Сонгуулийн дүн - VII/1 

Өршөөхгүй бол долдугаар сарын 1-нд болсон явдал юу ч биш болно шүү гэж хэлсэн

Өршөөлийн хууль батлагдана гэж олон ээж элгээ дэвтээж байгаа

Долдугаар сарын 1-нд үймээнд оролцсон хэргээр ял сонссон иргэдийн ар гэрийнхэн Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын түшээдтэй уулзах хүсэлтийг хэд хэдэн удаа хүргүүлж байсан.

Харин өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 100 хоногийнхоо тайланг тавих үеэр иргэдэд үг хэлэх боломж олдсон. Тэр үеэр нэгэн эмэгтэй "100 хоногийн тайланд чинь долдугаар сарын 1-ний үйл явдал яагаад орохгүй байгаа юм" гэсээр чанга дуугаар хатуухан үг хэлээд, индэр дээрээс хөөгдөж буусан билээ. Түүнийг Н.Мягмарсүрэн гэдэг бөгөөд нөхөр нь үймээнийг зохион байгуулсан, бусдыг дээрэмдсэн хэргээр хоригдож байгаа аж. Н.Мягмарсүрэн өглөөний 9.00 цагт нөхрөө эргэхээр явах гэж байхад нь уулзлаа.

- Та нэлээд яарч явах шиг байна. "Ганц худаг"-т эрт очиход нөхөртэйгээ тухтай уулзах боломж гардаг уу?

- Лхагва гаригт л уулзах боломжтой байдаг юм. Ханийгаа эргэчих санаатай хэдэн өдөр мөнгө хайж гүйлээ. Эртхэн очихгүй бол "Ганц худаг"-ийн үүдэнд урт дараалал үүсчихсэн байдаг юм. Шинэ жилийн баяраар хүүдээ жаахан идэх уух юм дөхүүлчих санаатай эхчүүд өглөө 8.00 цаг гээд л цуглачихсан сурагтай байсан. Баярын үеэр "Ганц худаг"-ийн харуул хамгаалалтыг өндөрсгөж, бэлэн байдал зарлачихдаг гэсэн. Тэгэхээр өнөөдөр нөхөртэйгээ шинэ жилээ тэмдэглэнэ дээ.

- Тэгээд баяр тэмдэглэх мөнгө олж чадав уу?

- 20 мянган төгрөг олох гэж их зовлоо. Эхний үед ч боломжоороо эргэчихдэг байлаа. Хоёр жаахан хүүхэдтэй, ажил хийхгүй болохоор амьдрал хэцүүдээд байна. Ах дүү, найз нөхдөөсөө гуйж урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л өнөө маргаашийг өнгөрөөж байна даа. Ийм харгис нийгэмд, ингэж амьдарна гэж төсөөлж ч байсангүй.

- Хүүхдүүд чинь аавтайгаа уулзаж чадсан уу?

- Том охин маань есөн настай. Бага нь хоёр ойтой юм. Хүүхдүүд маань аавыгаа санаад бэтгэрч байна. Охин маань аавдаа "Өршөөлийн хууль батлагдана гэж зурагтаар гарсан. Тэгэхээр та бид гурав дээрээ гүйгээд ирээрэй" гэж бичсэн захиа явуулж байлаа. Саяхан хоёр хүүхдээ аваад очсон. Эхэндээ бишүүрхээд ойртохгүй байсан. Явах болсон чинь салдаггүй уйлаад элэг эмтэрмээр юм билээ. Олон хүүхэд эцгийгээ, ахыгаа, ээжийгээ санаж бэтгэрч байгаа шүү дээ. Ядуу, зүдүү мөнгөгүй ч элэг бүтэн амьдрал л хамгийн сайхан нь юм байна. Улс төрийн бохир аргаас болж 300 шахам хүн шоронд орж, ар гэрийнхэн нь хамт яллагдаж байна шүү дээ.

- Та хоёр ямар ажил хийдэг байсан бэ. Нөхөр чинь долдугаар сарын 1-нд үймээнд оролцож, МАХН-ын байрыг галдан шатаасан гэдэг үндэслэлээр ял сонссон уу?

- Бид хоёр барилгын ажил хийдэг байсан. Нөхрийг маань А.Эрдэнэбаатар гэдэг. Долдугаар сарын 1-ний орой, МАХН-ын байр шатаад дуусаж байх үед Сүхбаатарын талбайн урдах автобусны буудал дээр ирсэн юм билээ. Тэгээд хонхны дэргэд хайрцагтай чихрийн цуглуулга байхаар нь нэгийг авсан гэсэн. Бас хүмүүс шилтэй архи бариад явж байхаар нь нэгийг гуйж авсан гэдэг. Тэгээд архи бариад зогсч байгаад баригдсан.

Би хөөцөлдөж байж маргааш нь нөхрийгөө батлан даалтад гаргаж байлаа. Гадуур байцаагдаж байгаад аравдугаар сарын 10-нд дахин баривчлагдсан. Чингэлтэй дүүргийн шүүхэд арваннэгдүгээр сарын 5-нд нөхрийг маань үймээнд оролцсон, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэдэг үндэслэлээр шүүж гурван жил, гурван сар хорих ял оноолоо.

- Давж заалдах хурал нь болсон уу?

- Өнгөрсөн мягмар гаригт болсон. Үнэнийг хэлэхэд би давж заалдах хурлын шийдвэрт маш их найдаж байсан. Нөхөр маань цагаадах байх. Ядаж л хэдэн хоногоор ч болов ялыг нь хөнгөлөх байх гэж хүлээж байсан. Гэтэл шүүгчид анхан шатны шүүхтэй адил шатсан байр л ярьсаар байгаад ялыг нь хэвээр баталлаа. Хүний амьдрал шийдэх байтал шатаад дууссан байрнаас өөр зүйлд харамсахгүй байгаа шүүгчдэд маш их гомдсон.

- Та бас Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд гомдож байгаагаа нэлээд хатуу хэлсэн байх аа?

- Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнах үед нь л Ерөнхий сайдтай уулзах ганц боломж гарсан. Гэтэл үймээний хэргээр ял авсан хүмүүсийн ар гэрийнхнээс бараг төлөөлөл оруулаагүй. Арай гэж уулзалтад нь ороод хэлж ярьж байгааг нь сонстол долдугаар сарын 1-ний талаар юу ч ангайхгүй байсан. Тэгэхээр нь индэр дээр гарч гурван өгүүлбэр хэлэх гэтэл хүмүүс "Наадахаа хориоч ээ. Баривчлаач, болиоч" гэх зэргээр хашгиралдаад эхэлсэн.

- Та ямар үг хэлчихсэн болоод хүмүүсийн дургүй хүрсэн юм бол?

- "Өнөөдөр Засгийн газар 100 хоногийнхоо ажлыг тайлагнаж байна. Гэтэл тэр 100 хоногт чинь болсон долдугаар сарын 1-ний үйл явдлыг яагаад ярихгүй байгаа юм бэ. Энэ нийгэмд эрх чөлөө гэж байна уу. Хууль чинь гууль болчихоод байна шүү дээ. Ийм харгис төртэй байвал долдугаар сарын 1-нд болсон явдал юу ч биш болно шүү" гэж хэлээд л хүмүүст хөөгдөж буусан.

Тэр уулзалтад МАХН-ыг дэмжигчдийг цуглуулсан нь хурлын уур амьсгалаас харагдаж байна лээ. Нэг дарга нь үг хэлэнгүүт бүгд нижгэнтэл алга ташаад л. Хурал тарсны дараа тэр хүмүүсийг Налайхын микроавтобусанд суулгаад явсан. Олон хүн Засгийн газарт үгээ хэлж, болж бүтэхгүй байгааг нь шүүмжлэх боломж олгож байгаа юм шиг харагдсан байх. Гэтэл дандаа өөрийнхөө хүмүүсээр Соёлын төв өргөөний суудлыг нь дүүргэчихсэн байсан.

- Долдугаар сарын 1-нд болсон явдал юу ч биш болно шүү гэж ямар утгаар хэлсэн бэ?

- Бид Өршөөлийн хууль батлахыг гуйж Төрийн ордны өмнө сар гаруй зогслоо. Иргэд биднийг дэмжиж байгаагаа илэрхийлж гарын үсэг зурдаг. Ардчилал үгүй болоод байгаад ард түмэн бухимдаж байна шүү дээ. Нэг намын байр шатсаны төлөө хэдэн зуугаар нь хорьсныг олон хүн эсэргүүцэж байгаа. Төр засгийнхан энэ янзаараа ажиллавал нэг л өдөр долдугаар сарын 1-ний үймээнээс ч илүү юм болно гэдэг утгаар л хэлсэн. Үнэхээр л иргэдээ гэж ажиллаж байгаа бол Өршөөлийн хуулийг нэг хоногийн өмнө боловч батлах хэрэгтэй.

- Өршөөлийн хууль баталсан ч зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдийг суллана гэсэн яриа байгаа шүү дээ?

- Аяганы алагаас агтны алаг нь дээр гэдэг. Ард түмнээ битгий алаг үзээсэй гэж бодож байна. Насанд хүрсэн эрчүүд ч маш олноороо хэлмэгдсэнийг шүүх хурлын мэдүүлэг, мэдээллийн хэрэгслүүдээс харж болно. Мэдрэл муутай, дүлий, хэлгүй хүнийг хүртэл үймээний хэргээр яллачихсан байгаа. Олон ээжүүд, эхчүүд нулимсандаа хатаж байна шүү дээ. Гэхдээ Өршөөлийн хууль батлагдана гэж элгээ дэвтээж байгаа. Тиймээс Өршөөлийн хуулиар бүх хүнийг л суллаасай гэж хүсч байна. Ялгавартай Өршөөлийн хууль гаргавал иргэд дахиад л тэмцэнэ.

Б.Цэцэгдэлгэр