би дээр хэлж байсанчлан сайныг нь чинээгээрээ дэмжинэ, саарыг нь хатуу шүүмжлэх болно.

Одоо хамтарсан Засгийн газар тэсрэх бөмбөг өшиглөж яваа. Үүнийгээ хэн нэгэн рүү өшиглөөд шилжүүлчихэж болохгүй, харин хамтран ухаан зарж зөв тийш нь өнхрүүлж явах шаардлагатай болж байгаа юм.

- Долдугаар сарын 1-ний өдөр яг юу болсон юм бэ. Онц байдал зарласан нь  байдлыг даамжруулж хүний амь эрсдэхэд хүргэсэн гээд байгаа шүү дээ. Боломжтой бол та энэ өдөр яг юу болсон, онц байдал зарлах саналыг хэн анх гаргасан талаар ярьж болох уу.

- Би тэр өдөр үдийн цайгаа гэртээ очиж уусан юм. Тэгээд буцаж ирэх үед шуурхай мэдээллийн албанаас ийм чигийн жагсаал цуглаан болох нь, тал талаас цөөн цөөнөөрөө цуглаж байна гэсэн мэдээ ирсэн байсан.

- Яг хэдэн цагийн үед байх уу?

- За даа, 14.30 цагийн үед юм уу даа. Тэгээд ажил дээрээ ирээд телевиз асаагаад үзэж байсан чинь хурц хэлбэрт шилжиж эхэлж байгаа нь анзаарагдсан. Ингээд 17 цагийн үед Ерөнхий сайд утасдсан. "Онц байдал зарлах асуудлыг судалж үзээч ээ. Би намын байр дотор байна. Байдал хэцүүдэж байна" гэсэн. Би тэр үед үнэхээр гайхсан. Юун онц байдал вэ гэж. Харин С.Баяр намайг судалж үзээрэй л гэсэн. Удалгүй хагас цаг орчмын дараа Ц.Мөнх-Оргил бас утасдсан. Мөн онц байдлын тухай хэлсэн. Тэгэхэд би Цагдаагийн байгууллага, Тагнуулын байгууллагын удирдлагуудыг дуудсан. Тэд бас ирэх гэж бүтэн нэг цаг орчим болсон доо. Их удсан. Би тагнуулын шугамаар намын дарга нартай уулзаж, хүмүүсээ татуулах талаар ярих хэрэгтэй гэсэн чигийг ч хэлсэн.

Р.Болдын дараа Ч.Амарболд генерал ирсэн. Би түүнээс Ерөнхий сайд ийм санал хэлж байна аа. Үнэхээр тийм шаардлага байгаа юм уу гэдгийг асуусан. Харин Ч.Амарболд генерал "Зарлах шаардлагагүй. Бидэнд үүнийг зогсоох туршлага байна, боломж байна" гэсэн. Дараа нь АН-ын дарга Ц.Элбэгдорж надад уулзах санал тавьсан. Тэгэхэд ер нь Үндэсний Аюулгүйн зөвлөлийн гишүүд улс төрийн бүх намуудын дарга нартай уулзаж, илүү өргөн хүрээнд ярилцаж болох юм гэж үзсэн. Тэр үед Д.Лүндээжанцан дарга Өвөрхангайгаас нааш гараад Лүнгийн замд саатаж явна гэж залгасан. Дэд дарга Д.Идэвхтэн түүнийг орлоно гэдгийг ч хэлсэн. АН-аас Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, Б.Батбаатар нарын хүмүүс ирж, бусад намуудаас ирсэн төлөөллийг хараад "Яах гэж ирсэн юм" гээд харин би болохоор "Би урьсан" юм гэж асуудал үүссэн.

Ер нь л цаг их алдсан даа. Тэгээд жүжиг шиг тэд нар бүгд гараад дахин орж ирж асуудлыг ярилцсан. Уг нь тухайн үед хэлбэрээсээ агуулга нь их чухал цаг үе байсан юм. Тэр уулзалт дээр С.Баяр дарга дахин нөгөө хүсэлтээ тавьсан. Намуудын дарга нар байдлыг тайвнаар шийдэх гарц хайж, Ерөнхийлөгч тайвшруулах зорилгоор ард түмэндээ хандаж үг хэлье гэж тогтлоо. Тэгээд л телевизүүд ирж, бичлэгийг тараах гээд бас л цаг явсаар байсан. Би эцсийн мөч хүртэл Онц байдал гэдгийг зарлахыг хүсээгүй. Намайг хүмүүс диктатурт дуртай гэж боддог байх. Уг нь түүнд нь дуртай амьтан бол би ерөөсөө биш. Тэгээд 22 цагийн үед Ч.Амарболд "Хяналтаас гарлаа. Цагдаа нараа татлаа" гэсэн. Ингээд л зарлигийн төсөл бэлтгэхээр болсон. Анх удаа онц байдал  зарлах гэж байгаа учраас амаргүй байсан.

Дээрээс нь урьд өмнөх төсөл гэж ч байх биш. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Ганболд, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, миний хуулийн зөвлөх Д.Зүмбэрэллхам нар 22 цаг өнгөрөөж төслөө бичиж эхлээд 23.30-ын үед бэлэн болгосон. Бүгдийг эхнээс нь  цоо шинээр хийж байгаа учраас бүх хуулин дээр энэ тухай юу гэж тусгасан байдгийг шүүж үзэхээс эхлээд ажилтай шүү дээ. Тэгээд Онц байдал 00 цагаас эхлэн хэрэгжиж эхэлсэн дээ.

УИХ хуралдаад Онц байдал зарлахыг зөв гэж үзээд дөрвөн хоногийн хугацаанд үргэлжлэхээр болсон. Тэр дөрөв хоногийн хугацаанд хамгийн их шаналж зовсон хүн бол би. Тэр өдрүүдэд би маш өтөлж, үрчлээ нэмэгдсэн гэж эргэн тойрныхон маань хэлдэг юм. Ер нь тэр өдрүүдэд манайхан хаа хаанаа маш хариуцлагагүй бас мэдрэмжгүй хандсан. Намууд ч, хууль хяналтын байгууллагынхан ч тэр, цугласан хүмүүс ч асуудлыг аядуугаар зохицуулж болох байтал туйлын хангалтгүй ажилласан гэж би үздэг. Заавал онц байдал зарлахгүйгээр асуудлыг шийдэж болох байсан юм.

- Хоёулаа арай өөр сэдвээр яриагаа үргэлжлүүлье. Та аав, ээжийнхээ тухай жаахан ярихгүй юу. Тэд танайхтай хамт байна уу, эсвэл...?

- Аав ээж хоёр маань дүү нартай минь цуг амьдардаг. Аав, ээж хоёр маань дал гарч яваа хүмүүс. Тэдний үеийнхэн бол ажиллаж байж амардаг, амраад байвал ядарчихаад байдаг онцлогтой юм гэдгийг би сайн анзаарч байгаа. Манай хоёр ер зүгээр суухгүй юм байна шүү дээ. Аав, ээжийн ачийг бол хэмжишгүй, хариулж баршгүй юм. Гэхдээ зарим хүн аав, ээжийнхээ ачийг хариулсан гэж хэлэх юм билээ. Би бол аав, ээжийн ачийг бусад шиг жинлэж, метрлэж чадахгүй болохоороо ачийг хариулна гэдэг нь  бардаггүй зүйл юм гэж боддог. Аав маань Архангайн Чулуутынх, ээж маань Хэнтийн Дадалынх. Нэг мэдэхэд л манай хоёр аль нэг газарт нь оччихсон явж байдаг юм. Бас нийгмийн ажлууд их хийнэ ээ. Аав бол рашааны чиглэлээрээ, ээж бол сүүлийн үед байгаль орчны салбарт их ажиллаж байна. Ил жорлон маш хор хөнөөлтэй гээд яриад энэ тал дээр их ажил хийхээр төлөвлөж яваа. Би эхэндээ нэг их тоохгүй байсан. Саяхан интернэтээр ороод үзсэн чинь олон улсын жорлонгийн холбоо гээд маш том байгууллага байдаг юм билээ. Үнэхээр анхаарах сэдэв мөн санагдсан.

Нэг удаад Их тэнгэрээс ажил руугаа явж байтал ээж маань Туулын эргээр хог түүгээд явж байх юм. Утасдаад асуухад "Ашгүй, хэдэн сайн оюутан хүүхдүүд олдоод. Туулын эрэг орчмын хогоо цэвэрлэж явна аа" гэх жишээтэй. Ер нь зүгээр суудаггүй хүмүүс. Хэдийгээр би төрийн тэргүүн хэдий ч тэдэнд хүү нь шүү дээ. Тиймээс намайг бас зэмлэж, шүүмжлэх зүйл ч байна. Монголчууд олимпийн аваргатай болсон тэр баярт өдөр би хоёр намын даргыг хоёр гартаа хөтлөөд талбай дээр гарсан шүү дээ. Маргааш нь ээж утасдаад зэмлэж л байх жишээтэй. Ээжтэй хүн ээжээрээ зэмлүүлэх чинь бас л жаргал биз дээ.

- Хоёр хөгшинд Байгал нуур орчимд харш аваад өгчихсөн гэсэн яриа байдаг юм билээ. Тэр хэр үнэний хувьтай вэ?

- Тийм юм юу байх вэ. Ээж маань буриад хүн. Тэгээд Буриадад очих үед нь Ерөнхийлөгчийн ээж гээд хүүхдийн зусланд хүлээн авч байрлуулсан бололтой юм билээ. Тэндээс л ийм яриа гарсан байх. Хэрэв тийм харш, хаус бариад суух боломж гарвал тэд маань Байгал гэхээсээ илүүтэй Чулуут ч юм уу, Дадалдаа байшин босгож авахыг илүүд үзэх биз ээ.

- Саяхан нэг хүн Ерөнхийлөгч тураад ирсэн чинь яг Намбар гуай харагдаж байна гэж байсан...

- Би жаахан жин нэмэхээрээ ээжтэйгээ, турахаараа аавтайгаа адил болдог юм. Яахын аргагүй биенээс нь тасарсан бие юм чинь  тэгэлгүй ч яахав дээ.

Ер нь илүү жин бол хэрэггүй. Төрийн албанд очоод жин нэмээд л байвал ажлаа хийхгүй байна гэж, харин жин нь нэмэхгүй бөгөөд багасч байвал хангалттай ажиллаж байгаа юм байна гэж энгийн гаргалгаагаар ойлгож болно гэж би үзээд байгаа шүү.

- Төрийн ордон тойроод бүх барилгууд Ерөнхийлөгчийн мэдлийнх гэж ярьдаг. Энэ хэр үнэн юм бэ?

- Ер нь үнэний баталгааг цаг хугацаа харуулдаг. Өмнө нь намайг юу ч авчихсан, яачихсан ч гэж ярьдаг байлаа. Одоо цаг хугацаа ямар ч холбоогүй байсныг баталчихлаа ш дээ. Ер нь зарим зүйлд цаг хугацааны өгөх тайлбарыг хүлээмээр юм билээ. Өөрийн чинь асуусан асуултын хувьд ордон тойроод тоотой хэдэн барилга байна шүү дээ. Шууд нэрлээд явсан ч болно. Би "Зууны мэдээ", "TV9" телевизийг анхнаас нь дэмжиж ажиллаж ирсэн. Тэгээд эдгээр байгууллага нь ордны зүүн талд байдаг учраас хэвлэлийн компанийн байрыг минийх гэж ярьдаг. Тэр биш. За тэгээд СТӨ, Дуурийн театр биш гэдэг нь ойлгомжтой. Шангрилиа зочид буудлын байр бол надад бүүр ямар ч хамаагүй. Урд талд нь байгаа зочид буудлын байр ч хамаагүй. Хүмүүсийн дунд ташаа ойлголт явдаг. Ленин клуб биш гэдэг нь мэдээж. Хөрөнгийн бирж, Голомт банкны байр ч надад хамаагүй. Үйлдвэрчний төв зөвлөлүүдийн байрны хувьд аав маань ажиллаж байсан гэдгээрээ л хамаатаж болох юм. Тэгээд энэ Төрийн ордон байна даа. Энэ бол яах ч аргагүй багагүй олон он цагт ажиллаж хөдөлмөрлөж ирсэн газар маань.

- Будлиан хуудуутай ч бүх шатны сонгуулиуд шувтарч, Ерөнхийлөгчийн сонгууль үлдээд байна. Та ирэх сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх үү?

- Ерөнхийлөгчийн сонгууль нь бусадтай харьцуулахад харьцангуй будлиан багатай болох талтай. Гэхдээ л будлиан гарч магадгүй учраас хуулийн хүрээнд шударга явуулах ёстой гэж бодож байгаа. Энэ сонгууль нь өөрөө тогтворгүй, эрсдэлтэй үед болж байгаа учраас төрийн тогтвортой байдлыг хангах, ард түмний талд байдаг тэр институцийн сонгуулийг шударга явуулах нь чухал гэж үзэж байгаа юм.

Миний хувьд хийе гэж бодсон ажлууд байна, эхлүүлсэн ажлууд ч байна. Ажлаа хийх талаасаа бодвол цаашид хийх ажлууд их байна даа гэж бодож суугаа. Хувийн амьдралаа бодвол яасан ч яахав гэж болох юм. Ард түмний талд байгаа хүний амжилт ард түмэндээ ач тус болж очдог бол аль нэг намын талд байгаа хүний ололт тухайн бүлэг хүмүүс дээр л очно. Би аль болох ард түмний талд байж амжилт гаргахсан, тэр амжилт нь ард түмэнд маань хувьд ач тус болно гэж бодож байна. Бас ч бусад албан тушаалуудыг нь хашаад, ялгааг нь гаргаад ирсэн хүний хувьд хэлж байгаа үг шүү дээ. Хэрэв тиймгүй хүн хэлбэл бас үнэмшилгүй сонсдож ч болох юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд айхтар улангасаад байгаа юм алга, гэхдээ миний амжилт ард түмний амжилт болно гэдэг утгаар бас болохгүй зүйлгүй гэж бодож байна.

- Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхийлөгчийн албыг хашиж дууссаныхаа дараа  ямар алба хаших вэ. Үнэндээ та Монголын төрд хашиж болох гурван том албан тушаалыг хашлаа. Буцаж намынхаа ажилд орох уу, давхар төлөвлөж байгаа зүйл бий юу?

- Манай том академичдийн нэг Дамдинсүрэн гуайтай азаар уулзаж, бас тоогдох хувь надад тохиож байлаа л даа. Дамдинсүрэн гуай намайг "Чи саваагүй байна" гэж байсан юм. Би бас жаахан эмзэглээд "Саваагүй гэнэ ээ" гэхэд. "Чи буруу утгаар нь ойлгоод байна. Бүх зүйлийг сонирхдог гэдэг чинь амьд байна аа гэсэн үг. Саваагүй байх юм бол чи ахиж дэвшиж чадна. Саваатай буюу гадас шиг байвал ямар байх нь ойлгомжтой шүү дээ" гэж байсан юм.

Түүний хэлж байсан утгаар бол би багаасаа шашин сонирхож, спорт, хөгжлийн асуудал гээд олон салбарыг сонирхдог байсан. Одоо бодохнээ моодноос түрүүлж яваад байдаг байсан ч юм уу. Тийм саваагүй байдлаасаа шалтгаалах юм бол Ерөнхийлөгчийн албаа өгсний дараа надад хийх юмаа олж ядах асуудал гарахгүй байх гэж бодож байна. Түүнд санаа зовоод "Одоо би юу хийнэ ээ" гэж бодох юм алга. Гэхдээ энэ нь өөрийгөө зугаацуулах үүднээсээ биш шүү дээ.

- Ер нь төрөөс олгодог шагналын асуудалд хүмүүс янз янзаар ханддаг л даа...

- Тийм ээ. Хүмүүс үүн дээр янз бүрийн байр суурьтай байдаг. Бид ч бас чухам яавал илүү байж болох вэ гэдэг дээр ярилцаж байгаа. Судалгааны хэсэг гараад ажиллаж байгаа. Миний хувьд гавьяат, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар гэсэн цолыг одоогоос ч цөөлж, илүү чансаатай болгож, үүнийг дагаад нэр хүндийг нь ч өсгөх хэрэгтэй юм болов уу гэж боддог.

Үнэхээр нийгэмд, хөгжилд хувь нэмрээ оруулсан хүмүүс нь хүртдэг шагнал байвал яасан юм гэж. Харин бусад медаль, одонг төрийн албанд зүтгэсэн жилээр нь олгодог байвал ямар вэ гэсэн санаа байдаг юм. Гэхдээ энэ асуудал дээр судалгааны баг ажиллаж байгаа, тэд бас нэгийг хэлэх биз ээ.

- Ерөнхийлөгч шагналаас гадна өршөөл үзүүлдэг эрхтэй. Долдугаар сарын 1-ний хэрэгт холбоотой хүмүүсийг өршөөчихөж болдоггүй юм уу?

- Өршөөл биш уучлалын асуудал юм л даа. Уучлал үзүүлэхийн тухайд бүх шатны шүүхүүдээс шийдвэр гарсны дараа тухайн хүн өргөдөл гаргаснаар авч хэлэлцдэг ёстой. Бас асуудлыг нэг, нэгээр нь оруулж хэлэлцэх ёстой юм билээ. Хоёр зуун хүн байсан ч бай, хоёр хүн байсан ч бай нэг нэгээр нь ярилцаж шийдэх ёстой. Гэмт хэрэгтэй холбоотой учраас бөөндөж болдоггүй. Энэ хэрэгтэй холбоотой уучлалын асуудлыг судалж байгаа. Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлыг жичид нь авч үзэж болох юм гэж би үзэж байгаа.

Гэхдээ энэ хэрэг дээр огт буруутангүй болж, замхарч алга болж бас болохгүй шүү дээ. Төр нь ч буруугүй, түмний зарим хүүхэд  ч буруугүй болчихвол бас юу болохов. Тийм ээ. Миний хамгийн гол бодож байгаа зүйл бол долдугаар сарын 1-нийх шиг явдал дахиж бүү гараасай билээ. Тэгэхээр уучлал үзүүлэх нь , эсвэл үзүүлэхгүй байх нь илүү сургамж болж чадах уу гэдгийг сайн тунгааж, судлах хэрэгтэй байгаа юм.

- Шинэ оны өмнөхөн бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

- Та бүхэнд ч ажлын амжилт хүсье.

Э.Энэрэл